Авто замын тухай /Шинэчилсэн найруулга/

2017/05/11 11:14 1187

 

2017 оны 05 сарын 11 өдөр                                                           Төрийн ордон, Улаанбаатар хот

 

АВТО ЗАМЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

 

            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

            1.1.Энэ хуулийн зорилт нь авто замыг төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Авто замын тухай хууль тогтоомж

 

            2.1.Авто замын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Иргэний хууль[2], Авто тээврийн тухай хууль[3], Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль[4], энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

            2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

 

3.1.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үндэсний авто замын сүлжээ төлөвлөх, авто зам, замын байгууламж барих, санхүүжүүлэх, тэдгээрийг өмчлөх, эзэмших, ашиглах, арчлах, засварлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй үйлчилнэ.

 

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

4.1.1.“авто зам” гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг;

 

                        4.1.2.“авто замын бүртгэл, мэдээллийн сан” гэж авто зам, замын байгууламжийн үндсэн өгөгдөл, өртөг болон авто зам, замын байгууламжтай холбоотой бусад мэдээллийг агуулсан цахим санг;

 

                        4.1.3.“авто замын арчлалт” гэж авто зам, замын байгууламжийн ашиглалтын түвшинг хэвийн байлгах зорилгоор өдөр тутам хийгдэх ажил, үйлчилгээг;

 

                        4.1.4.“авто замын норм, норматив, техникийн баримт бичиг” гэж эрх бүхий байгууллагаар батлагдсан авто зам, замын байгууламжийн норм, дүрэм, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, төсвийн үнэ бүрдэлттэй холбоотой баримт бичиг, стандартыг;

 

                        4.1.5.“авто замын урсгал засвар” гэж авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ашиглалтын түвшинг сайжруулах зорилгоор тогтмол гүйцэтгэх ажлыг;

 

                        4.1.6.“авто замын ээлжит засвар” гэж авто зам, замын байгууламжийн ашиглалтын түвшинг тогтоож, ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор ангилал, бүтээцийг өөрчлөхгүйгээр тогтоосон хугацаанд хийх ажлыг;

 

                        4.1.7.“авто замын их засвар” гэж авто зам, замын байгууламжийн ашиглалтын ангилал, зэрэглэл, ашиглалтын түвшинг дээшлүүлж, сайжруулах зорилгоор тогтоосон хугацаанд хийх барилгын ажлыг;

 

                        4.1.8.“авто замын зурвас газар” гэж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, технологийн үйл ажиллагаа явуулах, цаашид авто замыг өргөтгөх зориулалтаар энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон газрыг;

 

4.1.9.“аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам” гэж аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэрт дотоодын хэрэгцээндээ зориулан барьсан авто замыг;

 

4.1.10.“гүйцэтгэгч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилга, засвар, арчлалт, техник, технологийн хяналтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг;

 

4.1.11.“замын байгууламж” гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг;

 

4.1.12.“зам хариуцагч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг;

 

4.1.13.“замын хөвөө” гэж авто замын зорчих хэсгийн хоёр талын зурвас хэсгийг;

 

4.1.14.“замын хөдөлгөөний эрчим” гэж тухайн авто зам, замын байгууламжаар нэгж хугацаанд зорчиж байгаа авто тээврийн хэрэгслийн тоогоор илэрхийлсэн үзүүлэлтийг;

 

4.1.15.“зорчих хэсэг” гэж авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулагдсан авто зам, замын байгууламжийн хэсгийг;

 

4.1.16.“зорчих хэсгийн тусгайлсан эгнээ” гэж нийтийн тээврийн хэрэгсэл болон яаралтай тусламж, үйлчилгээний тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан авто зам, замын байгууламжийн хэсгийг;

 

4.1.17.“зөвлөх үйлчилгээ” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн[5] 5.1.15-д заасныг;

 

4.1.18.“зураг төсөл” гэж авто зам, замын байгууламжийг барих, засварлах, шинэчлэхэд шаардагдах хайгуул, геологийн дүгнэлт, геодезийн хэмжилтийн тайлан, байгаль орчны судалгаа, нарийвчилсан зураг, техникийн шаардлага, өртгийн тооцооны нэгдсэн баримт бичгийг;

 

4.1.19.“зураг төсөл зохиогч” гэж авто зам, замын байгууламжийн зураг, төсөв боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг;

 

4.1.20.“зураг төслийн магадлал” гэж авто зам, замын байгууламжийн зураг төслийн хийц, инженерийн шийдэл, тооцоо нь байгаль, цаг уур, газар орны нөхцөлд зохицож байгаа эсэх, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал нь авто зам, замын байгууламжийн норм, норматив, техникийн баримт бичгийн шаардлага хангасан эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг;

