М.Энхболд: Сонгуулийн тогтолцоог ард нийтийн санал асуулгаар шийдье

2015/04/07 20:31 788

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тогтолцооны талаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барихаар боллоо. Энэ талаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөрөн нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд намрын чуулганы завсарлагааны хугацаанд нийслэл, орон нутагт ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг танилцуулж, ард иргэдийн санал бодлыг сонссон. Энэ үеэр иргэдийн зүгээс хамгийн их тавьсан санал нь сонгуулийн тогтолцооны асуудал байжээ. Нөгөө талаас УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн тухай хуулийн төсөл багтсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө сонгуулийн тогтолцооны асуудлаа нэг мөр болгох ёстой гэсэн байр суурьт хүрснээ МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд онцоллоо. Тиймээс уг асуудлыг өчигдөр УИХ дахь намын бүлэг, өнөөдөр Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэний дүнд сонгуулийг аль тогтолцоогоор явуулах вэ гэдгийг ард нийтийн санал асуулгаар шийдэх нь зүйтэй гэж үзсэн байна.

МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ "Аль нэг намын санал болгосноор сонгуулийн тогтолцоог давамгайлж шийддэг байдлаар биш, иргэд, олон түмэн төр засаг, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа ямар сонгуулийн тогтолцоогоор эмхлэн  байгуулахаа өөрсдөө шийдэх нь зүйтэй. Энэ зарчмын дагуу Үндсэн хууль болон Ард нийтийн санал асуулгын хуульд заасны дагуу МАН-ын бүлгийн гишүүд Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байна. Үүний дагуу цэвэр мажоритар тогтолцоогоор сонгуулийг явуулах уу, эсвэл холимог тогтолцоогоор сонгуулийг явуулах уу гэдгийг ард иргэдээс асууж шийднэ. Энэхүү санал асуулгын үр дүнг Сонгуулийн хуулийн төсөлд харгалзан үзэж УИХ шийдэх ёстой. Ард түмэн төрийг эмхлэн байгуулахад оролцдог хамгийн гол субъект. Ямар арга хэлбэрээр, ямар тогтолцоогоор сонгууль явуулахаа ард түмэн шийдэг, харин УИХ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бусад хэм хэмжээг тогтоож, сонгуулийн шинэ хуулийг батлах нь зүйтэй" гэв.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Тавантолгойн асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?
М.Энхболд:

Эдийн засгийн хүндрэлтэй үед Тавантолгойг эргэлтэд оруулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн баримт бичигт Тавантолгой, Оюутолгой ордыг ашиглахдаа иргэд, олон түмэнд ил тод, парламентын хяналт дор, эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг муутгахгүйгээр цааш нь үргэлжлүүлэх арга хэмжээг шинээр байгуулагдах Засгийн газар хэрэгжүүлнэ гэж зөвшилцсөн. Энэ зөвшилцлийн хүрээнд Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар УИХ-ын зөвшөөрлийг авч байж энэ гэрээ байгуулагдах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Бид өчигдөр гэрээний талаар мэдээлэл сонссон. Бүлэг дээр ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Ард нийтийн санал асуулга явуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө орно. Үүнийг тооцож үзсэн үү?
С.Бямбацогт:

Ард нийтийн санал асуулгатай холбоотой асуудлыг бид зөвхөн өнөөдөр шийдэж байгаа юм биш. Бид чуулганы завсарлагааны хугацаанд нийслэл, орон нутагт ажиллахдаа Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ, Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэдэг талаар иргэдийн саналыг сонсож харилцан ярилцсан. Энэ үеэр хамгийн их анхаарал татсан асуудал бол сонгуулийн тогтолцоо байсан. "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл энэ заалт төдийлөн хэрэгжихгүй байна.

Намын нэрээр жагсаалтад орж УИХ-ын гишүүнээр сонгогддогийг болиулах шаардлагыг ард иргэд тавьж байсан. Тиймээс бүлэг, Удирдах зөвлөл хуралдаж энэ асуудлаар шийдвэр гаргалаа. Ард түмэн УИХ-д илгээх хүнээ өөрсдөө мэдэрч, мэдэж сонгодог байх уу, эсвэл намын жагсаалтаар сонгогддог байх уу гэсэн асуулт, хариулт нь тодорхой санал асуулга явуулна. Зургадугаар сард багтаагаад явуулах боломжтой. Богино хугацаанд хөрөнгө хүч бага зарцуулж зохицуулах боломжтой гэж үзэж байгаа.