М.Энхболд:Улс төрөөс илүүтэй эрхэлсэн ажил чухал

2018/11/24 15:28 476

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын сайд нарыг чуулганы хуралдаанд суухыг сануулж, үг хэллээ.

Тэрээр, "Өнгөрсөн долоо хоногт мэдээллийг сонсоод гишүүд асуулт асуухад Засгийн газрын хариуцсан сайд нар, холбогдох албан тушаалтнууд байхгүй гээд энэ асуудлыг бүтэн долоо хоног хойшлуулсан. Засгийн газрын мэдээлэл, гишүүний асуулга тусгай Дэгийн дагуу баасан гариг болгоны 15.00 цагт явагддаг. Үүнийг хоёр долоо хоног хойшлуулна гэдэг юу гэсэн үг вэ. Тиймээс санхүү, үнэ ханш, өрийн асуудал хариуцдаг Сангийн сайд, шатахууны үнийн өсөлт яригдаж байгаа энэ асуудлыг хариуцдаг Уул уурхайн сайд байгаа. Энэ сайд нараа одоо оруулж ирмээр байна. Засгийн газрын гишүүд мэдээ, тайлангаа өгөх, асуултанд хариулахад орж ирэхгүйгээс болж УИХ үйл ажиллагаагаа явуулж болохгүй хэмжээнд хүрч байна. Ирц бүрэн сууж байна. Сайд нар нь орж ирдэггүй юм бол Ерөнхий сайд өөрөө орж ирж тайлбараа хиймээр байна. Энэ Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ шүү дээ. Та бүхэн яагаад томилсон байгуулагадаа асуудлаа хэлж ярьж болохоо байчихдаг юм бэ. Улс төрөөс илүү эрхэлж байгаа ажил салбар чинь чухал юм бишүү. Их хурлын гишүүний суудал дээрээ сууж чадахаа байчихаад байгаа бол ажлын хэсгийн сандал дээр суугаад гишүүдийн асуултанд хариул, Сайд нараа" гэлээ.