 

                       4.1.21.“магадлашгүй ажил” гэж авто зам, замын байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх явцад зайлшгүй хийгдэх нэмэлт ажлыг;

 

4.1.22.“Монгол Улсын үндэсний авто замын сүлжээ” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх олон улс, улс, нийслэл, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтын авто замын сүлжээг;

 

4.1.23.“нийслэлийн авто зам” гэж Улаанбаатар хот, түүний дагуул хот, дүүргийн нутаг дэвсгэр дэх авто замыг;

 

4.1.24.“орон нутгийн чанартай авто зам” гэж аймгийн нутаг дэвсгэр дэх хот, сум, суурин газар, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн баазыг хооронд нь холбосон болон тэдгээрийн доторх авто замыг;

 

4.1.25.“олон улсын чанартай авто зам” гэж Монгол Улсын олон улсын гэрээгээр улс хооронд автотээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрсөн авто замыг;

 

4.1.26.“техник, технологийн хяналт” гэж авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлыг батлагдсан зураг, төсөв, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хийж байгаа эсэхэд хяналт тавих, зөвлөгөө өгөх, ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах ажиллагааг;

 

4.1.27.“тусгай зориулалтын авто зам” гэж тусгай зориулалтын тээврийн үйлчилгээнд зориулсан авто замыг;

 

4.1.28.“улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг  хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг;

 

4.1.29.“хяналт тавих зурвас газар” гэж авто замын зурвас газрын хязгаараас үл хамааран зорчигчийн үзэгдэх орчныг хязгаарлаж байгаа болон авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажил, ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай газрыг;

 

4.1.30.“чанарын баталгаат хугацаа” гэж авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш гүйцэтгэгчээс түүний чанарыг хариуцах, барилгын ажлын технологийн алдаанаас үүдэн гарсан эвдрэл, гэмтлийг өөрийн хөрөнгөөр засварлахаар тогтоосон хугацааг.

 

5 дугаар зүйл.Төрөөс үндэсний авто замын сүлжээг хөгжүүлэхэд

                                    баримтлах зарчим

 

5.1.Төрөөс үндэсний авто замын сүлжээг хөгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

 

5.1.1.үндэсний авто замын сүлжээг хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэх;

 

5.1.2.авто зам, замын байгууламжийг эрх бүхий байгууллагаар батлагдсан стандарт, норм, нормативын дагуу барьж байгуулах;

 

5.1.3.авто зам барих, эзэмших, ашиглах, арчлах, хамгаалах, засварлах үеийн үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;

 

5.1.4.үндэсний авто замын сүлжээг хөгжүүлэх, ашиглах удирдлагын нэгдмэл бүтэц, тогтолцоотой байх.

 

6 дугаар зүйл.Авто зам, замын байгууламжийн санхүүжилт

 

           6.1.Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, арчлах,  засварлах, техник, технологийн хяналт тавих үйл ажиллагааг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

 

6.2.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид авто замын салбарын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахыг төрөөс дэмжинэ.

 

6.3.Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хөрөнгө оруулалтаар баригдах авто зам, замын байгууламжийн жагсаалтыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

 

7 дугаар зүйл.Авто зам, замын байгууламжийн даатгал

 

7.1.Авто зам, замын байгууламжийг барих, эзэмших, ашиглах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үед эд хөрөнгийн болон хариуцлагын даатгалд даатгуулж болно.

 

7.2.Авто зам, замын байгууламжийг даатгуулах асуудлыг зургийн даалгавар болон ажил гүйцэтгэх гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ.

 

8 дугаар зүйл.Авто замын норм, норматив, техникийн

      баримт бичиг, норм, нормативын сан

 

8.1.Монгол Улс авто замын норм, норматив, техникийн баримт бичгийн нэгдсэн тогтолцоотой байна.

 

8.2.Авто замын норм, норматив, техникийн баримт бичгийг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, холбогдох эрх бүхий байгууллага батална.

 

8.3.Авто замын норм, норматив, техникийн баримт бичгийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүй хувилж, олшруулахыг хориглоно.

