Ц.Цолмон: Л.Оюун-Эрдэнэ гишүүний нүд рүү нь харж байгаад 22 гишүүн гарын үсэг зурсан байна шүү гэдгийг хэлсэн

2018/12/06 18:56 912

Гишүүдийг гарч явсны дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон тайлбар өглөө.

Ц.Цолмон: -УИХ-ын үйл ажиллагаа УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн дагуу явагдах ёстой. Хуралдаан одоо хэвийн үргэлжилж байх шиг байна. 76 гишүүн маань Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд, сонгогчдоо төлөөлж ажиллаж байгаа хүмүүс. Тийм учраас цаашид УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрийнх шиг тасалдах байдал гарахгүй, хэвийн үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн албан бичгийн асуудлыг дахиад хөндөж тавилаа. Үүний эцсийн хариултыг би өгөх ёстой гэж бодож байна. Би бол улстөрч биш, хуульч хүн. Тиймээс асуудлыг ямар нэг байдлаар улс төрийн талаас нь яриад байгаа юм биш. Улс төрийн ч асуудал биш. Албан бичиг хэргийн л асуудал. Ямар ч байгууллагад албан бичгийн харилцааг зохицуулдаг дүрэм журам, албан бичиг хариуцсан ажилтан байдаг.

Манайд жишээ нь, УИХ-ын гишүүн хандаж байгаа бол албан бичгийг гурван хувь хийдэг. Нэг нь УИХ-ын даргад ирдэг, нөгөө нь албан бичиг хариуцсан ажилтанд хадгалагдаж, гурав дахь нь гишүүнд өөрт нь үлддэг. Л.Оюун-Эрдэнэ гишүүн тэр бичгээ өөрөө УИХ-ын даргад өгсөн. Гишүүнийг гарангуут УИХ-ын дарга картлаад, надад цохсон. Би өрөөнөөсөө гараад УИХ-ын даргын өрөөнд ороход нэг минут л болсон байх. Тэр бичгийг аваад хэдэн гишүүн гарын үсэг зурсныг тоолж үзсэн. 22 гишүүн байсан.

Би Л.Оюун-Эрдэнэ гишүүний нүд рүү нь харж байгаад тэр бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байна шүү гэдгийг хэлсэн. УИХ-ын гишүүн УИХ-ын даргатай харилцсан албан бичгийг өөрчлөх боломж байхгүй. Хэрэв албан бичиг өөрчилбөл гэмт хэрэг болно. Бидний үйл ажиллагаанд эргэлзэж байгаа бол Та хууль хяналтын байгууллагад ханд. Хуулийн байгууллага үнэн худлыг маш хурдан тогтоодог юм гэж би Л.Оюун-Эрдэнэ гишүүнд бас хэлсэн.

Тэр бичиг эх хувиараа Тамгын газарт хадгалагдаж байгаа. Шаардлагатай гэж үзвэл сэтгүүлч та бүхэнд үзүүлэхэд бэлэн байна.

Энэ асуудлаар Оросоо, Ариунболд гэдэг иргэд, УИХ-ын гишүүн Л.Болд нар УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хуралдуулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна билээ. Үндсэн хуулийн цэц УИХ-ын Тамгын газраас маш олон бичиг, тайлбар гаргуулж авсан. Тэгээд маргаан үүсгэх асуудал биш байна гээд татгалзсан шийдвэр гаргасан.