“Морьтой” алдартнуудыг ХАКҮХО ТЭРГҮҮЛЛЭЭ

2015/02/12 18:03 1147

Улиран одож буй “ялгуусан” хэмээх модон морин жилийн “Оны алдартан”-ууд тодорч, өчигдөр шагналаа гардан авцгаалаа. Амжилт бүтээл, авьяас билгээрээ монгол түмнээ манлайлсан тэдгээр алдартнуудыг үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонин уламжлал ёсоор тодруулсан юм.

Гэвч энэ зөвхөн “Өнөөдөр”-ийнхөнд хамаатай, хийх ёстой үүрэгт ажил төдий биш билээ. Ард түмнийхээ санал асуулгаар, салбар салбарын төлөөлөл болсон 100 эрхэм хүмүүний сонголтоор шалгаруулдаг учраас жил жилийн оны алдартнууд хэзээд Монголын бахархал байсаар ирсэн. Тухайн жилд хэн, юу бүтээсэн бэ, ямар гавьяа байгуулав гэдгийг бид биш, монголчууд өөрсдөө нэрлэдэг учраас энэ бол хэсэг бүлгийн эрх ашиг, хэн нэгний санаа зорилгоос ангид, хамгийн шударга шалгаруулалт болдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг.

Хэнтий аймгийн Хэрлэн I сургуулийн сурагч Э.Хонгорзул өнөө жилийн “Оны алдартан”- ы шалгаруулалтад залуу дуучин П.Баярцэнгэлийг нэгдүгээрт нэрлэсэн нь түүний л сонголт. Охин өөрийнхөө хувьд шилдэг гэж бодсон хүнээ л нэр дэвшүүлсэн хэрэг. Эндээс дээрх шалгаруулалтын хэр шударга, ардчилсан зарчимтай гэдэг нь тодорхой харагдана. Сайн, саар хоёр ээлжлэн солбилцдог хорвоогийн жамаар монголчууд морин жилд олон салбарт өөдтэй өнгөтэйг ч дуулж, өрөөл гажууг ч туулж нэгэн он тооллыг үдэж байна. Гэхдээ бид амны бэлгэтэй ард түмэн. Тэрхүү амны бэлгээс ашдын бэлэг үүдэж, хориодхон хоногийн өмнө Монгол Улс гурван сая дахь иргэнээ тосон аваад буй. Үүнтэй адил гэрэл гэгээтэй, чихэнд чимэгтэй олон сайхан үйл явдал морин жилд тохиосны, монголчууд “морьтой” байсны бодит гэрч “Оны алдартан”-ууд, тэдний төлөөлөл өчигдөр “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” танхимд цуглав.

Японы мэргэжлийн сүмогийн түүхэн дээд амжилтыг эвдэн, 33 дахь түрүүгээ аваад буй Хакүхо М.Даваажаргал бусдаасаа хол тасархай оноогоор “Оны тэргүүн алдартан” боллоо. Тэргүүн алдартны араас Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж, дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, гурван сая дахь иргэн Х.Монголжин, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн М.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, академич Х.Намсрай, дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, УИХ-ын дарга З.Энхболд гэсэн есөн эрхэм эрэмбэлэгдэн жагсчээ.

Морин жилийн морь өдрийн морь цагт эхэлсэн ёслолын арга хэмжээнд өөрийн биеэр хүрэлцэн ирж амжилгүй, төлөөллөө явуулсан алдартан цөөнгүй байв. Тухайлбал, “Оны тэргүүн алдартан”-аар шалгарсан Хакүхо М.Даваажаргал эх орондоо хараахан ирээгүй байгаа тул түүний ах М.Батхуяг дүүгийнхээ батламжийг гардаж авлаа.

Төрийн гурван өндөрлөг ч улс орны хувьд хойшлуулшгүй чухал асуудлаар гадаад, дотоодод ажилтай байсан тул төлөөлөл болгож зөвлөхүүдээ явуулсан байв. Хүндэтгэн үзэх томоос том шалтгаантай бас нэг алдартан бол Х.Монголжин. Улсынхаа гурван сая дахь иргэн болж мэндлээд сар ч хүрээгүй байгаа охиныг нь монголчууд “Оны алдартан”-аар өргөмжилснийг дуулаад Э.Хатанболд ихээхэн баяртай байсан.

