Хариуцлагагүй ажилласан засгийн газарт хариуцлага тооцсон чуулган болсон

2015/03/23 18:49 661

УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболдтой ярилцлаа. 

-УИХ-ын намрын чуулган завсарлаад байгаа. Өнгөрсөн чуулганаар томоохон ямар ажлуудыг амжуулсан бол. Ер нь намрын чуулганыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

2014 оны намрын чуулган бол цаг хугацааны хувьд хариуцлагатай чуулган юм. Учир нь 2015 он бол сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөх улс орны бүтэн жилийн ажил амьдралыг зохицуулсан, эдийн засгийн томоохон асуултуудад хариулт өгсөн, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чуулган байх ёстой. Их хурал хэлэлцэх асуудлынхаа тодорхой хувийг шийдвэрлэж чадсан. Мэдээж шийдэрлэж чадаагүй асуудал ч шил даран үлдсэн. Ерөнхийд нь нэгтгэн дүгнэхэд өмнөх хоёр жилийн хугацаанд хариуцлагагүй ажилласан Засгийн газарт хариуцлага тооцож чадсан чуулган болсон гэж бодож байна.

Хоёрдугаарт, 2015 оны төсөв, төсвийн тодотголыг хэлэлцсэнээр энэ онд Монголын эдийн засгийн ерөнхий дүр зургийг зурсан чуулган болсон. Гуравдугаарт, Монгол Улсын эдийн засагт өнөөдөр тулгам- даад буй хямралт байдлаас гарах, эдийн засгийг сэргээхийн тулд гүйцэтгэх засаглалын байгууллага юу хийх ёстой вэ гэсэн зүг чигийг зааж өгсөн. Түүнчлэн эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах тал дээр анхаарч, зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан чуулган боллоо. 

-Намрын чуулганы хамгийн гол дуулиан бол Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, Шийдлийн хэмээх шинэ Засгийн газар байгуулсан явдал байсан гэдэгтэй санал нийлэх байх. Та хариуцлагагүй Засгийн газарт хариуцлага тооцсон гэлээ. МАН Засгийн газарт хамтрах болсон шалтгаанаа оны өмнө тодорхой тайлбарлаж засагт хамтрахаар болсноо мэдэгдсэн. Хамтрах болсон гол үүргээ биелүүлж чадсан уу. Өнөөгийн энэ нөхцөлд шаардлагуудаа хангаж чадаж байгаа юу?

Ч.Сайханбилэг Ерөнхий сай- даар томилогдсоныхоо дараа МАН-д хамтарч ажиллах санал ирүүлсэн. Засгийн газарт хамтрах шийдвэрийг намын удирдлагуудын хүрээнд яриад шийдчихсэн юм биш. Олон нийт, гишүүд, дэмжигчид, орон нутгийн намын байгууллагууд ямар санаа оноотой байна гэдэг дээр нэлээд ажилласан. Энэ бүгдийн үр дүнд засагт хамтарч ажиллах шийдвэрийг намын Бага хурлаас гаргасан. Хамгийн гол нь улс орны эдийн засгийн хямралт байдлаас гаргах үүднээс бид аливаа асуудалд бодитой хандаж, хамтран ажиллахгүй бол хоосон улстөржилтөөс нааштай үр дүн гарахгүй юм байна гээд улс орныхоо эрх ашгийг урьтал болгосон юм шүү. Нөгөө талаас нь харахад иргэдийн аж амьдрал, ахуй нөхцөл доройтсон.

Тиймээс намын эрх ашиг, сонгуулийн үр дүн гэхээсээ илүүтэйгээр хямрал, хүндрэлээс гарахын тулд хамтран ажиллах нь зөв юм гэдэг дээр санал нэгдэцгээсэн. Мөн иргэдийн амгалан тайван ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд улс төрийн хоёр том хүчин нэгдэж байж, улс төр, нийгмийн амьдралын орчин зөөлрөх болов уу гэж үзсэн болохоор Засгийн газарт хамтарсан. Манай нам Засгийн газарт хамтраад нэг их удаагүй байна. Бид УИХ дээр Засгийн газраас өргөн барьсан хуулиудийг үндсэнд нь дэмжиж байгаа. Гол нь эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Засгийн газарт хамтарсан. Гэхдээ Засгийн газар санасан хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй л байна. 

-Цаашид хамтарсан Засгийн газар ямар дорвитой зүйл хийгээсэй гэж намын даргын хувьд үзэж байгаа вэ. Эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг Засгийн газраас оруулж ирж батлуулсан. Төлөвлөгөөнд танай намаас тавьсан саналуудыг хэр дэмжиж байгаа бол? 

Бид УИХ-д 26 суудалтай улс төрийн хүчин шүү дээ. Улс төрийн ууган хүчин гэдэг утгаараа иргэдийн аж амьдрал, улс орны аюулгүй байдал дээр үргэлж санаа зовж ирсэн. МАН засагт хамтарснаас хойш гэлтгүй хамтраагүй байхдаа ч өмнөх Шинэчлэлийн нэртэй Засгийн газрын “ЭЗЭН 100” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд маш тодорхой долоон асуудлыг уг хөтөлбөртөө оруулаад яваачээ гэж санал болгосон. Харамсалтай нь бидний зүгээс өргөн барьсан долоон асуудлаас нэгийг нь ч хүлээж аваагүй. Харин оны өмнө хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн хүрээнд эдийн засгийг өөд нь татах хөтөлбөрийг гаргаж ажиллая гэж тохирсон.

Манай намын зүгээс эдийн засгийг хямралаас гаргахад нөлөө үзүүлэхүйц 50 гаруй тодорхой саналуудыг бэлтгэж Ерөнхий сайдад өгсөн. Гэвч Ардчилсан нам Байнгын хорооны хурал дээр эдийн засгийн хүндрэлийг давах хөтөлбөрийг дэмжээгүй. Тэд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд л явах ёстой гэсэн. Харин бид үүнийг хэлэлцэж хэрэгжүүлэх ёстой гэж байж УИХ-аар хэлэлцүүлсэн. Манай намын оруулсан саналын 80 гаруй хувь нь буюу 40 гаруй санал Эдийн засгийн хүндрэлийг давах туулах Засгийн газрын хөтөлбөрт туссан.

