Монгол Улсын Хөгжлийн банкны тухай /Шинэчилсэн найруулга/

2017/02/10 12:07 546

 

2017 оны 02 сарын 10 өдөр                                                                 Төрийн ордон, Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид “Хөгжлийн банк” гэх)-ны үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Хөгжлийн банкны хууль тогтоомж

 

2.1.Хөгжлийн банкны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

 

3.1.Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар, энэ хуульд өөрөөр заагаагүй бол бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

 

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

4.1.1.“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” гэж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн[2] 4.1.7-д заасныг;

 

4.1.2.“дунд хугацааны хөгжлийн бодлого” гэж Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 6.3, 6.4-т заасан баримт бичгийг.

 

5 дугаар зүйл.Хөгжлийн банкны эрх зүйн байдал

 

5.1.Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна.

 

5.2.Хөгжлийн банкийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргана.

 

6 дугаар зүйл.Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө

 

6.1.Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг хувьцаа эзэмшигч тогтооно.

 

6.2.Хөгжлийн банк нь тухайн жилийн цэвэр ашгаас хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, үлдэх хэсгээр алдагдлыг нөхөх зорилго бүхий нөөц сан байгуулна.

 

6.3.Хөгжлийн банкны алдагдлыг нөөц сангийн хөрөнгөөр нөхөх боломжгүй тохиолдолд нэмэлт хөрөнгө олгох эсэхийг хувьцаа эзэмшигч шийдвэрлэнэ.

 

6.4.Энэ хуулийн 6.2-т заасан санг бүрдүүлэх, түүнийг удирдах журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална.

 

7 дугаар зүйл.Хөгжлийн банкны баримтлах зарчим

 

7.1.Хөгжлийн банк нь үйл ажиллагаандаа компанийн сайн засаглалын дараахь зарчмыг баримтална:

 

7.1.1.ашигтай ажиллах;

7.1.2.үйл ажиллагаагаа тогтвортой явуулах;

7.1.3.хараат бус байх;

7.1.4.ил тод байх;

7.1.5.хариуцлагатай байх;

7.1.6.Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой шийдвэр нь хамтын удирдлагад үндэслэсэн байх;

 

7.1.7.хараат бус хөндлөнгийн хяналттай байх.

 

            7.2.Энэ хуулийн 7.1-д заасан зарчмыг энэ хууль, түүнд нийцүүлэн баталсан дүрэм, журамд тусган хэрэгжүүлнэ.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

8 дугаар зүйл.Хөгжлийн банкны үйл ажиллагааны хүрээ

 

8.1.Хөгжлийн банк дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

 

8.1.1.төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх;

8.1.2.төлбөр тооцоо хийх;

8.1.3.баталгаа, батлан даалт гаргах;

8.1.4.үнэт цаас гаргах, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, хадгалуулах;

 

8.1.5.зээл авах;

8.1.6.гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах;

8.1.7.компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх;

 

8.1.8.төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

 

8.1.9.экспорт, импортын санхүүжилт хийх;

8.1.10.төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор богино, дунд хугацаатай санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх.

 

8.2.Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна.

 

8.3.Хөгжлийн банк нь иргэдийн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

9 дүгээр зүйл.Зээл авах

 

9.1.Хөгжлийн банк энэ хуулийн 25.1-д заасан үзүүлэлт, журам, 28 дугаар зүйлд заасан хязгаарлалтад нийцүүлэн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр зээл авч болно.

 

10 дугаар зүйл.Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх

 

10.1.Хөгжлийн банк дараахь шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ:

 

10.1.1.Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх;

 

10.1.2.эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх;

 

10.1.3.техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх;

10.1.4.эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх;

 

10.1.5.төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх;

 

10.1.6.энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх.

 

10.2.Хөгжлийн банк энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлнэ.

 

10.3.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад нөхцөл, шаардлагыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлно.

 

10.4.Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба шийдвэр гаргахтай холбоотой журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална.

 

11 дүгээр зүйл.Төлбөр тооцоо хийх

 

11.1.Хөгжлийн банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд[3] заасны дагуу зохицуулна.

