Тэрбээр хэлсэн үгэндээ “… Монгол цэргүүд маань өнөөдөр эх орноо үнэнчээр батлан хамгаалах их үйл хэргийн зэрэгцээ Энхийг сахиулах ариун үйлсэд өргөнөөр оролцон дэлхийн халуун цэгт алдар суугаа мандуулж явна. Энэ бол монгол цэрэг дэлхийн цэрэг болсны тод жишээ юм. Өнөөдөр улс орныг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл, номлол шинэчлэгдэн, Зэвсэгт хүчний хөгжилд зарчмын томоохон өөрчлөлтүүд хийгдэж, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж чадсан.
Зэвсэгт хүчний болон бусад хүчний байгууллагын албан хаагчдын орон сууцны хангалтын асуудал, сургалтын асуудал, цалин, тэтгэвэр, нэмэгдэл гэх мэт нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд МАН санаачлагч нь байж, идэвхтэй оролцож ирсэн бөгөөд цаашид ч хийхээр төлөвлөсөн олон ажил, боломжууд байгаа. Энэ чиглэлээр манай нам тодорхой, бодитой алхмууд хийж, хэрэгжүүлэх болно” гэдгийг онцоллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд Б.Мөнхбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Х.Булгантуяа, МАН-ын Хууль эрх зүй, аюулгүй байдлын бодлогын газрын дарга Д.Мөрөн, Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга Д.Даваасүрэн, МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн С.Төмөр-Очир, Нийслэлийн МАН-ын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Б.Баатарзориг нар оролцлоо.
Түүнчлэн Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, Тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын албанд ажиллаж байсан бэлтгэл болон чөлөөнд байгаа 800 гаруй ахмад, түүний дотор 22 генерал оролцсон юм.
Ойн баярыг тохиолдуулан МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнолын одон, Эх орны төлөө, намын Тэргүүний ажилтан, Ахмад зүтгэлтэн тэмдэгээр нийт 40 гаруй хүнийг шагнаж урамшууллаа. Мөн энэ үеэр Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж мэндийн цэнхэр хадаг өргөн барьсан юм.
1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол ардын журамт цэргүүд Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан учир энэ өдрийг Ардын цэргийн баяр болгон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага хурлын тогтоол 1946 онд гарч, цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгосон байдаг.
Түүхэн тэмдэглэлт энэ өдрийг Ардын журамт цэрэг, Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, Зэвсэгт хүчний баярын өдөр, Зэвсэгт хүчний өдөр хэмээн тэмдэглэж байгаад Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдөр өөрчлөлт оруулж “Монгол цэргийн өдөр” болгон Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэж байх тэмдэглэлт өдөр болгосон түүхтэй.
Монгол цэргийн өдөр нь зэвсэгт хүчин болон цагдаа, тагнуул, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гээд эх орондоо тангараг өргөж, мөрдөс зүүж, онцгой үүрэг биелүүлж хэрэгжүүлдэг хүчний бусад байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхний баярын өдөр юм.