Тавантолгойн асуудалд АН-тай адил байр суурьтай байна

2015/04/07 20:25 764

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн бөгөөд өнөөдөр хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа 2014 оны төсвийн гүйцэтгэл, Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээний талаар хэлэлцжээ. Харин өнөө өглөө  намынхаа удирдах зөвлөлийн хуралдаанаараа сонгуулийг ямар системээр явуулах вэ гэдэг дээр асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. 

Ингээд ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ гэдгийг ард түмний дунд санал асуулга явуулж түүний дүнд үндэслэх нь зөв хэмээн шийджээ. Иймээс УИХ-д ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барихаар төлөвлөсөн байна. Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд “Аль нэг нам сонгуулийн тогтолцоог санал болгож, давамгай байдлаар шийддэг биш Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу ард иргэд өөрсдөө хийдэх нь зүйтэй. Цэвэр мажоритор, холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах уу гэсэн санал асуулгыг ард иргэдээс санал аваад Сонгуулийн тухай хуульд үр дүнг нь тусгана” хэмээн онцлов.

Харин таван толгойн асууддаар тэд, Эдийн засаг хүндрэлтэй үед Тавантолгойн орд газрыг ашиглах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн баримт бичигт Тавантолгой болон Оюутолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудлыг иргэд олон нийтэд ил тод, УИХ-ын хяналтанд, одоо байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг муутгахгүйгээр явуулна гэж тусгасан. Энэ зөвшилцлийн хүрээнд УИХ-д оруулж ирж танилцуулга хийж, зөвшөөрлийг авч байж энэ гэрээ байгуулагдах ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ.

Ийнхүү МАН-ын бүлэг Таван толгойн асуудлыг УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой гэсэн АН-ын бүлгийн  шийдвэртэй нэг байр суурьтай байгаа гэдгээ дуулгав.