 

11.2.Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг Хөгжлийн банк тогтооно.

 

12 дугаар зүйл.Баталгаа, батлан даалт гаргах

 

12.1.Хөгжлийн банк нь энэ хуулийн 25.1-д заасан үзүүлэлт, журам, 28 дугаар зүйлд заасан хязгаарлалтад нийцүүлэн дангаар болон бусад этгээдтэй хамтран гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргаж болно.

 

12.2.Баталгаа, батлан даалтыг энэ хуулийн 10.1.2-10.1.5-д заасан шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрт гаргаж болно.

 

13 дугаар зүйл.Үнэт цаас гаргах, санхүүгийн хэрэгсэл худалдах,

худалдан авах, хадгалуулах

 

13.1.Хөгжлийн банк нь энэ хуулийн 25.1-д заасан үзүүлэлт, журам, 28 дугаар зүйлд заасан хязгаарлалтад нийцүүлэн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр үнэт цаас гаргаж болно.

 

13.2.Хөгжлийн банкны санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, хадгалуулахтай холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

 

14 дүгээр зүйл.Гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах

 

14.1.Хөгжлийн банкны гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулахтай холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

 

15 дугаар зүйл.Компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд

хөрөнгө оруулалт хийх

 

15.1.Компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө байршуулах шийдвэрийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Засгийн газар гаргана.

 

16 дугаар зүйл.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх

 

16.1.Хөгжлийн банк төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлж болно.

 

17 дугаар зүйл.Экспорт, импортын санхүүжилт хийх

 

17.1.Экспорт, импортын санхүүжилт хийх төсөл, хөтөлбөр нь энэ хуулийн 10.1-д заасан шаардлагыг хангасан байна.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГА

 

18 дугаар зүйл.Хөгжлийн банкны удирдлага

 

18.1.Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна.

 

18.2.Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар, Хөгжлийн банкинд хувь нийлүүлсэн бусад этгээд байна.

 

19 дүгээр зүйл.Төлөөлөн удирдах зөвлөл

 

19.1.Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна.

 

19.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигчид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон гурван жилийн хугацаагаар томилж, Компанийн тухай хуульд[4] заасан үндэслэлээр чөлөөлнө. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.

 

19.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар томилно.

 

19.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувийг тухайн төсвийн жилийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.

 

19.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараахь шалгуурыг хангасан байна:

 

19.5.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

 

19.5.2.банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

 

19.5.3.ял шийтгэлгүй байх;

19.5.4.төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;

19.5.5.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

 

19.5.6.банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;

 

19.5.7.зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

 

19.5.8.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх.

 

19.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 19.5, Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараахь шалгуурыг хангасан байна.

 

19.6.1.төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх, сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;

 

19.6.2.банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;

 

19.6.3.банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх.

 

20 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх

 

20.1.Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:

 

20.1.1.Хөгжлийн банкны дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан батлах;

 

20.1.2.Хөгжлийн банкны тухайн жилийн бизнес төлөвлөгөөг батлах;

20.1.3.үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;

20.1.4.Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах журам батлах, түүнтэй гэрээ байгуулах, дүгнэх;

 

20.1.5.Хөгжлийн банкны зохион байгуулалтын бүтэц, жилийн төсөв, орон тооны дээд хязгаарыг батлах;

 

20.1.6.Хөгжлийн банкны зээлийн, хөрөнгө оруулалтын, эрсдэлийн удирдлагын, актив, пассивын удирдлагын бодлогыг батлах;

 

20.1.7.энэ хуулийн 25.1-д заасан үзүүлэлт, журмын төсөлд санал хүргүүлэх;

 

20.1.8.хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын санал хүргүүлэх;

 

20.1.9.энэ хуулийн 25.1-д заасан журам, 28.1-д заасан хязгаарлалтыг мөрдөж ажиллах;

 

20.1.10.хувьцаа эзэмшигчид жил бүр ажлаа тайлагнах;

20.1.11.Хөгжлийн банкны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх;

 

20.1.12.банкны дотоод аудитын нэгжийг гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулж, түүний төсөв, орон тоог батлах, ажилтныг томилох, цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

 

20.1.13.аудитын байгууллагыг сонгох.

