Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлав

2018/11/15 16:51 403

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.15) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Цэцийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн авлаа

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд нар тус тус танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан дунд суудлын хуралдаанаараа Нотариатын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт, өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор тусгасан байна. Өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу бусдаас хараат бусаар хэрэгжих өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоосноороо Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах иргэний эрхийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ. Тиймээс дээрх заалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэн аж.

Хууль зүйн байнгын хороо  уг асуудлыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Цэцийн дүгнэлт болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, санал хэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3-т заасны дагуу  “Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан Нотариатын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт “Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөрөнгө…. өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. …” гэснийг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав

Дараа нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж  нар тус тус  танилцууллаа. 


Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,2 дахь заалтыг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн байна. 

Нэр дэвшигч Сосорбарамын Соёмбо-Эрдэнэ нь 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төржээ. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэрбээр 1984-1995 онд нийслэлийн 10 жилийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль, 2007-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн магистрын сургалтыг тус тус дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистрын зэрэгтэй, хуульч цолтой аж. 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга, 2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Улсын дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгино хайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхэд 12 жил шүүгчээр ажилласан. Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн  үнэлгээгээр нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнэ нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгаруулалтад 70.6 оноо авсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооноос мэргэжил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн дүгнэжээ. 

Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнэтэй танилцсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Ж.Батзандан, Б.Энх-Амгалан, Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс нэр дэвшигч болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргад хандаж Монгол Улсын шүүхийн хараат бус үйл ажиллагааг хангах, улс төрөөс ангид байх, шударга ёс, хуульд захирагдаж ажиллахыг захихын зэрэгцээ, шүүгчдийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, ёс зүйн хэм хэмжээндээ ажиллах шаардлагатай байгааг анхааруулж байлаа. Чуулганы хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай танилцсан талаарх албан бичгийг  Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болов.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлав

Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураан шийдвэрлэсэн Монгол Улсын гадаад валютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улирал тутам тайлагнаж байх, ипотекийн зээлийг эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдуулж урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх саналуудыг ажлын хэсэг нэгтгэн, төсөлд тусгасан байна. Хуралдаанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Санхүүгийн зохицуулах хорооны дарга  С.Даваасүрэн болон Сангийн яамны холбогдох албаны хүмүүс оролцсон.

 

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ж.Батзандан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэллээ. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр гишүүдийн асуусан асуултад хариулахдаа, Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авсан арга хэмжээнд олон улсын байгууллагаас хийсэн үнэлгээг дээшлүүлэх шат дараалсан арга хэмжээг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, гадаад валютын нөөцийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан түвшинд дунд хугацаанд хүргэх чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх, “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, “Чанаргүй активыг бууруулах стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн орчинг бий болгож, хэрэгжилтийг хангах чиглэлээр зохих арга хэмжээг авах, санхүүгийн салбарыг дэмжиж, тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зэрэг маш тодорхой нарийн заалтуудыг  тогтоолын төсөлд тусгасныг онцолж байсан.

Ингээд Байнгын хорооны саналаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  бүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.

Хуулийн төслүүдийг баталлаа

Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан. 

Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төслийн холбогдох заалтад тусгаснаас гадна, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, нэр томьёог жигдлэх, засвар, өөрчлөлтийг хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад заасан нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн  боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос даашгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Б.Саранчимэг гишүүн танилцуулгадаа онцлов. 

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хуулийн төслүүдтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, М.Билэгт нар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооноос “Хуулийн төслийн 3 дугаар зүйл. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах” гэснийг “Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл, малын бусад үржүүлгийн бүтээгдэхүүн” гэж, 7 дугаар зүйлийг 7.1.8 дахь заалтын “мал, амьтны гоц халдварт өвчин (цаашид “амьтны гоц халдварт өвчин” гэх)” гэснийг “мал, амьтны гоц халдварт өвчин” гэж тус тус өөрчлөх” талаар зарчмын зөрүүтэй санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.9 хувь дэмжив. 

Мөн  Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд тус бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх батлахыг дэмжлээ. 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав

Дараа нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав.

