МАН олон нийтийн дунд санал асуулга явуулна

2015/04/07 20:28 745

Өнөөдөр Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хурлаар МАН-ын удирдлага олон нийтийн дунд санал асуулга явуулахаар зэхэж буйгаа мэдэгдлээ.    

МАН-ын бүлэг сонгуулийн тогтолцоонд зарчмын тодорхой байр суурьтайгаар хаврын чуулганд оролцохоор шийджээ. Өөрөөр хэлбэл мажоритар болон одоо мөрдөж буй холимог тогтолцооны аль нь зөв талаар бүх нийтийн дунд санал асуулга зохион байгуулах гэнэ. Ингэхдээ санал авах автомат машиныг ашиглахгүй гэв.

Учир нь СЕХ санал асуулгыг хар машинаар явуулахыг  зөвшөөрөхгүй болов уу, энэ машины цаасыг хүртэл гаднаас авдаг гэж намын дарга М.Энхболд хэлсэн юм. Иймд санал асуулгын дүнг гараар толлно. Дараа нь сонгуулийн аль системийг ашиглах талаарх олон нийтийн санаа бодлыг Сонгуулийн тухай хуульд тусгуулахын тулд ажиллана гэв.    

Дашрамд хэлэхэд МАН одоогийн холимог тогтолцоог парламентын засаглалтай манай улсад тохирохгүй гэж үздэг. 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын 26 гишүүн намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон байдаг. Эдгээр иргэдийг улс төрийн нам нь тодорхойлдог тул тэд бүх ард түмний төлөөлөл болж чадахгүй хэмээн үзэж байна.