Гэвч бяцхан үр, нялх биетэй эхнэрээ халамжлах үүрэгтэй учраас яалт ч үгүй Х.Монголжингийн нагац эгчийг явуулж, батламжийг нь авахуулсан юм. 14 жилийн тэртээх усан могой жилд анхны “Оны алдартан”-аа шалгаруулснаас хойших энэ хугацаанд 13 удаа шөвгөрсөн цорын ганц хүн бол УИХ-ын дэд дарга, МАНын дарга М.Энхболд. 13 жилийн турш “Оны алдартан”- аар өргөмжлөгдөнө гэдэг бөхөөр бол дархан аваргын дайтай амжилт.

Харин өөрөө энэ талаар сэтгэгдлээ хэлэхдээ “Улс төрийн замналаар явахдаа миний хийж бүтээсэн бүхнийг түмэн олон ойлгож, дэмжиж, үнэлдгийн жишээ энэ шалгаруулалт гэж ойлгодог. Бас хувь хүний зан чанар минь ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан би “Өнөөдөр” сонины энэхүү шалгаруулалтыг хамгийн шударга гэж боддог.

1990-ээд оны сүүлчээр Монголд олон байгууллага, аж ахуйн нэгж, нийгэмлэг “Оны алдартан” шалгаруулдаг байсан. Цаг хугацаа, үнэн мөнийн шалгуураар одоо ихэнх нь байхгүй болж. Харин ард түмнийхээ төлөөлөл болсон, нийгмийн янз бүрийн давхаргаас бүрдсэн 100 хүний саналаар шалгаруулдаг энэхүү “Оны алдартан” өнөө ч тасралтгүй үргэлжилсээр байгаа нь ямар нэр хүндтэй болохын илэрхийлэл” хэмээсэн.

Өнөө жилийн шалгаруулалтад оролцсон 100 эрхэм нийтдээ 97 хүнийг “Оны алдартан”- д нэр дэвшүүлсний дотор спортын салбарынхан илүү жин дарж байв. Түүнчлэн “Оны алдартан”-уудын араас эрэмбэлэгдсэн удаах 10 эрхмийн дунд монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө хавдрын эмнэлэг байгуулж өгсөн

Ажиа гэгээн, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга Д.Мөнхзул, Холливудын кинонд дүр бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан, найман дүүгээ галын аюулаас аварсан есөн настай Н.Азжаргал охин, “Эко жаал” С.Буянхишиг нар багтсан нь шинэ цагийн шинэ монгол баатрууд гэлтэй.

Та бүхний хүсэл зорилго, амжилт бүтээл, санаачилга, зүтгэл бүхэн Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт эргэлзэхгүй байна. Дараа жилийн өдийд дахиад л монголчуудынхаа олон олон баяр бахдалтай үйл явдлын тухай зураглах гээд сэтгүүлч бид сууж байх биз ээ.

Морин жилийн “Оны алдартан”-уудынхаа, тэднийг төлөөлөн ирсэн хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.

М.БАТХУЯГ: Элчин сайд Хакүход энэ баярт мэдээг дуулгах үед охиных нь төрсөн өдөр байсан

Хакүхо М.Даваажаргалын ах М.Батхуягийг дүүгийнхээ батламж, цомыг гардаж авах үеэр цөөн хором ярилцлаа.

-Таны дүү “Өнөөдөр” сонины “Оны алдартан”- аар олон удаа шалгарч, энэ жил “Оны тэргүүн алдартан” боллоо. Сэтгэгдлээ хуваалцана уу?

Алдар цуутай олон хүн дүүд минь саналаа өгч, итгэл найдвар хүлээлгэж байгаад баярлаж байна. Дүүтэйгээ холбогдож амжаагүй, тэргүүн алдартан болсон тухай нь мессеж бичиж үлдээсэн. М.Даваажаргал өнөөдөр (өчигдөр) хандивын барилдаанд оролцоод завгүй яваа.

-Хакүхо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгох болсон гэж дуулсан. Тэрбээр хэрхэн хүлээж авсан бэ?

Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар энэ баярт мэдээг дуулгах үед түүний охины төрсөн өдөр тохиож байсан учир давхар баяр болсон болов уу. Даваажаргал Сар шинийн баярын өмнөхөн эх орондоо ирнэ.
-Хакүхо багадаа ямар хүүхэд байсан бэ. Та хоёр хоорондоо барилддаг байв уу?