Засгийн газар болон холбогдох байгууллагууд үүн дээр ажиллаж байгаа. Үр дүн яаж гарахыг мэдэхгүй байна. Нэг зүйлийг хэлэхэд Засгийн газар шуурхай ажиллах ёстой. Харамсалтай нь Засгийн газар санасан хэмжээнд хүрч ажиллахгүй байна. Төсвийн зардлын хэмнэлтийг илүү танах боломж бий. Төсвийн сахилга батыг санасан хэмжээнд хүртэл мөрдөхгүй байгаа. Банкны салбарын үйл ажиллагаанд Засгийн газар шууд оролцох боломжгүй ч Монголбанк, Засгийн газар хоёр ойлголцож байж санхүү эдийн засгийнхаа гол механизмыг хөдөлгөх ёстой. Гэтэл өнөөдөр Монголбанкны хэрэгжүүлж буй ажил нь учир дутагдалтай байна. Бид бэлэн мөнгөний нийлүүлэлт дээр тодорхой бодлого баримтлах ёстой. Банкны зээлийн хүүгийн бодлого ямар байх ёстой вэ гэх мэт асуудлууд байсаар байгаа. Үүн дээр чангахан бодлого барьж байж хямралаас гарна гэж үзэж байна. Цаг үеийн асуудлууд дээр хоцорч байгаа зүйл бий.

Дөрөвдүгээр сарын дундуур хаврын тариалалтын ажил эхэлнэ. Гэтэл өнөөдөр бид гаднаас мөнгө оруулах тухай л яриад байдаг. Яагаад байгаа нөхцөл бололцоондоо тааруулан ажлаа явуулж болохгүй байгаа юм. Хаврын тариалалтыг ярих цаг болсон. Бүсчилсэн байдлаар зөвлөлгөөн семинар хийгээд тариланчдын санал бодлыг сонсох цаг болчихоод байхад Засгийн газар энэ тал дээр таг дуугүй л байна.

Харин ч тариаланчдын төлөөлөл болсон Цандэлэг, Р.Бурмаа сайд хоёрын хэрүүл үргэлжилж байх жишээтэй. 500 гаруй мянган тонн улаанбуудай авсан гээд нэг их өндөр тоо яриад байдаг. Тэгсэн хэрнээ хаврын тариалалтынхаа тухай дурсах ч үгүй байх юм. Мал аж ахуйн салбар ч мөн ялгаа байхгүй. Ноос ноолуураа самнаад эхэллээ. Тэднийг дэмжих юм уу, яах юм. Бид улсын төсөвт урамшуулалд 25 тэрбум төгрөгийг ярьж байгаад суулгасан. 2011 онд Монгол Улс 37 тэрбум төгрөгийг өрийн үйлчилгээнд зарцуулж байсан. Өнөөдөр харин 700 тэрбум болсон. 

-Өнөөдрийн бизнесийн орчин нөхцөлийн тал дээр ямар бодолтой байгаа вэ. Цаашид хэрхэн ажиллавал үр дүнтэй вэ? 

Монголын компаниудын өрийн сүлжээг задлах тал дээр Засгийн газар идэвхтэй ажилламаар байна. Манай улсын үндэсний хэмжээний томоохон компаниуд өөрийн үндсэн хөрөнгөөс илүү хэмжээний өрөнд баригдчихаад хөдөлж чадахгүй сууж байгаа нь үнэн. Засгийн газар энэ асуудалд анхаарч төрийн өмчийн болон хувийнх бай аль нь ч хамаагүй тэдний бизнес эрхлэх, хөдлөх нөхцөлийг бүрдүүлж тус нэмэр болох хэрэгтэй. Энэ компаниудыг өр зээлээс гарахад нь нэгдсэн журмаар ажил зохион байгуулж, гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр тэдгээр компанийн хувьцааны тодорхой хэсгийг арилжаалдаг, хувьцаа, үнэт цаас гаргадаг ч юм уу Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох газрууд нь нэгдсэн журмаар хөрөнгийн эх үүсвэрийн шинэ боломжийг нээх ёстой. Нөгөө талаасаа гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын компаниудад хөрөнгө оруулах сонирхлыг бий болгох гэх мэтээр арга хэмжээ авах шаардлагатай байна. Хувийн секторыг дэмжсэн тодорхой ажлуудыг хиймээр байна.

Жишээ нь, бид жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоё гэдэг хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг хэлэлцээгүй. Уг нь шийдээд явчих боломж бий. Улсын төсөвт их дарамт болж ирэхгүй. 10 хувийн татварыг нэг хувь болгоно гэдэг маань жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ямар их хөнгөлөлт, урам болно гээч. Энэ чинь л өөрөө эдийн засгийн хүндрэлээс гарах том боломж болно. Ийм зүйлүүдээ бодож боловсруулж, дахин хэлэхэд Засгийн газар илүү шуурхай ажиллах хэрэгтэй байна. 

-Хамтраагүй байхад бүү хэл хамтарсан байхад Засгийн газрын гишүүд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлдэг. Засгийн газар хангалттай ажиллаж чадахгүй байгаа гол шалтгаан нь юунд байна вэ? 

Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороон дээр “Хамтарсан нэрийн доор хааж хаацайлаад байх юм байхгүй шүү. Шалгадаг юмаа шалгаж, үздэг юмаа үзнэ. Оношоо бүрэн дүүрэн тавиагүй байж эдийн засгаа сайжруулна гэж байхгүй. Эдийн засаг юунаас болж муудсан юм. Түүнийг нь олоогүй байж юуг нь сайжруулах юм. Тэгж байж ажил явна шүү” гэдгийг хэлж байсан тэр байр суурин дээрээ одоо ч байгаа. Засгийн газар кабинетын зарчмаа алдаад ажиллаж чадахаа больчихлоо гэж дүгнэж байгаа хэрэг огтхон ч биш. Улс орныхоо ачааг үүрсэн Засгийн газрын нэг тал нь Ерөнхий сайд. Тиймээс энэ хүн санаачилга гаргаж, үүрэг даалгавар өгч, бусдыгаа сонсож ажиллах ёстой гэж байгаа юм.

