Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/

2017/01/26 16:29 853

 

2017 оны 01 сарын 26 өдөр                                                                 Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

АРБИТРЫН  ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

 

2.1.Арбитрын ажиллагааны харьяалал нь Монгол Улс бол энэ хууль үйлчилнэ.

 

2.2.Арбитрын ажиллагааны харьяалал нь Монгол Улсаас өөр улс, эсхүл тодорхойлогдоогүй байсан ч арбитрын ажиллагаанд энэ хуулийн 10, 11, 27, 28, 29, 39, 48, 49 дүгээр зүйл үйлчилнэ.

 

            3 дугаар зүйл.Арбитрын ажиллагаа

 

3.1.Арбитрын ажиллагаа гэдэгт байнгын, эсхүл түр арбитраас явуулж байгаа арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагааг ойлгоно.

 

3.2.Олон улсын арбитрын ажиллагаанд дараахь арбитрын ажиллагаа хамаарна:

 

            3.2.1.арбитрын хэлэлцээр байгуулах үед уг хэлэлцээрийн талууд өөр өөр улсад үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа;

 

                                    3.2.2.арбитрын хэлэлцээрт заасан, эсхүл түүнд тодорхойлсон  арбитрын ажиллагааны харьяалал нь талуудын үйл ажиллагаа явуулж байгаа газраас өөр тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа;

 

                                    3.2.3.арилжааны харилцаанаас үүсэх үүргийн ихэнхийг гүйцэтгэх газар, эсхүл маргааны зүйлтэй илүү холбоотой газар нь талуудын үйл ажиллагаа явуулж байгаа газраас өөр тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа;

 

                                    3.2.4.арбитрын хэлэлцээрээс үүсэх харилцаа нэгээс олон улсад хамаарна гэдгийг талууд тодорхой тохиролцсон тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа.

 

            3.3.Энэ хуулийн 3.2-т заасныг тодорхойлохдоо:

 

                                    3.3.1.аль нэг тал үйл ажиллагаагаа хэд хэдэн газар явуулдаг бол арбитрын хэлэлцээрт илүү холбоотойг нь үйл ажиллагаа явуулж байгаа газар гэж үзнэ;

 

                                    3.3.2.аль нэг тал үйл ажиллагаа явуулдаг газаргүй бол түүний байнгын оршин байгаа газрыг үйл ажиллагаа явуулж байгаа газар гэж үзнэ.

 

            3.4.Дотоодын арбитрын ажиллагаа гэж олон улсын арбитрын ажиллагаанаас бусад арбитрын ажиллагааг ойлгоно.

 

4 дүгээр зүйл.Баримт бичгийг хүлээн авсанд тооцох

 

4.1.Баримт бичгийг хүргэсэн өдрийг түүнийг хүлээн авсан өдөр гэж үзнэ.

 

4.2.Талууд өөрөөр тохиролцоогүй бол дараахь нөхцөлд баримт бичгийг хүлээн авсанд тооцно:

 

            4.2.1.аливаа баримт бичгийг хүлээн авагч талд биечлэн хүргэсэн, эсхүл түүний үйл ажиллагаа явуулдаг, эсхүл байнга оршин байгаа /оршин суугаа/ газарт, эсхүл шуудангийн хаягаар хүргэснээр;

 

            4.2.2.шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан боловч энэ хуулийн 4.2.1-д заасан хаягийг тогтоох боломжгүй бол баримт бичгийг хүлээн авагчийн хамгийн сүүлд үйл ажиллагаа явуулж байсан, эсхүл оршин байсан /оршин сууж байсан/, түүнчлэн хамгийн сүүлд мэдэгдэж байсан хаягаар нь баталгаат шуудангаар, мөн тийнхүү хүргүүлэх шаардлагатай арга хэмжээ авч байсныг баталгаажуулсан бусад аргаар илгээснээр.

 

4.3.Энэ хуулийн 4.1, 4.2 дахь хэсэг нь шүүхийн ажиллагаанд хамаарахгүй.

 

5 дугаар зүйл.Гомдол гаргах эрхээсээ татгалзах

 

5.1.Аль нэг тал нь энэ хуульд зааснаас өөрөөр талууд тохиролцож болох боломжтой заалтын талаар, эсхүл арбитрын хэлэлцээрийн аль нэг шаардлагыг биелүүлээгүй болохыг мэдэж байсан боловч тэр тухай даруй, эсхүл тогтоосон хугацааны дотор гомдол гаргалгүйгээр арбитрын ажиллагаанд үргэлжлүүлэн оролцсон бол түүнийг гомдол гаргах эрхээсээ татгалзсан гэж үзнэ.