 

20.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүрэгт Компанийн тухай хуулийн 76.1.2, 76.1.3-т заасан эрх, үүрэг хамаарахгүй.

 

20.3.Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл сард нэгээс доошгүй удаа хуралдана.

 

20.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэйгээр хуралдааныг хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

 

20.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд гаргасан саналынхаа төлөө Компанийн тухай хуулийн 84.8, 84.9, 85 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

 

20.6.Төлөөлөн удирдах зөвлөл үйл ажиллагааныхаа журмыг тогтооно.

 

21 дүгээр зүйл.Гүйцэтгэх удирдлага, түүний бүрэн эрх

 

21.1.Гүйцэтгэх удирдлага нь Хөгжлийн банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

 

21.2.Гүйцэтгэх удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.

 

21.3.Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, газрын захирлуудыг энэ хуулийн 20.1.4-т заасан журмын дагуу олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө.

 

21.4.Гүйцэтгэх захирал нь дараахь шаардлагыг хангасан байна:

 

21.4.1.банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, санхүүгийн салбарт удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

 

21.4.2.ял шийтгэлгүй, ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;

 

21.4.3.төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон бусад шаардлага.

 

21.5.Гүйцэтгэх удирдлага Компанийн тухай хуульд зааснаас гадна дараахь эрхийг хэрэгжүүлнэ:

 

21.5.1.хуульд төлөөлөн удирдах зөвлөл батлахаар зааснаас бусад Хөгжлийн банкны дотоод дүрэм, журам, заавар, аргачлал болон хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг батлах;

 

21.5.2.санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар шийдвэр гаргах;

 

21.5.3.Хөгжлийн банкны жилийн төсвийг боловсруулан батлуулж, батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэлийг тайлагнах;

 

21.5.4.шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх;

21.5.5.төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд Хөгжлийн банкийг төлөөлөх, гэрээ, хэлцэл байгуулах;

 

21.5.6.хүний нөөцийн бодлого, цалингийн сүлжээ батлах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, түүнд олгох урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах;

 

21.5.7.Хөгжлийн банкны нэрийн өмнөөс холбогдох мэдээ, тайланг харилцагчаас шаардан авах, тэдний тайлан тэнцэлтэй танилцах, шалгах, хууль тогтоомжийн дагуу хөрөнгийг барьцаалах, санхүүжилтийг түр зогсоох;

 

21.6.Гүйцэтгэх удирдлага дараахь үүрэг хүлээнэ:

 

21.6.1.Хөгжлийн банкны үйл ажиллагааны дунд, урт хугацааны стратеги, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

 

21.6.2.энэ хуулийн 25.1-д заасан журам, 28.1-д заасан хязгаарлалтыг мөрдөж ажиллах;

 

21.6.3.санхүүгийн сахилга батыг сахиулах, Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагааг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

 

21.6.4.банкны дотоод нэгжүүд болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанийн үйл ажиллагааны уялдааг хангах;

 

21.6.5.хөрөнгө оруулах төсөл, хөтөлбөрийн болон зээлийн шинжилгээ, үнэлгээ хийх зориулалтаар мэдээллийн сан бүрдүүлэх;

 

21.6.6.зээлийн болон дотоод хяналт, шалгалтын тогтолцоо бүрдүүлэх;

21.6.7.Хөгжлийн банкны өмнө хүлээсэн бусад этгээдийн үүргийг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

 

21.6.8.үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах;

 

21.6.9.хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, эх үүсвэрийн чөлөөт үлдэгдлийг зах зээлд хөрвөх чадвартай санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

 

21.6.10.Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, зээлийн талаархи мэдээллийг цаг тухайд нь гаргаж, тэдгээрийн үнэн зөв байдлыг хариуцах;

 

21.6.11.Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, олгосон зээлийн хэмжээ, гаргасан үнэт цаас, түүний борлуулалтын хэмжээ, эх үүсвэр татан төвлөрүүлэлт, үр ашгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар санал боловсруулан төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулах;

 

21.6.12.Хөгжлийн банкны санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

 