Бизнес эрхлэгчидтэй уулзаад “Эдийн засагт нааштай зүйл гарах өнгө аяс байна уу” гэхэд “байна” гэж хэлж байгаа хүн цөөхөн байна. Монгол Улс чинь бүтээн байгуулалтын ажил хийдэг цаг хугацаа нь асар богинохон. Одоо хэдэн тендер зарлангуут зарласан тендерийг нь шүүхдэнэ. Тэрийг нь түдгэлзүүлнэ. Тэгж байтал зургаан сар болчихно. Тендерээ шийдэж чадаагүй байтал аравдугаар сар болоод энэ жилийн гадны болон төсвийн хөрөнгө оруулалтын ажил явахгүй. Тиймээс гаднаас хөрөнгө мөнгө олно гэж ярихын зэрэгцээ дотоодын нөөц боломжоо дайчлан ажиллаасай гэж байгаа юм. 

-Өнөөдөр дотоодын аж ахуйн нэгжүүд элгээрээ хэвтсэн байна. Үүн дээр Засгийн газар тусалж дэмжих ёстой гэж та хэллээ. 2014 оны намрын чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан. Уг хуулинд хувийн аж ахуй нэгжүүд гаднаас зээл авах юм бол Засгийн газарт хүсэлт гаргаж болно. Түүн дээр Засгийн газар харин баталгаа гаргаж өгнө гэсэн. Энэ нь өөрөө том дэмжлэг болох юм биш үү? 

Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх асуудлыг хамтарсан Засгийн газар байгуулах тухай хэлэлцээрийн үед ярьсан. Өрийн удирдлагын менежментийг тодорхой болгоё гэж тохирсны үндсэн дээр хуулийг баталсан. Үүн дээр хоёр гол асуудал байсан. Нэгдүгээрт, Засгийн газрын гаргадаг баталгааг ДНБ-ийн 20 хувь байлгая. Засгийн газрын өрийн төвшинг 70 хувь болгох, үүн дээр Засгийн газрын баталгааг нэмээд явъя гэдгийг бид зөвшөөрөөгүй. Үндсэндээ ДНБ-ий 90 хувьд хүртэл өртэй болох зүйлийг оруулж ирсэн болохоор МАН бүлэг зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн.

Хоёрдугаарт, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын авсан зээлийг Засгийн газрын өрөнд тооцох хуучин хууль бий. Шинэ хуулийн төслөөр Засгийн газар дээрх компаниудын өрийг Монгол Улсын өрөнд тооцоод Засгийн газрын өрөнд тооцохгүй байя гэсэн санал оруулсан. Энэ бол бизнес, бүтээн байгуулалтын зээл тул бид авч үзэх нь зүйтэй гэж шийдсэн. Өрийн удирдлагын тухай хуульд орсон өөрчлөлтөөр Засгийн газар тодорхой эх үүсвэрийг гаднаас оруулж ирэх нөхцөл боломж бүрдэж байгаа.

Гэхдээ урт хугацаатай, хөнгөлөлтэй зээлийн үйлчилгээний төлбөр, хүү нь бага зээлийг оруулж ирж өнөөгийн тавьчихсан өрийнхөө ачааллыг хөнгөлөх бодлого барих ёстой. Жишээлбэл, 2011 онд Монгол Улс 37 тэрбум төгрөгийг өрийн үйлчилгээнд зарцуулж байсан. Өнөөдөр 700 тэрбум болсон. Өрийн үйлчилгээнд зарцуулж буй энэ мөнгийг багасгана гэдэг маань ОУВС, Дэлхийн банк болон хандивлагч байгууллага, улс орнуудаас хөнгөлөлттэй зээлүүдийг оруулж ирээд арилжааны дахин санхүүжүүлэх байдлаар шийдвэл ачаалал хөнгөрнө. 

-Гэхдээ танай нам өр нэмэхгүй гэж байгаад өр нэмэх тал дээр яриад эхэлчих юм? 

Харин тийм яриа гараад байна. Бид өрийг нэмэгдүүлэхгүй гэдэг байр суурин дээрээ байгаа. Манай намынхан өрийн хүрсэн төвшин ДНБ-ий 58.3 хувь болжээ гэдгийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. Үүнийг хүмүүс өр нэмсэн гэж яриад байгаа. ДНБ-ий 40 хувь байх ёстой өрийн төвшин 58.3 хувь болжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Цаашид 58.3 хувиас дээш нэмэхгүй. Харин энэ төвшинг бууруулж 40 хувьдаа хүргэнэ шүү гэж байгаа юм. 58.3 гэдэг нь 2015 оны төсөвт батлагдсан өрийн дээд хязгаарын хэмжээ. Манай өрийн хэмжээ бодитоор ийм болчихсон байна. Үүнийг хүмүүс зөв ойлгоосой. Бид өрийн хэмжээг 40 хувь хүргэх тал дээр анхаарч ажиллана.

-Өнгөрсөн намрын чуулган дээр Ерөнхий сайд эдийн засгийн шинэчлэлийн бодлогуудаа оруулж ирж байсан. Өмч хувьчлалыг либералчилъя, төсөв батлахтай холбоотойгоор төрийн албан хаагчдын зардал, нийгмийн халамжийг хасъя гэж байсан. Өмнө нь төсөв батлахад орж ирж байгаагүй хэмнэлт байсан. МАН-ын даргын хувьд Ерөнхий сайдын эдийн засгийн шинэчлэлийн асуудлыг хэрхэн харж байгаа вэ? 

МАН зүүний хүчний нам тул цалин тэтгэвэр, нийгмийн халамжийн асуудалд анхаарал тавьж ирсэн. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд төр, засгаас нийгмийн асуудалд тавих анхаарал суларчихлаа гэж ерөнхийд нь дүгнэж байна. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдын цалин 92 мянган төгрөг байсныг 300 мянгөн төгрөг болгож нэмэгдүүлж байсан. Тэгэхдээ улсаа өрөнд оруулж, нэг ч төгрөгийн зээл тавиагүй.

Гэтэл өнгөрсөн жил тэтгэвэр, тэтгэмжийг таван хувь нэмсэн байх жишээтэй. Нөгөө талаас Засгийн газар нийгмийн асуудлуудыг нь авч үздэг механизмаа өөрчилсөн. 2013 онд Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулаад нийгэм, эдийн засгийн болон хүн амын өрхийн амьжиргааны судалгаа, хүн амын нөхөн үржихүй, эрүүл мэнд, хүүхэд хөгжлийн төвшинг тодорхойлдог судалгаануудыг нэгтгэх, эсхүл улирал тутам гардаг судалгааг гурван жилд нэг удаа гаргах гэх мэтээр нийгмийн чиглэлд тавих анхаарал суларсан.