 

8.4.Авто замын норм, норматив, техникийн баримт бичгийг боловсруулах, батлах, боловсронгуй болгож хөгжүүлэх “Авто замын норм, нормативын сан”-тай байх бөгөөд уг сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

 

8.4.1.авто замын барилга, засвар, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлын төсөвт өртгийн 0.4 хувиар тооцсон орлого;

 

8.4.2.авто замын норм, норматив, техникийн баримт бичиг борлуулсны орлого;

 

8.4.3.авто замын норм, норматив, техникийн баримт бичийг боловсронгуй болгох зорилгоор өгсөн хандив;

 

8.4.4.бусад.

           

8.5.“Авто замын норм, нормативын сан”-гийн хөрөнгийг авто зам, замын байгууламжийн норм, норматив, техникийн баримт бичиг боловсруулах, хэвлэж олшруулах, сурталчлах болон тэдгээрийг зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулна.

 

8.6.“Авто замын норм, нормативын сангийн ажиллах журам”-ыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Авто замын талаархИ төрийн байгууллагын бүрэн эрх

 

9 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

 

9.1.Засгийн газар авто замын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

            9.1.1.Монгол Улсын авто замын салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг баталж, хэрэгжүүлэх, хяналт тавих;

 

9.1.2.авто замын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

      9.1.3.авто замын үндэсний сүлжээг хөгжүүлэх бодлогыг батлах;

                        9.1.4.авто замын салбарын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсвийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

 

9.1.5.гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр авто зам, замын байгууламж барих, засварлах, арчлах асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах эрх олгох;

 

9.1.6.авто замын засвар, арчлалтыг нэгдсэн зохион байгуулалтаар хангах, замын стандарт, норм, норматив, техник технологийг сайжруулах үүрэг бүхий авто замын судалгаа, шинжилгээний байгууллага ажиллуулах;

 

9.1.7.олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор норм, нормативаар тогтоосон авто замын арчлалт, урсгал засварын ажилд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган батлуулах, хэрэгжилтийг хангуулах;

 

                       9.1.8.тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам батлах.

 

10 дугаар зүйл.Авто замын асуудал эрхэлсэн төрийн

      захиргааны төв байгууллагын бүрэн эрх

 

10.1.Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

  • авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах;

 

  • авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох журам баталж, хэрэгжүүлэх;

 

  • олон улс, улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийн үр ашиг, ач холбогдлыг үндэслэн боловсруулж, Засгийн газраар батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулж, хангах;

 

  • мэргэжлийн судалгаа, шинжилгээний байгууллагаар авто зам, замын байгууламжийн хийц, технологи, материалын чанарт мэргэжлийн дүгнэлт гаргуулах, норм, норматив, техникийн баримт бичиг, үнэ бүрдэлтийг боловсронгуй болгож, шинжлэх ухааны ололт, шинэ техник, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

 

                        10.1.5.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн барилга, засвар, арчлалтын ажил, зөвлөх үйлчилгээ, захиалагчийн болон техник, технологийн хяналтыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэх;

 

                        10.1.6.авто зам, замын байгууламж барих, засварлах, арчлах, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналттай холбоотой норм, норматив, техникийн баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

 

10.1.7.тусгай зориулалтын авто зам барих, засварлах, ашиглахтай холбоотой журмыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах;

 

10.1.8.нийслэл, орон нутгийн чанартай авто замыг хөгжүүлэх бодлого, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах;

 

10.1.9.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын ашиглалт, засвар, арчлалтын ажлыг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулах;

 

                        10.1.10.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, үндсэн хөрөнгийн бүртгэлд оруулах, элэгдэл хорогдлыг тооцох, бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулах;

 

10.1.11.авто замын бүрэн бүтэн байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах талаар байгууллага, аж ахуйн нэгжид үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах;

 

                        10.1.12.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалттай авто замд тээврийн осол давтагдан гарч байгаа цэгүүдийн ослын шалтгааныг тогтоох эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

 

10.2.Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага авто замын арчлалт, урсгал засварын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно.

 

11 дүгээр зүйл.Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн

        асуудал эрхэлсэн байгууллагын чиг үүрэг

 

11.1.Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

11.1.1.авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;

 

11.1.2.авто зам, замын байгууламжийн норм, нормативийн баримт бичгийг боловсруулах сурталчлах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

 

11.1.3.олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг зохион байгуулж, хяналт тавих;

 

11.1.4.авто зам, замын байгууламжийн норм, нормативын сан бүрдүүлэх зарцуулах үйл ажиллагааг зохион байгуулах;

 

11.1.5.авто замын салбарын мэргэжлийн ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;

 

11.1.6.авто замын салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухаан, техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх;

 

11.1.7.авто зам, замын байгууламжийн барилга, их засвар шинэчлэлтийн ажилд ашиглах материал, хийц эдлэлийн орц нормыг хянан шалгах, дүгнэлт гаргах, баталгаажуулах;