21.6.13.хувийн ашиг сонирхолтой нь холбогдсон асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцохгүй байх;

 

21.6.14.төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө ажлаа улирал бүр тайлагнах;

 

21.6.15.энэ хуулийн 8.1.7-д заасан болон Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч этгээдийн эрх бүхий албан тушаалтнаар томилогдохоос бусад тохиолдолд өөр байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй байх;

 

21.6.16.энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан Хөгжлийн банкны мэдээллийг нийтэд тайлагнах явцад хяналт тавих.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТАЛААРХИ ТӨРИЙН

 БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ,

ХАМТЫН АЖИЛЛАГАА

 

22 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

 

22.1.Монгол Улсын Их Хурал Хөгжлийн банкны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

22.1.1.Хөгжлийн банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэртэй танилцах;

 

22.1.2.Хөгжлийн банкны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд хийсэн аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах.

 

            22.2.Улсын Их Хурал Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй.

 

23 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

 

23.1.Засгийн газар Хөгжлийн банкны талаар Компанийн тухай хуулийн 62.1-д заасан хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

23.1.1.Хөгжлийн банкны буцаан худалдан авах нөхцөлтэй гаргасан урт хугацаат үнэт цаасыг худалдан авах, хөрөнгө оруулалт хийх;

 

23.1.2.Хөгжлийн банкны санхүүгийн тайлангийн талаархи аудитын дүгнэлтийг баталж, түүний үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийн хамт Монгол Улсын Их Хуралд хүргүүлэх;

 

23.1.3.Хөгжлийн банкны санхүү, төлбөрийн чадварын хэвийн, тогтвортой байдлыг хангах цогц арга хэмжээ авах;

 

23.1.4.Хөгжлийн банкны дүрмийг батлах;

23.1.5.Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх;

 

23.1.6.Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хоёр жил тутамд ээлжит хяналт, шалгалт хийх ба шаардлагатай тохиолдолд ээлжит бус хяналт, шалгалт хийх;

 

23.1.7.Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг батлах;

 

23.1.8.Засгийн газраас Хөгжлийн банкинд баталгаа гаргаж болох ба уг харилцааг Өрийн удирдлагын тухай хуульд[5] заасны дагуу зохицуулна.

 

23.2.Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан батлахгүй.

 

24 дүгээр зүйл.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

   төв байгууллагын бүрэн эрх

 

24.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөгжлийн банкны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

24.1.1.Хөгжлийн банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах талаар санал боловсруулж Засгийн газарт хүргүүлэх;

 

24.1.2.энэ хуулийн 5.1-д заасан чиг үүргийн хэрэгжилтийн хүрээнд шаардлагатай мэдээллийг Хөгжлийн банкнаас гаргуулан авах;

 

24.1.3.Хөгжлийн банкны санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр дамжуулан Засгийн газарт хүргэх.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО,

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯЗГААРЛАЛТ

 

25 дугаар зүйл.Хөгжлийн банканд тавих хяналт

 

25.1.Хөгжлийн банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан Монголбанк батална.

 

25.2.Энэ хуулийн 25.1-д заасан журам, 28.1-д заасан хязгаарлалтыг Хөгжлийн банк хэрхэн мөрдөж байгаад Монголбанк хяналт тавьж, шалгалт хийнэ.

 

25.3.Засгийн газар энэ хуулийн 23.1.6-д заасны дагуу хяналт, шалгалт хийнэ.

 

25.4.Энэ хуулийн 25.3-т заасан хяналт, шалгалт хийх журмыг Засгийн газар батална.

 

26 дугаар зүйл.Хөгжлийн банкны дотоод аудит

 

26.1.Хөгжлийн банк нь төлөөлөн удирдах зөвлөлийн шууд удирдлагад үйл ажиллагаа явуулах дотоод аудитын нэгжтэй байна.

 

26.2.Хөгжлийн банкны дотоод аудитын нэгж нь төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан банкны бодлого, төлөвлөгөө, төсөв болон бусад шийдвэрийн хэрэгжилт, дотоод хяналтын үйл ажиллагаанд аудит хийж, зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

26.3.Дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааны журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална.