Ерөнхий сайдын төсвийн тодотгол дээр оруулж ирсэн саналаас төрийн данхайсан бүтцийг багасгая, төсвийн зардлыг танахыг бид дэмжиж байсан. Харин нийгмийн чиглэлд зарцуулах мөнгийг хасна гэдэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсаа өрөнд бариулж, эдийн засгаа уналтад оруулчихаад түүнийгээ шууд ард түмний нуруунд үүрүүлж болохгүй. Эхлээд данхайсан бүтцээ багасгах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын тоо хоёрхон жилийн дотор 20 мянгаар нэмэгдсэн. Яагаад 180 мянган хүрсэн төрийн албан хаагчдын тоог 10 мянгаар цөөлж болохгүй гэж.

-Эдийн засаг хүнд байгаа энэ үед одонтой эхчүүдийн мөнгө, хүүхдийн мөнгийг хасвал хүндрэлээс гарахад хэр нэмэр болох юм? 

Нэгдүгээрт, энэ чинь маш бага хэмжээний мөнгө. Хоёрдугаарт, хүнд өгч байсан зүйлийг нь өгөхөө болино гэдэг амаргүй. Ялангуяа хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн мөнгө жирэмсэн болон амаржсан эхчүүд, ахмад настнуудад өмнө нь төрөөс үзүүлж байсан дэмжлэг, тэтгэлгийг бид хуучин байсан хэмжээг нэмж чаддаггүй юм аа гэхэд одоогийнх нь төвшинд байлгах ёстой гэдэг байр суурийг баримталж ирсэн. Төсвийг зардлыг хэмнэх тал дээр ч бид унааны болон бичиг хэргийнхээ зардлыг хассан. Гадаад томилолтоо багасгах гэх мэтээр явж байна. Энэ мэтчилэн төрийн байгууллагын зардлыг дахин багасгах ч боломж бий.

Анх Ерөнхий сайд эдийн засгаа өөд нь татахын тулд төсвийн зардлыг хэмнэх ёстой гэж том юм ярьсан. Хоёр жилийн хугацаанд 20 мянгаар нэмэгдсэн төрийн албан хаагчийг хоёр мянгаар бууруулъя л гэж байгаа юм. Эдийн засгийн хүндрэлээс гаръя гэж байгаа бол шууд 2012 оны төвшинд хүргэж чаддагүй юм аа гэхэд сүүлийн хоёр жилд нэмэгдсэн орон тоог 50 хувь бууруулж, зардлаа хэмнэн данхайсан бүтцээ жаахан хөнгөн болгоод цаашаа явах ёстой гэж үзэж байна.

-Урт хугацаандаа эдийн засаг тогтвортой байхын тулд урт хугацааны тогтвортой бодлоготой байх ёстой. Тэгэхгүй бол уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гайгүй бол эдийн засаг гайгүй байдаг нэг салбараас хараат байдалд орчихлоо л доо. Урт хугацаанд эдийн засгаа тогтвортой байлгахын тулд бид өнөөдөр юу хийх ёстой юм? 

Үүнийг маш их ярьдаг хэдий ч төр засаг хийж хэрэгжүүлэх тал дээрээ хойрго ханддаг. Жишээлбэл, 2008 онд батлагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг стратегийн баримт бичиг боловсруулахад эрдэмтэд оролцон судалгаа хийж, УИХ-аас баталсан улс орны хөгжлийн ирээдүйн талаар баримтлах баримт бичиг мөн үү гэвэл мөн. Түүнээс хойш эдийн засгийн нийгэмд гарсан өөрчлөлтийг тусгаад тодотгох шаардлага тулгарсан.

Гэтэл цогц бодлогыг тодотгоогүй, хэрэгжүүлэх талд нь ч анхаараагүй. Аль нэг улс төрийн хүчин засгийн эрх барихаараа хуучин явж байснаас нь өөрчилдөг. Ийм байдал манай улсын эдийн засгийг туйлдуулах гол шалтгаан болж байна. Бид зорилтоо тодорхой тавих ёстой.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Манай С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл бий. Зөвхөн Их хурлын гишүүдийн баталсан 51 хувиар биш арай өндөр босгоор баталдаг, өөрчлөх боломжийг нь хаасан хууль батлах учиртай. Үүн дээр улс төрийн намууд өөрсдийн саналыг хэлнэ биз. Ийм байдлаар хөгжлийн бодлогын асуудлыг ярих нь зөв. Тэгэхгүйгээр гарч ирсэн Ерөнхий сайд, улс төрийн хүчин богино хугацааны тулгамдсан асуудлуудыг шийдээд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг баримтлахгүй болгочихоод байна. 

-Эдийн засгийг хүндрэлээс гарах тал дээр хүлээгдэж буй Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд гэх мэт хэд хэдэн томоохон төсөл байна. Гарцууртын ордыг ашиглах асуудал, Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулсан өөрчлөлт нь сүүлийн үед асуудал болоод байгаа. Гацууртын ордыг ашиглалаа гэхэд Ноён уулын булш бунхан яах вэ? 

УИХ бол 50-аас дээш хувийн ирцтэйгээр хуралдаж асуудлаа шийдвэрлэдэг дэгтэй. Чуулган өндөрлөх дөхөөд ирэхээр төр засгийн ажлыг хаврын чуулган хүртэл хүлээлгэхгүйн тулд хүссэн хүсээгүй шахагддаг. Цаг хугацаа давчуу болохоор чуулганы сүүлчийн өдөр нэлээд олон асуудлыг хэлэлцсэн. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Үүнийг буруу зүйл болчихлоо гэж бодохгүй байна. Энэ хууль батлагдсанаар ашиглалтын лиценз авсан аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний боломжийг олгож байгаа юм. 395 лицензээс 130 орчимд нь олборлох эрх нь нээгдэж байгаа. Усны эх бүрдэх газар, ойн сан бүхий газарт олборлолт явуулахгүй гээд хуучин заалт нь хэвээрээ байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ нь цаанаа нөхөн төлбөрийн том асуудалтай юм билээ. Тухайлбал, татварын байгууллага Урт нэртэй хуулиар эрх нь түтгэлзсэн лицензийн нөхөн төлбөрийг төлөхөд 2.2 их наяд төгрөг төлнө гэсэн тооцоо гаргасан байна.