 

11.1.8.авто зам, замын байгууламж, төмөр зам, аэродромын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж шинжээчийн эрх олгох;

 

11.1.9.авто зам, замын байгууламжийн бүртгэл, мэдээллийн санг эрхлэн хөтөлж, нэгдсэн санг бүрдүүлж ажиллах;

 

11.1.10.авто зам, замын байгууламжийн үнэ бүрдэлт, төсөвт өртөг, жишиг үнэлгээ, үнийн индексийг боловсруулан батлуулж, мөрдөх;

 

11.1.11.авто зам, замын байгууламжийн үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах;

 

11.1.12.авто зам, замын байгууламжийн техник технологийн хяналтыг захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлэх;

 

11.1.13.авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллуулах;

 

11.1.14.авто зам, замын байгууламжийн чанар, ашиглалтын түвшинг тогтоох зорилгоор иж бүрэн судалгаа хийж, ээлжит болон их засварын ажлын тоо хэмжээ, хугацааг тодорхойлох;

 

11.1.15.хууль, тогтоомжид заасан бусад.

 

11.2.Энэ хуулийн 11.1.2, 11.1.5-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.

 

12 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн

Засаг даргын бүрэн эрх

 

 12.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга авто замын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

12.1.1.үндэсний авто замын сүлжээг хөгжүүлэх төрийн бодлоготой уялдуулан нийслэл, орон нутгийн чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх бодлого, ерөнхий төлөвлөгөөг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах;

 

12.1.2.авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх;

 

12.1.3.нийслэл, орон нутгийн чанартай авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг зохион байгуулах;

 

12.1.4.нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах авто замын барилга, засвар, арчлалтын ажлыг зохион байгуулах;

 

                        12.1.5.олон улс, улсын болон орон нутгийн чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах талаар харьяа нутаг дэсвгэрийн байгууллага, иргэнд үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хангуулах;

 

12.1.6.нийслэлийн авто замын ажлыг санхүүжүүлэх, барих, ашиглах, засах, арчлах, талаар журам боловсруулан авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, хэрэгжүүлэх;

 

12.1.7.байгалийн гамшиг, гэнэтийн осол, аюулын улмаас үүссэн авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлах шаардлага гарсан үед харьяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс тээвэр, холбооны хэрэгсэл, машин механизм, эд хөрөнгийг нөхөн олговортойгоор дайчлан гаргуулах, хүн хүчний туслалцаа авах ажлыг зохион байгуулах;

 

12.1.8.харьяа нутаг дэвсгэртээ авто замын хөдөлгөөнийг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, зохицуулах;

 

12.1.9.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулахдаа авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч тусгах.

 

13 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын оролцоо

 

13.1.Авто замын салбарын төрийн бус байгууллага нь авто замын тухай хууль тогтоомж, норм, норматив, техникийн баримт бичгийг боловсронгуй болгох, төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох, авто замчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно.

 

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан ажлыг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Авто замын сүлжээ, авто замын ангилал,

бүрэлдэхүүн, өмчлөгч, эзэмшигч

 

14 дүгээр зүйл.Авто замын сүлжээ

 

14.1.Монгол Улсын үндэсний авто замын сүлжээ нь олон улс, улс, нийслэл, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтын авто замаас бүрдэнэ.

 

14.2.Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газраар батлуулна.

 

14.3.Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Засаг дарга олон улс, улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.

 

14.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.3-т заасан төлөвлөгөөг боловсруулахдаа авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авсан байна.

 

15 дугаар зүйл.Авто замын ангилал

 

            15.1.Авто замыг зориулалтаар нь доор дурьдсанаар ангилна:

 

15.1.1.олон улсын чанартай авто зам;

15.1.2.улсын чанартай авто зам;

15.1.3.орон нутгийн чанартай авто зам;

15.1.4.нийслэлийн авто зам;

15.1.5.тусгай зориулалтын авто зам;

15.1.6.аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам.

 

            15.2.Авто замыг тодорхой ангилалд хамааруулах, нэг ангиллаас нөгөө ангилалд шилжүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

 

            15.3.Авто зам нь чиглэлийн нэр, дугаартай байна.

 

            15.4.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг тухайн шатны Засаг дарга авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно.

 

15.5.Авто замыг үйлчилгээний түвшин болон төсөллөлтийн үндсэн шийдлээр нь ангилж, зэрэглэл тогтооно. Авто замын ангилал, зэрэглэл тогтоох, түүнд тавигдах шаардлагыг норм, норматив техникийн баримт бичгээр зохицуулна.