 Засгийн газраас  2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, нэр томьёоны талаарх найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, мөн чуулганы нэгдсэн  хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд бүрэн тусгасан байна. Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг батлах нь зүйтэй гэж үзсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь  танилцуулгадаа дурдав. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг бүхэлд  нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр хуралдаанд үргэлжиллээ.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ауюлгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын их Хурлын гишүүн  А.Ундраа нар тус тус танилцуулсан.

Манай улсаас Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-д амьдарч байгаа болон БНТУ-аас Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа тул иргэдийнхээ нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүднээс иргэдийн хүсэлт, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 7 дугаар хуралдааны протоколыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, БНТУ хоорондын хэлэлцээр” байгуулах ажил тодорхой үе шаттайгаар явагдаж, улмаар 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Турк Улсын Анталя хотод уг хэлэлцээрт гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулаад байгаа аж.

 Хэлэлцээрийн төсөл нь 38 зүйлтэй бөгөөд хоёр улсын иргэд хоёр оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг харилцан цуглуулах зэрэг үндсэн зарчмыг тусгажээ. Харин хэлэлцээрт эрүүл мэндийн болон ажилгүйдлийн даатгалыг тусгаагүй бөгөөд жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, үйлдвэрлэлийн ослын улмаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн харилцааны адил хоёр улсын өөрийн хууль тогтоомжоор зохицуулагдах юм байна.

Хууль батлагдсанаар манай улсын иргэдийн БНТУ-д ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож аль нэг талаас тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэх юм байна. Ингэснээр БНТУ-д ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд Монгол Улсын нийгмийн даатгалд сайн дураар даатгуулдаггүйгээс тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудал арилна гэж хууль санаачлагчид үзжээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 23-ны  хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. Хуулийн төслийн талаар үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүдээс төслийн заалтын найруулга, нэр томьёог өөрчлөх талаар гаргасан зарчмын  зөрүүтэй таван саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Хуралдааны төгсгөлд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  Энэ талаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танилцуулав. 

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 оны хэлэлцээрт төмөр замын барилга ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг шалгах үзэх, гааль, татвар хураахгүй Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэх үүргийг хүлээсэн байна. 

Гэвч  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд 1998 оны 07 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд төлсөн НӨАТ-ыг Гаалийн Ерөнхий газрын нэхэмжилсэн 167.0 сая төгрөгийг дизель түлшний онцгой албан татвар суутган тооцох хүсэлтийг гаргасан үеэс эхлэн тус нийгэмлэг өөрийн хэрэгцээнд импортлон оруулж байсан технологийн зориулалттай дизелийн түлш, автобензинд албан татвар болон онцгой албан татварыг улсын төсөвт төвлөрүүлдэг болжээ. 1998-2015 оны хоорон зөвхөн дизель түлшний онцгой албан татварт 73.8 тэрбум төгрөг төлсөн байна. 

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 онд байгуулсан хэлэлцээрийг дагаж мөрдөх хүсэлтийг тус нийгэмлэг болон ОХУ-ын талаас удаа дараа тавьсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг онцгой албан татвараас чөлөөлсөн байна.   

Мөн Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд 1998-2015 онд импортолсон дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 төгрөгийг “Олон улсын хамтын ажиллагааны Японы банк”-наас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох арга хэмжээ авахгүй бол тус нийгэмлэгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсох хүртэл эрсдэл үүсч болзошгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн хуул, тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахдаа,  Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журам Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын байгуулсан “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нйигэмлэгийг үүсгэн байгуулах тухай” 1949 оны хэлэлцээрт  тус нийгэмлэгийн төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг гааль, татвараас чөлөөлөхөөр заажээ. Гэтэл 1998-2015 онд тус нийгэмлэг импортолсон дизедлийн түлшний онцгой албан татвараа 73.8 тэрбум төгрөг төлснийг тус нийгэмлэгийн илүү төлсөн төлөлтөд бүртгэж, “Японы Олон улсын хамтын ажиллагааны банкн”-наас авсан МОНП-1, МОНП-2 хөнгөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутгах тооцуулахаар холбогдох хууль, тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг онцлов. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хууль тогтоолын төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, А.Сүхбат, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ    нар асуулт асууж, санал хэллээ. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.