Мэндчилгээ

2013/12/16 17:13 610

Монголын ардчилал, зах зээ­лийн нийгэмтэй зэрэгцэн үүсч, хөгжсөн чөлөөт хэвлэлүүд  нийг­мийг эрүүлжүүлэх хүнд хэцүү ч эрхэм хүндтэй   үүргээ нэр төр­тэй биелүүлж,  өдгөө 25 дахь жилийнхээ ойтой золгож байна.

Монголын чөлөөт хэвлэлүүдийн нэг  хэсэг, цөм болсон Монголын сонины холбоо байгуулагдаад  15 жил болжээ. Чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагуудын  сэт­гүүл­чид,  дөрөв дэх засаглалын элч бүрт ойн баярынх нь халуун  мэндийг хүргэж,  хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.   Монголчууд    1990 оны Цагаан морин жилийн  ардчилсан хувьсгалыг тайван замаар хийж, нийгмийн байгууламжаа өөрчилснөөс хойш 23 жил өнгөрчээ.   

Ард түмнийхээ сэтгэл зүйг ардчилсан хувьсгалд бэлтгэж, тайван замаар хэрэгжүүлэх түүхэн үйл явцад  Монголын ардчилсан чөлөөт хэвлэлийн гүйцэтгэсэн түүхэн үүргийг   ууган улс төрийн хүчин МАН-ын даргын хувьд өнөөдөр би бахархан тэмдэглэж  байна. Он цаг улирахын хэрээр түүхэн үйл явдал, түүхт хүмүүс бидний ой санамжаас алгуурхнаар мартагддаг хэдий ч мартахын аргагүй үйл явдал, мартаж боломгүй алдар гавьяа гэж бас бий. 1990 оны ардчилсан хувьсгал, түүний үр дүнд бий болсон оюун санааны эрх чөлөөг би үүнд хамаатуулан хэлж байгаа юм.   

Ардчилсан  хувьсгалын  тэргүүн эгнээнд Монголын сэтгүүлчид, үзэг дэвтрээс өөр  зэвсэггүй  баатрууд зогсч,  ард түмнийхээ түүхэнд үеийн үед дурсагдах мөнхийн гавьяаг байгуулсан билээ. Өнөөдөр ч үнэний дуу хоолой болж, эрх мэдэлтнүүдийг хянах, ард түмнийхээ талд бат зогсох үүрэг, зарчимдаа үнэнч байгаад талархаж байна. Монголын төр ард түмнийхээ эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, тэднийгээ хамгаалдаг байх ёстой. Үүнд  чөлөөт, хэвлэл мэдээллийн дуу хоолой хамгийн чухал билээ.  

Ард түмэн  та бүхэнд хэзээ ямагт итгэсээр ирсэн. Хойшид ч шударга үнэний дуу хоолой болж, нийгмийг эрүүлжүүлж,  ард түмнийхээ дуу хоолой болох бахархам сайхан ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Сайхан Монгол орны маань  ирээдүй та бид   өөрсдийн үүрэг, зорилгоо хэр биелүүлэхээс ихээхэн хамаарна. Та бүхний  үг тань үнэн, үзэг тань хурц байх болтугай.     

МАН-ын дарга М.ЭНХБОЛД