 

27 дугаар зүйл.Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн

хэрэгжилтэд тавих хяналт

 

27.1.Хөгжлийн банк хянан шалгагчтай байх бөгөөд хянан шалгагч нь энэ хууль болон гэрээний дагуу тус банкны эх үүсвэрийг ашиглаж байгаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийнэ.

 

27.2.Хянан шалгагч дараахь эрхтэй байна:

 

27.2.1.төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн данс бүртгэл, тайлан тэнцэл, санхүүгийн баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа болон шаардлагатай бусад материалыг гаргуулан авах;

 

27.2.2.төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж явцын тайлан, холбогдох саналаа Хөгжлийн банкны удирдлагад танилцуулах;

 

27.2.3.хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг холбогдох эрх бүхий улсын байцаагчид тавьж шийдвэрлүүлэх.

 

27.3.Хянан шалгагчийн бүрэн эрхийн хугацаа, эрх, үүргийг энэ хуульд нийцүүлэн Хөгжлийн банкны дүрмээр тогтооно.

 

28 дугаар зүйл.Хөгжлийн банкны үйл ажиллагаанд тавих хязгаарлалт

 

28.1.Хөгжлийн банкны үйл ажиллагаанд дараахь хязгаарлалт тавигдана:

 

28.1.1.зээл, баталгаа, зээлтэй адилтгах актив хөрөнгийн нийт дүн нь өөрийн хөрөнгийг 30 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй бөгөөд түүний хэмжээг Монголбанк тогтооно.

 

 28.1.2.Монголбанк нь том зээлдэгчийг тодорхойлох, түүнд олгох зээлийн дээд хэмжээ болон нийт хэмжээг тогтоох, тайлагнах журмыг батална. Нэг зээлдэгч болон түүнд холбогдох этгээдэд олгох зээлийн нийт хэмжээ нь Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 8 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс хэтрэхгүй байна.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛ, ИЛ ТОД БАЙДАЛ

 

29 дүгээр зүйл.Санхүүгийн тайлагнал

 

29.1.Хөгжлийн банкны санхүүгийн тайланд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгосон олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жил бүр аудит хийлгэж, дүгнэлтийг жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт төлөөлөн удирдах зөвлөлөөс Монголбанк, Засгийн газарт хүргүүлнэ.

 

29.2.Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага хариуцна.

 

29.3.Хөгжлийн банк нь холбогдох тайлан, мэдээллийг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

29.4.Энэ хуулийн 29.3-т заасан тайлан, мэдээлэл гаргах журам, загвар, маягтыг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

 

30 дугаар зүйл.Ил тод байдал

 

30.1.Хөгжлийн банкны жилийн эцсийн аудит хийсэн санхүүгийн тайланг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

 

30.2.Хөгжлийн банк шаардлагатай мэдээллийг хуульд заасны дагуу гаргаж өгнө.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

 

31 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

31.1.Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд шүүгч, эсхүл холбогдох улсын байцаагч доор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:

 

31.1.1.энэ хуулийн 10.1-т заасныг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан таваас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

31.1.2.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан хяналт шалгалтад саад учруулсан бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан таваас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

31.1.3.төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан буюу гүйлгээг саатуулсан ажилтан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  арваас дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

31.1.4.тайлан тэнцэл, мэдээ баримтыг зохих хууль, журмын дагуу гаргаж өгөөгүй буюу энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу холбогдох байгууллагад хүргүүлээгүй, нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

31.1.5.нийтлүүлсэн тайлан, мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол уг тайлан, мэдээллийг баталгаажуулсан Гүйцэтгэх захирал, эрх бүхий бусад албан тушаалтныг тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан таваас хоёр зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

31.1.6.энэ хуулийн 8.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан таваас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

 

32 дугаар зүйл.Хүчин төгөлдөр болох

 

32.1.Энэ хуулийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                             

 

[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 47 дугаарт нийтлэгдсэн.

[3] Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны  

  тухай  хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1996 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[4] Компанийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 42 дугаарт нийтлэгдсэн.

[5] Өрийн удирдлагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 09 дугаарт нийтлэгдсэн.