МАН-ын дарга М.Энхболд казах иргэдэд хүндэтгэл үзүүллээ

2015/03/20 18:48 692

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар Наурызын баярыг тохиолдуулан казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад төрийн өндөр албан тушаал хашиж явсан болон одоо хашиж байгаа хүмүүс, ахмад, дунд, залуу үе, Налайхад амьдардаг казах иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирэв.

МАН-ын дарга М.Энхболд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, амьдран суугаа нийт казах иргэддээ МАН-ын Удирдах зөвлөл, намын мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн тэрээр "Хатуу өвлийг давж, дулаан улиралтай золгож, үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлэгшээн тэмдэглэдэг Наурызын баяр нь Монголын казах иргэд ёс заншил, уламжлал соёлоо өвөрмөц онцлог, агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж,  хадгалж ирсний  бодит илрэл юм.  ЮНЕСКО биет бус соёлын үнэт өвд бүртгэж, жил бүрийн гуравдугаар сард олон улсын Наурызын баярыг тэмдэглэхийг тунхаглан зарласан байдаг.

Монгол Улсын төр засгаас ч ач холбогдол өгч энэхүү баярын өдрийг Баян-Өлгий аймагт амралтын өдөр болгохоор хуульчилсан юм" гэлээ. Тэрээр эх орноо хөгжүүлэхэд казах түмний оруулсан хувь нэмрийг төр засаг ямагт өндөр үнэлж байдгийг онцлоод Шадар сайдаар ажиллаж байхдаа үндэсний өдөр тутмын мэдээллийг казах түмэн төрөлх хэлээрээ хүлээн авч үзэх боломж бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байснаа энэ үеэр дурсаж байлаа.

Наурызын баяраар МАН-ын удирдлагуудын зүгээс казах иргэдийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд тэд талархал илэрхийллээ.