 

16 дугаар зүйл.Авто замын бүрэлдэхүүн

 

            16.1.Авто зам нь дараахь хэсгээс бүрдэнэ:

 

                        16.1.1.зорчих хэсэг;

16.1.2.замын хөвөө;

16.1.3.замын байгууламж;

16.1.4.авто замын зурвас газар;

16.1.5.хяналт тавих зурвас газар;

16.1.6.авто замын тусгайлсан эгнээ.

 

            16.2.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна.

 

16.3.Нийслэл болон хот, суурингийн авто замын зурвас газрын өргөнийг холбогдох норм, дүрмийн хүрээнд аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.

 

16.4.Онцгой тохиолдолд олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөнийг тухайн авто зам болон газар нутгийн онцлогтой уялдуулан авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөнийг аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох норм, дүрмийн хүрээнд өөрөөр тогтоож болно.

 

16.5.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын хяналт тавих зурвас газрын хэмжээг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын хяналт тавих зурвас газрын өргөнийг зураг төслийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.

 

            16.6.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газарт газар өмчлүүлэхийг хориглох бөгөөд газар түр эзэмшүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

 

17 дугаар зүйл.Авто зам, замын байгууламжийн

өмчлөгч, эзэмшигч

 

17.1.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна.

 

            17.2.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон этгээд байна.

 

            17.3.Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна.

 

            17.4.Тусгай зориулалтын авто замын хөрөнгө оруулагч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр авто замыг эзэмшиж болно.

 

            17.5.Энэ хуулийн 17.4-т заасан гэрээний үндсэн дээр авто замыг эзэмшигч нь өөрийн эзэмшлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцна.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Авто зам барих

 

            18 дугаар зүйл.Авто замын техник, эдийн засгийн үндэслэл

 

18.1.Авто замын захиалагч нь тухайн авто замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг зохион байгуулна.

 

18.2.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга, бусад авто замын хувьд тухайн авто замын захиалагч батална.

 

            19 дүгээр зүйл.Авто зам, замын байгууламжийн зураг төсөл

 

            19.1.Авто зам, замын байгууламжийн зураг төслийг захиалагчийн баталсан зургийн даалгаврын дагуу тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

 

            19.2.Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлага:

 

                        19.2.1.зураг төсөл зохиох зургийн даалгавар, хайгуул геологийн судалгааны дүгнэлт, геодезийн хэмжилт, техникийн нөхцөл, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу боловсруулсан байх;

 

19.2.2.зорчигчдын эрүүл ахуй, хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчин, түүх, соёлын дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байх;

 

19.2.3.авто зам, замын байгууламжийг зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх нөхцөлийг хангасан гүүрэн, нүхэн гарц, гарамтай байхаар тусгах;

 

19.2.4.авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд хэрэглэх материалд тавигдах шаардлага, технологийн үе шатны үйл ажиллагааг нарийвчлан тусгасан техникийн шаардлагыг боловсруулсан байх;

 

                        19.2.5.авто зам, замын байгууламжийн зураг төсөлд эрх бүхий этгээдээр магадлал хийлгэж, дүгнэлт гаргуулан баталгаажуулсан байх.

 

19.3.Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

            19.4.Авто зам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж, гарсан хохирлыг барагдуулна.

 

            19.5.Энэ хуулийн 19.4-т заасан зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцна.

 

  • дугаар зүйл.Авто зам, замын байгууламжийн барилгын ажил

 

            20.1.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох хууль, журмын дагуу захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

 

            20.2.Захиалагч нь авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, саадгүй хэрэгжүүлэхэд шаардагдах зураг төсөл, замын чиг /трасс/, геодезийн цэгүүд, газар эзэмшүүлэх зөвшөөрөл зэргийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч, авто замын барилгын ажил явуулах талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байна.

 

            20.3.Авто зам, замын байгууламжийг барих зорилгоор газар, түүний хэвлийг хөндөхөөс өмнө палеонтологи, археологи, угсаатны зүйн мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна.

 

            20.4.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төсөлгүй, техник, технологийн хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.

 

            20.5.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн баримт бичиг, техник, технологи, эрүүл ахуй, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

 

            20.6.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхэд төмөр зам, харилцаа холбоо болон цахилгааны шугам, цэвэр бохир усны хоолой, бусад барилга байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоох зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авсан байна.

