УИХ найман байнгын хороотой байж, тус бүр 10-19 гишүүнтэй байхаар хуульчилсан билээ. Олонхи болсон Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам, бие даагчдын зөвлөлийн гишүүдийг эдгээр байнгын хороодод ижил тэнцүү 16-аар хувиарлаад, үлдсэн гурван суудалд МАН-ын гишүүдийг суух эсэхээ өөрсдөө шийд гэж дэгийн тухай хуулийг өөрчилсөн юм.
Сөрөг хүчний төлөөлөл байнгын хороонд ийм цөөхөн суудалтай байсан тохиолдол өмнө нь байгаагүй. Тиймээс дахин хувиарлалт хийж, МАН-ын гишүүдийг байнгын хороодод бусад намын бүлэгтэй тэнцүү нөхцөлтэй оруулахыг би дэмжиж байна.
УИХ-ын үйл ажиллагааны амин сүнс болдог байнгын хороодын хуралдаанд оролцож, санал өгөх эрхээ хасуулсан МАН-ын зарим гишүүд гомдолтой байдаг. Тиймээс сөрөг хүчин эрх баригчдыг хатуу шүүмжлэх болсон билээ.
Манай намын гишүүд УИХ-ын гишүүний үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Нэг жилийн туршид сөрөг хүчний гишүүд зөвхөн ганцхан байнгын хороонд, харин эрх баригч гишүүд 2-3 байнгын хороонд харъяалагдсаар ирлээ.
Парламентын засаглалтай оронд олонхи нь шийдвэрээ гаргаад явахад буруу зүйл байхгүй. Гэхдээ тэд ард түмнийг хохироосон шийдвэр гаргаад байвал эсэргүүцэхээс өөр аргагүй. АН, МАН хоёр 2014 онд нэг зүгт харж ажиллах шаардлагатай гэдгийг энэ онд эдийн засагт өрнөсөн үйл явдлууд харууллаа.