УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Т.Ганди Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаанд оролцож, УИХ-ын даргын мэндчилгээг уламжиллаа.
“ЭВРИКА 2018” эрдэм шинжилгээний их хурлын эцсийн шатны шалгаруулалтад
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг
Эрхэм судлаач багш, оюутан, эрдэмтэд ээ,
Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, эрдэм оюуны эрхэм хүндтэй үйлсэд тань амжилт хүсье.
Бидний монголчууд 1990 онд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэм байгуулах замыг сонгож, улс орныхоо их түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ.
Ардчилал бол өнөөгийн хүн төрөлхтний төдийгүй Монгол Улсын, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл, ирээдүйг зорих чиг зүг юм.
Өдгөө ардчилалын сонгодог мөн чанарыг хувь хүний хувьд өөрийнхөө үнэт зүйлийг нээн олж, амьдралдаа эзэн байх эрмэлзэл, улс үндэстний хувьд үндэснийхээ үнэт зүйлийг баталгаажуулан, дэлхийн олон улстай энхтайвнаар зэрэгцэн оршиж, хамтаар хөгжих үнэт зүйлээр тодорхойлж байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ардчиллыг энэхүү сонгодог утгаар нь хөгжүүлж, “Сонгодог ардчилсан нийгэм”-ийг цогцлоож байна. Монголчууд ч энэ замаар замнах эрхтэй, бас үүрэгтэй. Бид ардчиллыг сонгосноос хойш 28 жилийг үдэж, алдаа, оноотой өнөөдрөө бүтээлээ. Одоо бид дахин нэг түүхэн үеийг хамтдаа бүтээх цаг үеийн босгонд тулж ирээд байна.
Хэрвээ хуучин нийгмийн байгууллаас шинэд шилжих шилжилтийн зурвас үе гэж хэрвээ бий бол бид түүнийгээ нэгэнт туулжээ. Одоо шинэ гараанд гарах ёстой. Ардчиллаас ухрах, өөр шинийг эрж хайх тухай ойлголт бидэнд байхгүй. Харин ардчиллаа хамгаалах, ардчилсан ололтоо бэхжүүлэх, түүний асар их боломжийг хүний хийгээд нийгмийн хөгжлийн төлөө зөв, бүрэн ашиглахад анхаарах ёстой. Тэдгээр олон чухал, гарцаагүй зорилго эрмэлзлийн нэг нь иргэн бүхэнд үр шим нь хүртэгдэж байх эдийн засгийг хөгжүүлэх, дэвшил хөгжлийн тулгуур суурь болохуйц бүтээн байгуулалтыг өрнүүлэх явдал юм.
Үүний тулд Та бид:
Нэгдүгээрт: Эдийн засгийн харилцааны суурь нэгж болсон БҮТЭЭГЧ ЭЗЭН-ийг төрүүлэх, хөгжүүлэх;
Хоёрдугаарт: Эдийн засгийн харилцааны бүтээгч орон зай болох дэд бүтцийг хөгжүүлж, үндэсний онцлогоо хадгалж, дэлхийн шилдэг техник технологи ашигласан, шинжлэх ухаанд суурилж, мэдлэг шингээсэн, экологид ээлтэй, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн бүтээн байгуулалтыг өрнүүлж, БҮТЭЭГЧ ҮЕ-ийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
БҮТЭЭГЧ ЭЗЭН-ийг хөгжүүлэх, БҮТЭЭГЧ ҮЕ-ийг эхлүүлэх энэхүү түүхэн зорилтыг хэрэгжүүлэх санаачилгыг 97 жилийн бахархалт түүхтэй Монголын Залуучуудын холбоо гаргаж байгаад хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын даргын хувьд сайшаан дэмжиж, “ЭВРИКА 2018” эрдэм шинжилгээний их хурлыг хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна.
Монголын залуучуудын холбоо залуучуудын нийгмийн хөгжил, дэвшилд гүйцэтгэх түүхэн үүргийг дахин шинээр тодорхойлж “Бүтээгч залуу хүн”, “Бүтээн байгуулагч залуу үе” байх эрхэм зорилгыг дэвшүүлэн, эвлэлдэн бүтээж, хамтаар хөгжин дэвжих эрхэм үйлсэд Монголын нийт нийгмийг уриалан дуудаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.
Энэхүү Их хурал дэвшүүлсэн үзэл санаа, тавьсан зорилго эрмэлзлээ хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, судалгаа шинжилгээний үр дүнгээ танилцуулах, олж мэдсэн мэдлэг туршлагаа хуваалцахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Та бүхний оюуны сангаас эрдмийн булаг оргилон ундарч, залуу халуун насны цог золбоо, хүсэл тэмүүллээс чинь зуун зуунд дурсагдах шилдэг бүтээн байгуулалт өрнөн давалгаалах болтугай.
Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд их амжилт, энэхүү хурлыг зохион байгуулж, оролцож буй бүх хүмүүст сайн сайхны ерөөл өргөе.