 

            20.7.Энэ хуулийн 20.6-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр төмөр зам, харилцаа холбоо болон цахилгааны шугам, цэвэр бохир усны хоолой, бусад барилга байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоох, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хориглоно.

 

            20.8.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын явцад зайлшгүй хийх нэмэлт ажлыг магадлашгүй ажлын зардлаас санхүүжүүлнэ.

 

            20.9.Магадлашгүй ажлын зардлыг авто зам, замын байгууламжийн норм, норматив, техникийн баримт бичигт заасан хувь хэмжээгээр нийт ажлын төсөвт өртөгт тусгана.

 

            20.10.Магадлашгүй ажлын зардлыг тооцож олгох журмыг санхүү, төсвийн болон авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

 

            20.11.Бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг саадгүй, хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

 

21 дүгээр зүйл.Авто замын барилгын ажлын техник,

технологийн хяналт

 

21.1.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллага захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.

 

21.2.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

21.3.Техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээний болон захиалагчийн хяналтын зардлыг тухайн авто зам, замын байгууламжийн төсөвт өртөгт тусгана.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

Авто замын арчлалт, засвар

 

22 дугаар зүйл.Авто замын арчлалт, засварын ажил

 

22.1.Авто замыг эзэмшигч нь авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллана.

 

22.2.Авто замын арчлалт, засварын ажлыг дараахь байдлаар ангилна:

 

22.2.1.арчлалт;

22.2.2.урсгал засвар;

22.2.3.ээлжит засвар;

22.2.4.их засвар;

22.2.5.гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засвар.

 

22.3.Авто замын арчлалт, засварын ажлын ангилалд тавигдах шаардлагыг норм, норматив, техникийн баримт бичгээр тогтооно.

 

22.4.Авто замын арчлалт, урсгал болон ээлжит засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засварын ажлыг тухайн замыг хариуцагч байгууллага гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд ээлжит болон гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

 

22.5.Авто зам, замын байгууламжийн их засварын ажлыг авто замын барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс сонгон шалгаруулж, гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

 

22.6.Авто зам, замын байгууламжийн их засварын ажлын техник, технологийн хяналтыг тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүдээс сонгон шалгаруулж, гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

 

22.7.Авто замын арчлалт, урсгал засварын ажлыг тухайн авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлнэ.

 

22.8.Авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлэх норм, норматив болон журмыг санхүү, төсвийн болон авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

 

  • дугаар зүйл.Авто замын арчлалт, урсгал засварыг

                        хариуцагч байгууллага

 

23.1.Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна.

 

23.2.Зам хариуцагч байгууллагын хариуцах замын чиглэл, уртыг тухайн авто замыг эзэмшигч тогтооно.

 

23.3.Зам хариуцагч байгууллага нь дараахь үүрэгтэй:

 

23.3.1.авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах;

 

23.3.2.авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах;

 

23.3.3.хариуцсан авто замын бүртгэл, мэдээллийн санг хөтөлж, нэгдсэн бүртгэлд оруулах;

 

23.3.4.авто замын зурвас болон хяналт тавих зурвас газрыг хамгаалах;

23.3.5.авто зам өмчлөгч болон эзэмшигчийг замын ашиглалтын талаархи мэдээллээр тогтмол хангах;

 

23.3.6.гамшиг, ослын улмаас авто замд эвдрэл, гэмтэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан үед олон нийтэд мэдээлж, саадыг арилгах арга хэмжээг шуурхай авах;

 

23.3.7.авто замаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү овор, даацтай болон тусгай хамгаалалтгүй гинжит дугуйтай тээврийн хэрэгсэл зорчихоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих;

 

23.3.8.тухайн нутаг дэвсгэрт авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг зохих журмын дагуу зохион байгуулах.

 

24 дүгээр зүйл.Авто замын сан

 

24.1.Олон улс, улсын болон нийслэл, орон нутгийн чанартай авто замын арчлалт, засвар, түүнтэй холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалт бүхий “Авто замын сан”-тай байна.

 

24.2.Авто замын санг улс, нийслэл, орон нутгийн гэж ангилна.

 

24.3.Улсын авто замын сангийн хөрөнгөөр олон улс, улсын чанартай авто замын, нийслэл, орон нутгийн замын сангийн хөрөнгөөр нийслэл, орон нутгийн чанартай авто замын арчлалт, засварын ажлыг тус тус санхүүжүүлнэ.

 

24.4.Авто замын сангийн хөрөнгөөр авто замын арчлалт, урсгал засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засварын ажлыг тэргүүн ээлжинд санхүүжүүлнэ.