Улсынхаа жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг төр аж ахуйн нэгжүүдэд төлөх боломж байна уу үгүй юу. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчилснөөр зарим зүйлийг илүү ч чангалсан байж магадгүй. Нөхөн сэргээлтийн асуудал дээр гэхэд нөхөн сэргээлтийн төлбөрийг урьдчилан 100 хувь дансанд төвлөрүүлж байж олборлох ажлаа эхэлнэ гээд заачихсан. Гацууртын ордын хувьд ард иргэд талцах маягтай байна.

Нэг ордын асуудал дээр зарим нэг улс төрчид нь тэднийг дэмжээд нөгөө хэсэг нь дэмжихгүй байгаа юм шиг хандан асуудлыг хурцатгаж болохгүй. Хамгийн гол нь үнэн бодитой үнэлэлт дүгнэлтүүдийг нь өгөх ёстой юм. Уул уурхайн яамнаас Их хуралд танилцуулснаар одоогийн олборлох гэж байгаа газар ямар нэгэн Хүннүгийн үеийн олдвор байхгүй гэдгийг нотолсон. Яг Ноён уулыг ухаж булш бунхан хэрэгсүүрүүдийг нь хөндөх гэж байгаа бол хамгаалах ёстой.

Бид ч гэсэн түүнийг хамгаалахын тулд ярих ёстой. Гэхдээ Гацууртын асуудал тодорхой биш байна. Улсын Их хурлаар дахин орно. Намрын чуулганаар Гацууртын ордын 20 хувь нь төрийн эзэмшлийн хувь оролцоотой байна гэснийг УИХ зөвшөөрөөгүй. Тэгэхээр Засгийн газар энэ асуудлаа дахин боловсруулах шаардлагатай. Цаашид улс орны эдийн засагт нэмэр болохуйц уул уурхайн олборлолтыг явуулах ёстой юу гэвэл, явуулах ёстой. Түүх соёлын дурсгалт газруудаа дээрээ хадгалах, хамгаалах арга хэмжээг авах ёстой. 

-Тэгвэл Тавантолгойн ордыг ашиглах тал дээр ямар байр суурьтай байгаа юм? 

Тавантолгойн хувьд Засгийн газар хэлэлцээр хийх гээд оролдож байна. Гэхдээ хамгийн сүүлд авсан мэдээллээр хоёр сарын хугацаатай хойшилсон гэж байна. Бид намын бүлэг дээр энэ талаар сонссон. УИХ-д өргөн бариагүй байгаа тул энэ тал дээр эцсийн шийдвэр гаргах хэмжээнд хүрээгүй.

Миний ойлгож байгаагаар одоогийн Засгийн газрын төсөл нь учир дутагдалтай санагдаж байгаа. Нэгдүгээрт, Тавантолгойн ордын тодорхой хэсгийг хүн амынхаа нэлээд хэсэгт 1072 хувьцаа болгоод олгочихсон. Зарим нь сургалтын төлбөр, ахмадуудад нэг сая төгрөг хэлбэрээр болж очсон байх жишээтэй. Гэхдээ хоёр сая гаруй хүний эрх ашиг тэнд байгаа. Одоогийн гэрээ хэлэлцээрээр 1072 хувьцааг амьдруулах, бодит үр шимийг нь хүртэх боломж бололцоог хэрхэн тусгасныг сайн мэдэхгүй байна. Асуухаар Тэгэлгүй яахав” л гэж байгаа юм. Ер нь бол хувьцаа түүний ногдол ашгийг хаанаас олгодог вэ гэхээр аж ахуйн нэгжийн ашгаас олгодог. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай оператор компанид Тавантолгойн орд газрыг олборлосны цэвэр ашиг нь үлдчихээд байгаа юм.

Тэнд үлдсэн мөнгө Монголын хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болохгүй. Тавантолгой бол Стратегийн орд газар. Стратегийн орд газарт тавигдсан тодорхой заалтууд бий. 51 үү, 34 хувь уу гээд төр хайгуул хийсэн үгүйгээс хамааран төрийн эзэмшлийн хувь хэмжээ янз бүр байна. Харамсалтай нь энэ шаардлага хангагдахгүй байгаа. Хөрөнгө оруулалтын шаардлага хангагдахгүй байгаа тохиолдолд энэ гэрээг явуулах боломж байхгүй. Өөр нэг асуудал нь мэдээж төмөр замын дэд бүтцийн асуудал. Төрийн бодлогын баримт бичиг дээрээ төмөр замын дэд бүтэц төрийн өмчид байх ёстой гээд заачихсан.

Гэтэл энэ нь төрийн мэдлийнх биш. Энэ асуудлыг өнөөдөр мөрдөж буй хууль эрх зүйдээ нийцүүлэх ёстой. Хууль эрх зүйд нийцүүлээд хийчих гарц боломж байгаа гэж хараад байгаа. Аяндаа Их хурал руу ороод ирэхэд гишүүд байр сууриа илэрхийлэх байх. Стратегийн ач холбогдол бүхий энэ орд нь Монгол Улсын 30-40 жилийн аж амьдралд нөлөөлөх том төсөл шүү дээ. Хуучин дагаж мөрдөж байсан хуульд Стратегийн салбарт хөрөнгө оруулах тухай хуульд 100 саяас дээш хэмжээний хөрөнгө оруулалтыг УИХ-аар оруулж байх ёстой гэсэн хуультай байсан. Энэ утгаар нь аваад үзсэн ч гэсэн Их хурлаар заавал оруулж ирэх ёстой. 

-Тавантолгойн асуудлыг заавал Их хурлаар оруулалгүй Засгийн газрын төвшиндээ шийдээд явах боломжтой. Ядаж л цаг хугацаа алдахгүй гэж байна. Гэтэл та УИХ-ын чуулганаар оруулах ёстой гэж байна? 

Засгийн газар түргэн шуурхай ажилладаг юм бол Их хурлаас 2014 оны наймдугаар сард гаргасан шийдвэрийн дагуу Тавантолгойн гэрээг байгуулаад нүүрсээ олборлоод ашиг орлогоо олоод явах нь яасан юм. Харамсалтай нь тэгж чадахгүй байна. Уг нь түргэн шуурхай ажиллах ёстой ч тэгж ажиллахгүй байна. Нөгөө талдаа Тавантолгой бол стратегийн том орд.