Сахилгагүй шар хүү байсан. Бид хоёр их ноцолдоно оо. Гэрийнхээ ор, тавилгыг хүртэл эвдэлж байлаа. Ах нь юм гэсэндээ би дийлдэг байгаад сүүлд Япон руу явахынх нь өмнө ноцолдоход ялагдсан шүү.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Хамгийн шударгаар явуулдаг шалгаруулалт

Төрийн тэргүүний “Оны алдартан”-батламжийг гардаж авахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны дарга П.Сайнбилэг ирсэн юм. Ерөнхийлөгч түүгээр дамжуулан талархал ирүүлснийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөдөр” сониноос жил бүр уламжлал болгон тодруулдаг оны алдартнуудын энэ удаагийн шалгаруулалтад аман хүзүүдлээ. Тэрбээр шагнал хүлээн авсан төлөөлөгчөөрөө дамжуулан манай сонины хамт олонд талархал дэвшүүлсэн юм. Үүнд “Хэн нэгний санаа зориг, үзэл бодол, улс төрөөс үл шалтгаалан нийгмийн давхарга бүрийн төлөөллийн саналаар явуулдаг хамгийн шударга шүүлттэй шалгаруулалт бол “Өнөөдөр” сонины “Оны алдартан” байдаг. Улиран одож буй модон морин жилд Монгол Улс маань ололт амжилтаар дүүрэн байлаа. “Өнөөдөр” сонины хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” гэжээ.

Б.УРГАМАЛЦЭЦЭГ: Алдар хүндийг илүү их ажиллаасай, амжилт гаргаасай гэж өгдөг(Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх)
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өнөөдөр” сонины алдартнаар тодорлоо. Түүний өмнөөс алдартны өргөмжлөлийг нь гардаж авсан та сэтгэгдлээ хуваалцана уу?

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ард түмний төлөөлөл саналаа өгч, “Оны алдартан”- аар нэрлэсэнд маш их талархаж байна. Яг энэ мөчид Ерөнхий сайд маань Япон улсад ажлын айлчлал хийж яваа. Түүний нийгмийн асуудал хариуцсан зөвлөх би алдартны өргөмжлөлийг өмнөөс нь гардаж авлаа. Саяхан байгуулагдсан Засгийн газрын тэргүүнийг ард түмэн алдартнаар нэрлэсэн нь цаашид олны хүсэл зорилгод нийцсэн, амь амьжиргааг дээшлүүлэх шийдлүүдийг гаргаж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулаарай гэсэн ерөөл гэж бодож байна.

-Ерөнхий сайдад “Өнөөдөр” сонины алдартнаар тодорсон мэдээг нь дуулгасан уу?

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт түүнтэй утсаар холбогдож алдартан болсон мэдээг нь дуулгасан. Ерөнхий сайд өнөө орой (өчигдөр) эх орондоо ирнэ.

-“Өнөөдөр” сонин 14 дэх жилдээ алдартнуудыг санал асуулгаар шалгаруулж байна. Энэ шалгаруулалтыг та хэрхэн дүгнэдэг вэ?

“Өнөөдөр” сонины алдартны шалгаруулалтыг нийгмийн хүрээнийхэн бүгд мэднэ. Ард түмэн дундаасаа алдартнуудаа нэрлэх боломжийг “Өнөөдөр” сонин олгож байна. Алдар хүндийг илүү их ажлаасай, амжилт гаргаасай гэж өгдөг. Энэхүү шалгаруулалтыг уламжлал болгон зохион байгуулж буй танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Г.АМАРЗАЯА: Гурван сая дахь иргэн төрүүлсэн эгчдээ баярлалаа

Хамгийн бяцхан “Оны алдартан” Х.Монголжингийн шагналыг гардаж авахаар нагац эгч Г.Амарзаяа нь ирсэн юм. Монголжингийн ээж Г.Аззаяагийн дүү түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өөрийгөө товчхон танилцуулаач. Дүүгээ гурван сая дахь иргэн болно гэж бодож байв уу?