 

24.5.Авто замын сангаас авто замын засвар, арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, авто замын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлнэ.

 

24.6.Улсын авто замын сан нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, нийслэл, орон нутгийн авто замын сан нь аймаг, нийслэлийн Засаг даргын мэдэлд байна.

 

24.7.Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг Засгийн газар батална.

 

24.8.Авто замын сангийн хөрөнгийг энэ хуулийн 24.3, 24.4, 24.5-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.

 

24.9.Тухайн жилд улсын авто замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, зарцуулах хөрөнгийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, зарцуулах хөрөнгийг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус баталж, хэрэгжүүлнэ.

 

25 дугаар зүйл.Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэр

 

25.1.Улсын авто замын сангийн хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

 

25.1.1.импортоор оруулж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувь;

 

25.1.2.гадаадын зээл, тусламж, хандивын хөрөнгө;

25.1.3.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;

25.1.4.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр;

 

            25.1.5.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан, авто замын талаархи хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгууль;

 

25.1.6.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөр, хураамж;

 

25.1.7.авто замын зурвас газарт холбогдох зөвшөөрлийн дагуу үйлчилгээ эрхэлсний төлбөр;

 

25.1.8.бусад.

 

25.2.Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сангийн хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

 

25.2.1.авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;

25.2.2.нийслэл, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;

25.2.3.гадаадын зээл, тусламж, хандивын хөрөнгө;

25.2.4.нийслэл, орон нутгийн авто зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан, авто замын талаархи хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгууль;

 

25.2.5.нийслэл, орон нутгийн авто зам, зогсоол ашигласны төлбөр;

25.2.6.авто замын зурвас газарт холбогдох зөвшөөрлийн дагуу үйлчилгээ эрхэлсний төлбөр;

 

25.2.7.бусад.

 

26 дугаар зүйл.Авто замын зөвлөл

 

26.1.Авто замын бэлэн байдлын түвшин, аюулгүй байдлыг хангах, авто замын сангийн орлого, хөрөнгийн зарцуулалтад тавих олон нийтийн хяналтыг зам хэрэглэгчид болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн “Авто замын зөвлөл” хэрэгжүүлнэ.

 

26.2.Авто замын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

26.3.Авто замын бэлэн байдлын түвшин, аюулгүй байдлыг хангах болон авто замын сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Авто замын зөвлөлөөс гаргасан дүгнэлт, зөвлөмжийг авто зам өмчлөгч, эзэмшигч, хариуцагч биелүүлэх үүрэгтэй.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Авто замын бүртгэл, мэдээлэл

 

27 дугаар зүйл.Авто замын бүртгэл, мэдээллийн сан

 

27.1.Авто замын бүртгэл, мэдээллийн сан нь авто зам, замын байгууламжтай холбоотой дараахь мэдээллээс бүрдэнэ:

 

27.1.1.техникийн болон ашиглалтын үзүүлэлт;

27.1.2.хүчин чадал, зэрэглэл, төлөв байдал;

27.1.3.төсөвт өртөг, элэгдэл, хорогдлын бүртгэл, мэдээлэл;

27.1.4.ашиглалтад орсон хугацаа;

27.1.5.авто зам, замын байгууламжид хийсэн засварын мэдээлэл;

27.1.6.авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл, зам, тээврийн ослын мэдээ;

 

27.1.7.авто зам, замын байгууламжийг барьж байгуулсан болон арчлалт, засвар хийсэн байгууллагын талаархи мэдээлэл;

 

27.1.8.бусад.

 

27.2.Олон улс, улсын болон тусгай зориулалтын авто замын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг аймаг, нийслэлийн Засаг дарга эрхлэн хөтөлнө.

 

27.3.Авто зам хариуцагч байгууллага өөрийн хариуцсан зам, замын байгууламжийн бүртгэл, мэдээллийн санг хөтөлж, холбогдох мэдээллийг жил бүрийн тогтоосон хугацаанд авто зам эзэмшигчид хүргүүлнэ.

 

27.4.Олон улс, улсын болон тусгай зориулалтын авто замын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх, мэдээлэх журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нийслэл, орон нутгийн чанартай авто замын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх, мэдээлэх журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлнэ.

           

ДОЛДУГААР БҮЛЭГ

Авто зам, замын байгууламжийг ашиглах

 

28 дугаар зүйл.Авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах

 

28.1.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замыг ашиглалтад авах асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах асуудлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна.

 

28.2.Энэ хуулийн 28.1-д зааснаас бусад авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах асуудлыг захиалагч байгууллага хариуцна.