Би өмнө нь Ерөнхий сайд байхдаа Тавантолгойг ашиглах тал дээр тодорхой гэрээний төсөл хийгээд Их хуралд өргөн барьж байсан. Энэ байдлаар нь аваад үзэхээр Их хурал ямар нэгэн байдлаар ярих ёстой. Хэдийгээр өнөөдөр 76 гишүүн янз бүрийн нэр хоч зүүж байгаа ч гэсэн ард түмэн энэ 76 нөхөр улс орныг аваад яваа гээд итгэл хүлээлгэчихсэн юм. Засгийн газар бол УИХ-ын өмнө үүрэг хариуцлагаа хүлээж байгаа байгууллага. Их хурлаас энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм бол асуудлыг нь оруулаад ир гэхэд л Засгийн газар оруулж ирэх ёстой. Тэгээд ч Их хурал энэ асуудлыг хэлэлцлээ гээд удаашруулаад байхгүй. Ярих юм байвал мэдээж яриад болно гэвэл цаашаа явна болохгүй гэвэл засвараа хийгээд явчихна.

-Монгол Улс Гацууртын ордоос 200 сая ам.доллар олно гэж байсан ч олон улсын Арбитрын шүүх дээр “Ханресурс”-ын асуудлаас болоод 100 сая ам.долларын төлбөрт уначихлаа. Тэгэхээр тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой юм уу, арбитрын шатанд явахдаа процедурын хувьд хариуцлагагүй хандсанаас болоод ялагдчихав уу?

2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталж уран олборлох, хайгуул хийх лицензүүд цуцлагдсан. Дахин сэргээх асуудал нь шинэ хуульд туссан зүйл заалттай нийцсэн үгүй эсэх дээр холбогдон шийдэгдэж байсан юм. “Ханресурс” компанийн хөрөнгө оруулсан охин компани болох “Төв азийн уран” гэх компани Монголын “Монатом” компанитай хамтран хайгуулын болон ашиглалтын хоёр лицензийг ашиглах талаар гэрээ хэлцэл хийсэн байсан. Тухайн үеийн Цөмийн энергийн газар энэ гэрээ хэлцэл нь шинээр батлагдсан хуульд нийцээгүй байна гэж үзээд лицензийг нь цуцлах арга хэмжээ авснаас болж асуудал үүссэн. Монголын хууль хяналтын байгууллагаар хянагдаад Улсын Дээд шүүхийн Засгийн газар болон Цөмийн энергийн газар асуудлыг зөв шийдсэн гэсэн тогтоол гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн шийдвэртэй асуудал юм.

Өнөөдөр эдийн засаг хүнд байхад 100 сая ам.доллар гадны байгууллагад төлөх болчихлоо. Олон улсын Арбитрын шүүх дээр Монгол Улс миний санаж байгаагаар анх удаа л ялагдаж байна. Бид 5-6 удаа Арбитрын шүүх дээр очиж байсан байх. Тэгэхэд Монголын талын асуудал зөв байжээ гээд бид үргэлж ялж байсан. Олон улсын Арбитрын шүүхэд хэрэг хариуцагч ч бай нэхэмжлэгч ч бай аль нэг тал нь гурвын шүүгчийн нэгийг нь өөрсдөө сонгож байгаа. Наад зах нь тэр хүндээ юм аа ойлгуулах, тэр хүнээрээ шүүх бүрэлдэхүүндээ асуудлаа зөв тайлбарлуулах тал дээр Монголын төр шаардлагын хэмжээнд хүртэл ажиллаж чадаж байна уу гэдэг асуудал “Ханресурс”-ын маргаантай холбоотойгоор хөндөх ёстой гэж үзэж байна. 

-Монгол Улсад хууль хэрэгжихгүй байгаа гол шалтгаан нь төрийн төлөвшилтэй холбоотой. Төрийн төлөвшил нь гэдэг улс төрийн намын төлөвшил болж таараад байгаа юм. Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтын асуудлыг хаврын чуулганаар шийдэх сурагтай. Гэсэн хэдий ч өнөөдөр байгаа Улс төрийн намын тухай хуулиа улс төрийн намууд өөрсдөө мөрдөхгүй байна? 

Хууль хэрэгжүүлэхгүй бол хариуцлага хүлээх ёстой. Одоогийн мөрдөж буй улс төрийн намын тухай хуульд хуулийг хэрэгжүүлээгүй бол намын даргад тийм тийм хариуцлага тооцно гээд заачихсан. Өнөөдөр манай нам болон бусад улс төрийн хүчнүүд энэ хуулийг зөрчлөө гээд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэсэн зүйлийг сонсоогүй.

Бид санхүүгийн хувьд харьцангуй ил тод. Сонгуулийн дараа санхүүгийнтайлангаа өгдөг газар нь шууд өгдөг. Сонгуулийн санхүүгийн тайланг шалгасан байгууллагууд нь “Болсон байна” гэдэг хариуг ирүүлдэг. Өнөөдөр намын санхүүжилт гишүүдийн татвар, намыг дэмждэг хүмүүсийн хандив, түрээсийн орлого байдаг бол тэр орлогоос бүрддэг. Намын гүйцэтгэх дээд байгууллагынхаа төвшинд жилийнхээ төсвийг төлөвлөж, гүйцэтгэлийг хэлэлцэн баталдаг. Улс төрийн намын тухай хууль болон намын санхүүжилтын асуудлыг өөрчлөх шаардлага байна уу гэвэл бий. Илүү ил тод болгож боловсронгуй болгох асуудал байна.

Ер нь улс төрийн намуудыг дэмжих иргэдийн тоо нэмэгдэж, нам л биш бол дэмжинэ гэсэн хандлага анзаарагдаж байна. Дэлхийд намгүйгээр улс төрийн тогтолцоогоо бүрдүүлж буй ямар улс байна вэ? Янз бүрийн тогтолцоотой улс орнууд ямар нэг хэмжээгээр намын тогтолцоотой байж төр засгаа эмхлэн байгуулдаг. Намыг төлөвшүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулах чухал асуудал мөн. Ингэж байж төрийн нүүр царай дээшилж ажил явах ёстой. Дээр хэлсэн дээ, “Ханресурс”-ын асуудлаас болоод яагаад Арбитрын шүүхэд Монгол Улс ялагдал хүлээчихэв гэхээр шүүхэд улсаа төлөөлж очсон байгууллагын төлөөлөл ажлаа муу хийж байна гэсэн үг. 

-Сонгуулийн дараа намууд тайлангаа өгдөг нь тодорхой. Улс төрийн намуудын сонгуулийн биш ердийн үеийн тайланг аль намынхыг хайгаад олдоггүй. Улс төрийн нам холбогдох албан тушаалтан аудит хийлгэж, санхүүгийн тайлангаа мэдээлээгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг? 