Тэгж бодож байгаагүй ээ. Статистикчид 2015 оны нэгдүгээр сарын 24-28-нд гурван сая дахь иргэн төрнө гэж тооцоолж байсан юм билээ. Тэгтэл манай дүү 24-ний 08.25.27 цагт төрсөн. Сэтгэгдэл маш их өндөр байна. Гурван сая дахь иргэн төрүүлсэнд, бас эсэн мэнд амаржсан эгчдээ баярлалаа. Бид эхээс хоёулаа. Эгч найм, би зургаатай байхдаа ээжээсээ хагацсан. Бид жирийн л нэг малчин айлын хүүхдүүд.

Хорвоо дээр хоёулхнаа болохоор их дотно. Сургуульд анх орсноосоо хойш төгстөлөө эгчтэйгээ нэг ангид сурч байсан. Манай эгч дунд сургуулиа төгсөөд үсчин, гоо сайханч болсон. Харин би ХААИС-ийн газрын үнэлгээний ангид хоёр дахь жилдээ суралцаж байна.

-Ингэхэд чи эгч, дүү дээрээ очсон уу?

Би дүүгээ харж амжаагүй. Хичээл эхлэх болсон тул Монголжинг төрдөг өдөр эгчдээ шөл хийж өгчихөөд наашаа гарсан. Цагаан сарын амралт тааруулаад, нэмээд хичээлээсээ 2-3 өдрийн чөлөө аваад харина даа. Төрсөн хүн тэнхэртлээ бүтэн жил болдог гэж сонссон. Дүүгээ сайн бойжуулахад нь эгчдээ тусална аа.

-Ах, эгч нь шинэ байрандаа орсон болов уу?

Байраа очиж үзсэн гэж ярьж байсан. Орсон, үгүйг нь сайн мэдэхгүй байна. Дүү жаахан байгаа болохоор байнга утсаар ярьж чаддаггүй. Ямартай ч манай хоёрын бие сайн байгаа гэсэн.

С.ТАМИР: Ард түмэн Н.Алтанхуяг гишүүнийг дэмжсээр байгааг харууллаа (УИХ-ын гишүүн н.Алтанхуягийн туслах)

“Өнөөдөр” сониноос тодруулдаг оны алдартнуудад тамирчин, эрдэмтэн, гурван сая дахь иргэн маань ч багтсан байна. Санал асуулгад оролцсон эрхмүүд шинэлэг сонголт хийсэн юм уу гэж харж байна. Н.Алтанхуяг даргыг нэлээд дээгүүр нэрлэжээ. Ерөнхий сайд байхаа больсон ч олон нийт энэ хүнийг дэмждэг, дэмжсээр байгаагийн илэрхийлэл нь энэ боллоо. Хувьдаа их баяртай байна.

Х.НАМСРАЙ: Шинжлэх ухааны салбараас хоёр дахь “Оны алдартан” тодорч байгаа нь би болов уу

-Энэхүү “Оны алдартан”-ы шалгаруулалтыг би тухайн хүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлэхийн зэрэгцээ эх орноо сурталчлах, нэг ёсондоо түүхийн бичлэг гэж боддог. Яагаад гэвэл 30, 50 жилийн дараа ямар түүхтэй, ямар хүмүүс амьдарч, бүтээлээ туурвиж, алдаршиж байсан юм бэ гэдгийг харуулна. Шинжлэх ухаан гэдэг бол нарийн түвэгтэй.

Ялангуяа онолын судалгааны ажлыг олон түмэнд сурталчлах, ярих “Би ийм зүйл хийчихлээ шүү” гэж хэлэхэд түвэгтэй. Ард түмэн маань шинжлэх ухааныг хүндэтгэж намайг морин жилийн алдартнаар тодруулсанд маш их баяртай байна. Шинжлэх ухааны салбараас хоёр дахь “Оны алдартан” тодорч байгаа нь би болов уу. Өмнө нь академич Ш.Бира гуай тодорч байсан гэж санагдаж байна.

“Оны алдартан”-аар шалгаруулж байгаа нь зөвхөн Х.Намсрай биш, миний ард байгаа олон залуу, эрдэмтэн, судлаач нарт их нөлөөтэй, тэдэнд түлхэц, хайр хишиг олгож байгаа гэж би хувьдаа үздэг. Залуучуудыг орчин үеийн шинжлэх ухаанд сургах, тэднийг хүмүүжүүлэх, өөрийнх өө арга барилыг эзэмшүүлэх, дэлхийн түвшинд хүргэх талаар ажиллаж байгаа.