 

28.3.Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад авах журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

  28.4.Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр гурван жил байна.

 

29 дүгээр зүйл.Авто зам, замын байгууламжийг ашиглах

 

29.1.Иргэн, хуулийн этгээд нь тэдгээрийн харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан авто зам, замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй.

 

29.2.Авто зам ашиглагч нь дараахь эрх, үүрэгтэй:

 

29.2.1.хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд авто зам, замын байгууламжийг үнэ төлбөргүй ашиглах;

 

29.2.2.авто замын арчлалт, засвар, хөдөлгөөний аюулгүй байдлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, шаардлага тавих;

 

29.2.3.авто замын засвар, арчлалт хариуцсан байгууллагын буруугаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

 

 

29.2.4.энэ хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийг биелүүлэх;

29.2.5.авто замд үүссэн бусдад хохирол учруулж болзошгүй ноцтой эвдрэл, зөрчлийн талаар хариуцсан байгууллагад нэн даруй мэдээлэх;

 

29.2.6.барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авч, ажил дууссаны дараа ашиглалтын хэвийн байдлыг ханган, хүлээлгэн өгөх.

 

29.3.Авто зам ашиглагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

29.3.1.авто зам, замын байгууламжийг эвдэж гэмтээх;

29.3.2.зохих зөвшөөрөлгүйгээр авто замын бүтээц, төлөвлөлт, зориулалтад өөрчлөлт оруулах;

 

29.3.3.авто зам барих, засварлах, арчилж хамгаалах ажилд саад учруулах;

 

29.3.4.авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газарт хог хаях, ус урсгах, чулуу, төмөр зэрэг зүйлс үлдээх, хөдөлгөөнд саад учруулж, үзэгдэх орчин хязгаарласан хаяг, сурталчилгааны самбар, эд зүйлс байрлуулах;

 

29.3.5.тусгай хамгаалалтгүй, эсвэл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн авто замын үзүүлэлтээс хэтэрсэн овор, хэмжээ, даацтай тээврийн хэрэгсэл зорчуулах;

 

29.3.6.авто замын зурвас газарт авто замын ашиглалттай холбоогүй болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх;

 

29.3.7.хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.

 

30 дугаар зүйл.Авто зам, замын байгууламж ашигласны төлбөр

 

30.1.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг Засгийн газар, нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно.

 

30.2.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

30.3.Нийслэл, орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлнэ.

 

 30.4.Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж дээр нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагаас төлбөр хураах нэгж байгуулан ажиллуулахыг хориглоно.

 

30.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тээврийн хэрэгслийг авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлнө.

 

31 дүгээр зүйл.Авто зам, замын байгууламжийг хаах

 

31.1.Авто зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, авто замд засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто замыг түр хугацаагаар хааж болно.

 

31.2.Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

32 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх

 

32.1.Авто зам, замын байгууламжийг барих, эзэмших, ашиглахтай холбогдон үүссэн маргааныг холбогдох эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ.

 

32.2.Энэ хуулийн 32.1-д заасан эрх бүхий байгууллага маргааныг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

Авто зам барих, засварлах, арчлах, зөвлөх

үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл

 

33 дугаар зүйл.Авто зам барих, засварлах, арчлах, зөвлөх

               үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл

 

33.1.Авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд[6] заасны дагуу авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

 

33.2.Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан шаардлагаас гадна мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлагыг тавих бөгөөд энэ талаархи журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Авто замд тавих улсын хяналт

 

34 дүгээр зүйл.Авто замын улсын хяналт

 

            34.1.Авто зам, замын байгууламжийг барих, арчлах, засварлах, хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг авто замыг өмчлөгч, эзэмшигч, зам хариуцагч байгууллага, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллага, бүх шатны Засаг дарга, холбогдох албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ.

 

АРАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

 

35 дугаар зүйл.Авто замын тухай хууль тогтоомж

      зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 

35.1.Авто замын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

 

35.2.Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө.

 

35.3.Авто замын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээд гарсан хохирлыг нөхөн төлсөн нь түүнийг хуулийн бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

35.4.Авто замын тухай хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг зөрчсөн, авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулна.

 

36 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

36.1.Энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний  өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

36.2.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                      М.ЭНХБОЛД

 

[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

[3] Авто тээврийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

[4] Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

[5]Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль “Төрийн мэдээлэл”  

  эмхэтгэлийн 2005 оны 48 дугаарт нийтлэгдсэн.

[6] Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2001 оны дугаарт 06 нийтлэгдсэн.