Санхүүгийн тайлан ямар байгууллагын өмнө ил тод байх ёстой вэ тэр хэмжээндээ л байх ёстой. Бид бүх зүйлийг ил тод байх ёстой гээд айл гэрийн дотоод амьдралыг интернэтэд тавих ёстой гэдэггүй биз дээ. Намыг төлөөлж буй болон гүйцэтгэх дээд байгууллагууддаа ил тод байгаа. Хуулиар эрх олгогдсон байгууллага намын санхүүг шалгая гэвэл үзүүлэх баримт нь бэлэн бий. Төрийг бүрдүүлж байгаа улс төрийн намуудад төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагаа явуулах бололцоог хангадаг байх ёстой. Энэ нь хуулиар хэмжээ хязгаартай ч байх ёстой. 

-Яагаад иргэд улс төрийн намд итгэх итгэл нь суларч байна вэ? Намуудын төлөвшлийг хэрхэн сайжруулах бэ? 

Улс төрийн намууд өөрсдөө намын төлөвшилдөө анхаарч, сайжруулах тал дээр ажиллах ёстой. Бид гэхэд өнгөрсөн онд МАН-ын дунд хугацааны хөгжлийн стратеги гэсэн баримт бичиг боловсруулсан. Үүнийгээ хэрэгжүүлэх тал дээр бид ажиллаж байгаа. Орчин үеийн улс төрийн нам ямар байх ёстой, олон түмэнд үйл ажиллагаагаа хэрхэн хүргэх ёстой гэх мэт зүйлүүдийг ээлж дараатай хийх дунд хугацааны хөтөлбөрийг бид боловсруулсан. Дунд хугацааны хөгжлийн баримт бичигтэй анхны улс төрийн хүчин бол манай нам юм.

Үүнийгээ бусад намуудад үлгэр дуурайл болгон бусад намууддаа үзүүлэх бодолтой байгаа. Өөрсдөө намуудад ирээд санал бодлоо илэрхийлдэг боломжийг бид нээж өгсөн. Цаанаа хүлээх хариуцлагагүй бол хэн ч гэсэн популизм хийж болно шүү дээ. Тэгэхээр нам гэдэг улс орныг авч явах бүхэл бүтэн нэгдсэн бодлоготой, нэгдмэл байр суурьтай үзэл бодолтой хүмүүс Их хуралд байна. Энэ хүмүүс хариуцлагатай юм ярих хэрэгтэй. Тэр хариуцлагаар нь ард түмэн өөрт нь дүн тавьдаг. Ингэж л бид хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. 

-Парламентын сонгуулийн тогтолцоо улс төрийн намуудын төлөвшилд тодорхой нөлөө үзүүлдэг гэж судлаачид үзэж байна. Мажоритар системээр сонгууль явуулбал улс төрийн намуудын төлөвшилд сөрөг нөлөөтэй гэх зүйл яригдаж байх юм. Учир нь тухайн гишүүн тойргоос сонгогддог тул дараа нь намдаа захирагддаггүйгээс эхлээд сул талууд байна. Сонгуулийн тогтолцоо ямар байх ёстой юм? 

Олон жил мажоритар тогтолцоогоор Их хурлын олон сонгууль явагдсан. Пропорционалиар орж ирсэн хүмүүс нэг шугамд жагсаад байгаа нь хаана байгаа юм. Манай намын бүлэг дээр гэхэд асуудалд олон талаас нь хандаж, хамгийн их ярьдаг хүн Ц.Нямдорж гишүүн. Пропорцоналийн жагсаалтаар л орж ирсэн хүн.

УИХ-ын гишүүн гэдэг хүн ямар ч шугамаар орж ирсэн байр сууриа илэрхийлдэг байх хэрэгтэй. Мэдээж нам тодорхой бодлого чиглэл гаргаж захирагдах зүйл байна. Гэхдээ нам тэрхүү бодлогоо гаргахдаа сонгогдсон хүмүүсийнхээ үгийг сонсож байж гаргах ёстой. Олонхиороо шийдсэн асуудал дээрээ нэгдээд явах нь зөв. Монгол Улс шиг өргөн уудам нутагтай, иргэд нь тархан суурьшсан ийм оронд, монгол хүний зан сэтгэхүйд нийцсэн зөв хувилбар нь мажоритар систем гэж харж байгаа.

Бид мажоритар системд тулгуурласан бодлогуудыг 2016 онд явагдах Сонгуулийн тухай хуулиндаа тусгах ёстой гэж бодож байна. Ганц МАН үүнийг хүсээд байгаа юм уу гэхээр бас тийм биш. Хөдөө орон нутгаар иргэдтэй уулзаж байхад ард түмэн юу гэж ярьж байна. Жишээлбэл, том эдийн засгаар явах уу, хумисан эдийн засгаар явах уу гэдгээ иргэдээс мессежээр асуусан. Сонгуулиа яаж явуулах вэ гэдгээ тэгвэл мөн тэгээд асуучих л даа. Иргэд юу гэж байна вэ гэхээр нүүрээ авч ирж харуулсан, хийх ажлаа танилцуулсан хийсэн, өрсөлдөөд гарсан хүн нь Улсын Их хуралд суудаг зарчмаараа яваа л гэж байгаа юм. Намын даргын сонголтоор намын жагсаалтад бичигдсэн хүмүүсийг цаашид дахин сонгох хэрэггүй юм аа гэдэг зүйлийг хэлж байна.

Өнөөгийн нөхцөл байдалд аль алийг нь гомдоохгүй гэсэн шиг холимог тогтолцоогоор явж байгаа л даа. Эцэс нь хэлэхэд мажоритар тогтолцоогоор явах нь зөв гэж хэлье. Сонгуулийн үйл ажиллагааг боловсронгуй болгох тал дээр хийгдэж байгаа олон зүйл бий. Сонгуулийг автомат машинаар тоолж байгаа нь зөв ч гэсэн үүнийгээ хяналттай болгомоор байна. Улс төрийн намууд нэгэнт л хүнээ нэр дэвшүүлж байгаа бол намуудын хяналтаа сайжруулах ёстой гэх мэт маш тодорхой байр суурийг баримталж Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд байр сууриа илэрхийлж оролцоно. 