Манай шавь нар их авьяастай, АНУ, Итали, Япон зэрэг олон оронд амжилттай ажиллаж байгаа. Гайхамшигтай сайхан бүтээл туурвиж байгаа надаас илүү залуус олон бий. Тэд маань энэ алдрыг авахыг хүсэн ерөөе.

-Та эгэл бөөмсийн урсгалын бүтцийг тогтоож, түүнийгээ ”Намсрайн дөхөлт” гэж нэрээр дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлсэн. Таны бүтээлийг хэдэн орны эрдэмтэн ашиглаж байна вэ?

Дэлхийн бүх номын сангаар ороод Намсрай гэсэн хайлт хийхэд бүтээлүүд минь гарч ирдэг. Үүнд их бахархалтай байдаг. Энэ бол ганц миний биш, Монголын ард түмний оюуны бүтээл гэж би үздэг. Ямар ч дурын их, дээд сургуулийн номын санд ороод харахад бүтээл, ном нь байж байна гэдэг нь нийтийн хүртээл болж байгаа хэрэг.

-Та морин жилд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон авсан. Өнөөдөр (өчигдөр) “Оны алдартан”-ы нэгээр шалгарлаа. Энэ жил олз омог ихтэй байлаа. Ирэх хонь жилд юу хийж бүтээхээр зорьж байна вэ?

Эрдэм шинжилгээний ажлыг “За би энийг бүтээнэ” гэж хэлэх хэцүү. Гэхдээ шаргуу хөдөлмөрлөөд, бодоод байвал бүр санаанд оромгүй, төлөвлөснөөс илүү гайхамшигтай зүйлд хүрдэг зүй тогтол бий. Монголын ард түмэн маань сар шинэдээ сайхан шинэлж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, сайн сайхан явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

М.ЭНХБОЛД: Эдийн засагт нааштай өөрчлөлт гарвал МАН Засгийн газарт орсны утга учир биелэх болно (МАН-ын дарга)
-Та олон жил “алдартан” боллоо. Сэтгэгдлээ хуваалцана уу.

Юуны өмнө “Өнөөдөр” сонины хамт олон, энэхүү санал асуулгаар тодорсон морин жилийн алдартан болон намайг нэрлэсэн хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Хоёр оны заагт хамт олон, байгууллага тухайн жилийнхээ ажлыг дүгнэж, ирэх жилийнхээ амжилт, зорилт юу байх вэ хэмээн ярилцдаг сайхан уламжлалтай. Энэ бол хүмүүний ёс. “Өнөөдөр” сонины “Оны алдартан” шалгаруулдаг энэхүү санал асуулга арав гаруй жилийн турш тасралтгүй болж байна.

Үүгээрээ ч олон түмний анхаарал татсаар ирсэн. Тухайн сонин шууд тодруулах, эсвэл аль нэг цахим хэрэгслээр санал асуулгүй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, төрөл бүрийн салбарын хүмүүсийн нэрлэснээр шалгаруулдаг нь ийн олон жилийн турш тасралтгүй явж ирэхэд хүрсэн гэж бодож байна. Гарч байгаа хонь жилдээ ажил үйлс нь бүтэмжтэй, ард түмний аж амьдрал өөдөө, эдийн засаг нь ахисан, сайн, сайхан өөрчлөлттэй байгаасай гэж хүсэж байна.

-МАН Засгийн газарт хамтарсан нь өнгөрөгч оны онцлох шийдвэр байсан биз ээ.

Морин жилд Монголын улс төрийн амьдрал амаргүй байсан. Эдийн засгийн өсөлт уруудаж, биднээс гадна олон улсын болон судалгааны байгууллагууд байдал бишдэж буйг хэлж, цаашид ч үргэлжлэхийг анхааруулж байсан. Тиймээс бид тухайн үед ажиллаж байсан Засгийн газартай хариуцлага тооцохыг шаардсан.

Бид Засгийн газарт орохын төлөө хариуцлага тооцоогүй. 2012 оны сонгуульд хамгийн олон суудал авсан АН-ын нөхөд МАН-аас бусад намтай хамтарч Засгийн эрх барина гэсэн бодлогоо үргэлжлүүлж, үлдсэн хугацаанд алдаагаа засаж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байсан. Гэсэн хэдий ч шинээр томилсон Ерөнхий сайд Ардын намд удаа дараа санал, хүсэлт тавьсан.