-Зарим судлаачид Засгийн газар Их хурлынхаа өмнө дэндүү хүчин мөхөсдөж байна. Их хурал нь хүссэн үедээ Засгийн газрыг огцруулдаг, шаардлага тавьдаг. Засгийн газрын гишүүд, сайд нарыг томилохдоо УИХ-аар хэлэлцдэг нь гүйцэтгэх засаглалынхаа бие даасан байдлыг алддаг гэж байна. Цаашид энэ хэвээрээ явбал засаг болон хөрөнгө оруулагчид тогтворгүй байх нөхцөл болох юм биш үү?

Энэ нь өөрөө Үндсэн хуулийн асуудал. Үндсэн хуулиас төрийн тогтолцоотой асуудлаар авахаар зүйлс их бий. УИХ-ын өмнө Засгийн газар ямар үүрэг хариуцлага хүлээдэг юм. Ялангуяа орон нутгийн удирдлагуудыг сонгох, өөрөө удирдах ёсны оролцоо гэх мэт зарчмыг бий болгосон зэрэг сайн элементүүд байгаа. Манай улс 20 гаруй жил энэ Үндсэн хуулийг дагаж мөрдөж ирлээ. Үндсэн хуульд тодорхой хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн тогтолцооны хэсэгт өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж боддог. Монгол Улс парламентын засаглалтай л юм бол парламентынхаа тогтолцоог улам боловсронгуй болгох чиглэл рүү явах ёстой. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын хүрээнд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг тодорхой болгон ажиллаж боломжоор хангах шаардлагатай. Гэхдээ хариуцлага хүлээлгэх механизмыг тодорхойлох хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Их хурлаас байгуулан ажиллаж байна. Удахгүй улс төрийн намуудын удирдлагууд хаврын чуулган эхлэхээс өмнө ажлын хэсгийн ажилтай танилцана. Монгол Улс хоёр шатлалтай парламентын тогтолцоо руу явах боломжтой юм шиг харагдаад байгаа.

Манай орон тусгаар улсын хувьд орон нутгийн удирдлага албан ёсоор төв Засгийн газрынхаа удирдлагатай уялдан холбогдож нэгдсэн бодлогоо ярьдаг хууль ёсны байгууллага үндсэндээ алга болчихсон. Хуучин АИХ гэж байхад бүх орон нутгийн төлөөлөл ирээд энэ улсын ирээдүйн таван жилийн амьдрал ийм байна гэдгийг тодорхойлдог байсан. Хурал дээр сонссон үгээ ажил болгох тал дээр анхаарахад илүү хүчтэй байдаг. Төсвийн хэлэлцүүлэг дээр ч гэсэн орон нутгийн удирдлагуудыг авч ирдэг байсан бол сүүлийн хэдэн жил бүр больсон.

Дээрээс нь жаахан юм хуваарилаад Орон нутгийг хөгжүүлэх санд чинь энэ дуслыг өглөө юугаа хийхээ ИТХ- аараа шийд гэдэг болсон. Ярьж байгаа зүйл нь шууд ардчиллыг бий болгон, иргэдээсээ шууд хөрөнгө оруулалтын саналыг нь авч байна. Иргэн та сумандаа юу хийхээ өөрөө хэлээд яриад өг гээд байгаа. Болж байгаа нөхцөл нь үүнийгээ улам л хумьсан байдалтай. Үүн дээр бодитой өөрчлөлтийг хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа шүү. 

-Засгийн газар гэдэг бол Ерөнхий сайд. Ерөнхий сайд өөрөө кабинетын зарчмаа хадгалан Их хурлын өмнө хариуцлагаа хүлээдэг. Харин салбарын сайд нартаа өөрөө хариуцлагаа тооцоод явдаг. Сүүлийн үед сонгодог парламентын засаглалтай орнууд энэ чиглэл рүүгээ явах нь зүйтэй гэж байна. Энэ талаар жаахан дэлгэрүүлэхгүй юу. Манайд бол танхимын зарчим алдагдаад байна гээд байгаа? 

Сонгодог гэдэг үгийг хэрэглэхдээ таны хэлж байгаа энэ талаас нь биш парламентын сонгодог зарчим гэдгийг Ерөнхий сайд эргүүлээд Их хуралдаа асуудлыг ярьдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд парламентад дуугардаг эрхтэй байж “Үүнийгээ би зөв гэж бодож байна” гэдэг утгаар нь сонгодог гэдэг үгийг хэрэглэсэн юм шүү. Та болохоор сонгодог гэдэг үгийг Засгийн газар кабинетын зарчмаар Ерөнхий сайд бүгдийг нь аваад явах ёстой гэж байна. Энэ нь Монголын нөхцөлд Засгийн газар хэврэг л байх болов уу. 

-Харин ч нэг хүний гарт зангидагдаад хэдэн тийшээ хараад суудгаа больчих юм биш үү? 

Өнгөц харахад тийм л байх. Жишээ нь би улс төрийн таван намын даргыг оруулсан Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байсан. Өөр өөрсдийн үзэл бодлоор зөрөлдөж маргалдах зүйл байдаг л юм. Гэхдээ Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргахдаа нэгдмэл байр суурьтай л гаргаж байлаа.

Тэр таван намын дарга Ерөнхий сайд нөхөр Энхболд миний асуудлыг тэгээд шийдчихлээ гээд кабинетын зарчмыг алдагдуулаад явсан удаагүй. Тиймээс сайд нар нь парламентын өмнө хариуцлагаа хүлээх ёстой. Тэр нь зөв байх. Ганцхан Ерөнхий сайд хариуцлага хүлээгээд явбал нэгдмэл байдал илүү хангагдах ч парламентын өмнө ямар ч асуудал байсан Ерөнхий сайд л хариуцах болно. Одоо бол Засгийн газар гэдэг байгууллагад ажиллаж байгаа хүн Их хуралд орж ирээд тайлангаа тавьж байх ёстой. Нөгөө утгаараа ёсолж байх ёстой гэдэг утгаар хандаад байгаа юм. Ямар сайндаа чуулган завсарлахад “За хоёр сар тайван ажлаа хийе” гэж сайд нар хэлж байх жишээтэй. Ажлыг нь хийх боломж бололцоог олгох тал дээр бид боломжийг нь өгч байгаа нь хариуцлагыг сулруулж байгаа хэрэг огтоос биш юм. Хариуцлага алдвал яах юм гэдэг нь хуульд тодорхой заасан байх ёстой.

 

Info.mn