Энэ нь ард иргэдийнх нь амьдрал нүдэн дээр илт доройтож, эдийн засаг уналтад орж байхад “үгүй” гэх аргагүй байсан. Тиймээс ч бид эрсдэлтэй байсан ч хамтрах саналыг нь хүлээн авч, хоёр сар гаруй ажиллаж байна. Гэхдээ бүх зүйл санаснаар болж байгаа юм биш. Юутай ч цаг хугацааны явцад нааштай ахиц, өөрчлөлт гарна гэж найдаж байна.

Үүний төлөө ажиллана. Бид хамтрахдаа ярьж, зөвшилцсөн зүйл бий. Үүнийгээ л хийх ёстой. Хийж, үр дүнд хүргэж чадвал эдийн засагт нааштай өөрчлөлт гарна. Ингэж чадвал МАН Засгийн газарт орсны утга учир биелэх болно.

Г.БОЛДБААТАР: Олны итгэлийг амжилтаар хариулна
-“Оны алдартан”-аар тодорсон баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

“Өнөөдөр” сониноос жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Оны алдартан”-ы нэг болсондоо маш их баяртай байна. 2014 онд гаргасан амжилтыг маань олон түмэн үнэлж есөн алдартны нэгээр тодруулсан болов уу.

Энэ амжилт бол ганцхан миний ч бус манай жүдогийн хамт олон, багш дасгалжуулагч нарын маань нөр их хөдөлмөрийн үр дүн л дээ. Олон түмнийхээ итгэлийг амжилтаар хариулахын төлөө бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, хичээнэ ээ. Энэ дашрамд Булган нутгийнхаа зон олонд энэ өдрийн мэнд хүргэе.

-Та “Оны алдартан” тодруулах санал асуулгад улсын арслан Н.Батсуурь, Н.Түвшинбаяр, С.Цэрэнчимэд нарыг нэрлэсэн. Дээрх тамирчдыг нэрлэхдээ ямар шалгуур тавьсан бэ?

-Өнгөрсөн онд гаргасан амжилтыг нь харж байгаад нэрлэсэн. Монголын ард түмний хамгийн том баяр бол яахын аргагүй улсын баяр наадам. Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх гэдэг утгаар нь улсын арслан Н.Батсуурийг нэрлэсэн. Харин С.Цэрэнчимэдийн хувьд 19-хөн насандаа дэлхийн аварга болно гэдэг бахархам амжилт шүү дээ. Олимпийн аварга Н.Түвшинбаярын хувьд түүний Монголын жүдо бөхийн спортод оруулж буй хувь нэмэр, гаргасан амжилтыг нь хүндэлсэн.

-“Рио-2016” олимпийн наадмыг хэрхэн төсөөлж байна даа?

Юун түрүүнд олимпийн наадамд оролцох эрхээ авахын төлөө хичээнэ. Цаашлаад олимпийн наадмаас медаль авах зорилгыг өмнөө тавиад байгаа. Олимпийн наадамд оролцон, медаль хүртэх нь тамирчин хүн бүхний мөрөөдөл шүү дээ.

Д.Лхагвасүрэн: АН-ын даргын санаачилга зөвшилцөл болж, шийдэлд хүрсэн (УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх)

-УИХ-ын дарга З.Энхболдын өмнөөс шагналыг нь хүлээн авлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

“Өнөөдөр” сониноос тодруулснаар оны алдартан болсондоо баяртай буйгаа УИХ-ын дарга уламжилсан. Өнгөрөгч он монголчуудын хувьд томоохон үйл явдал, сорилтоор дүүрэн байлаа. Засгийн газарт ажиллах боломж олгох гэсэн АН-ын даргын санаачилга зөвшилцөл болж, шийдэлд хүрсэн.

Үүгээрээ Засгийн газрыг нийгэм, эдийн засгийн асуудалд илүү анхааран ажиллах боломжоор хангаж байгаа юм. Үүний тод илрэл болсон хамгийн ойрын үйл явдал гэвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг хоёр улсын парламент баталж, УИХ-ын дарга Японд айлчлах үеэр эцэслэн батална. Улс орны эдийн засгийг урт хугацаанд хөгжүүлэх нааштай боломж бий болно гэдэгт итгэж байна.

 

Өнөөдөр сонин