 

6 дугаар зүйл.Шүүхийн оролцоо

 

6.1.Шүүх энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд арбитрын ажиллагаанд оролцож үл болно.

 

6.2.Энэ хуулийн 11.1, 13.4, 13.5, 15.3, 16.1, 18.7, 39.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлд заасан шүүхийн чиг үүргийг арбитрын ажиллагаа явагдсан газрын иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, харин олон улсын арбитрын ажиллагааны хувьд нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгжүүлнэ.

 

6.3.Энэ хуулийн  27, 29, 48, 51 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хариуцагчийн оршин суугаа газрын, эсхүл түүний эд хөрөнгө нь байгаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгжүүлнэ.

 

7 дугаар зүйл.Арбитрын төрөл

 

7.1.Арбитр нь байнгын, эсхүл түр байж болно.

 

7.2.Байнгын арбитр нь арбитрын ажиллагааны дүрэмтэй байна. Байнгын арбитр нь энэ хуулийн 13.4, 16.1-д заасан хүсэлтийг эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхээр дүрэмдээ зааж болно.

 

7.3.Монгол Улсад байнгын арбитрыг худалдаа, аж үйлдвэрийн танхим, худалдаа үйлдвэрлэгчийн болон хэрэглэгчийн зэрэг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дэргэд байгуулж болно.

 

7.4.Энэ хуулийн 7.3-т заасан байнгын арбитр нь арбитрын ажиллагааг явуулах байр, хүний нөөцтэй байна.

 

7.5.Түр арбитрыг талуудын харилцан тохиролцсон журмын дагуу байгуулна.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

АРБИТРЫН ХЭЛЭЛЦЭЭР

 

8 дугаар зүйл.Арбитрын хэлэлцээр, түүний хэлбэр

 

8.1.Арбитрын хэлэлцээр гэж гэрээний үндсэн дээр үүссэн эсэхээс үл хамааран бий болсон эрх зүйн харилцаатай холбоотойгоор талуудын хооронд үүссэн, эсхүл үүсч болох аливаа маргаан, эсхүл түүний тодорхой хэсгийг арбитрын журмаар шийдвэрлүүлэх тухай талуудын тохиролцоог хэлнэ.

 

8.2.Арбитрын хэлэлцээр нь гэрээний нэг хэсэг, эсхүл бие даасан гэрээ байж болно.

 

8.3.Арбитрын хэлэлцээрийг бичгээр хийнэ.

 

8.4.Арбитрын хэлэлцээрийг амаар, бодит үйлдлээр, эсхүл бусад арга хэрэгслээр хийснээс үл хамааран түүний агуулгыг ямар нэг хэлбэрээр баримтжуулсан бол бичгээр байгуулсан гэж үзнэ.

 

8.5.Цахим харилцаа холбоонд агуулагдсан мэдээлэлд нэвтэрч, түүнийг ашиглах боломжтой бол энэ хуулийн 8.3-т заасан шаардлагыг мэдээллийн өгөгдөл солилцох хэлбэрээр хангасанд тооцно.

 

            8.6.Цахим харилцаа холбоо гэдэгт талууд хоорондоо мэдээллийн өгөгдөл ашигласан аливаа харилцааг ойлгоно.

 

            8.7.Мэдээллийн өгөгдөл гэдэгт цахим, соронзон, гэрлийн болон бусад ижил төстэй арга хэлбэрээр бий болгосон, илгээсэн, хүлээн авсан, эсхүл хадгалсан мэдээлэл, цахим өгөгдөл солилцоо, цахим шуудан, цахилгаан, телексийг ойлгоно.

 

8.8.Нэхэмжлэл болон хариу тайлбарт арбитрын хэлэлцээр байгаа талаар тусгаж, нөгөө тал нь түүнийг үгүйсгээгүй бол арбитрын хэлэлцээрийг бичгээр үйлдсэн гэж үзнэ.

 

8.9.Арбитрын тухай заалт бүхий ямар нэг баримт бичгийг талуудын хооронд байгуулсан гэрээнд эш татсан бөгөөд энэ нь тухайн гэрээний хэсэг болохыг гэрээнд тусгайлан заасан бол үүнийг арбитрын хэлэлцээр гэж үзнэ.

 

8.10.Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээ хүчин төгөлдөр эсэх, аль нэг тал нь гэрээнээс татгалзсан, эсхүл үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон эсэхээс үл хамааран түүний хэсэг болох арбитрын хэлэлцээр хүчинтэй байна.

 

8.11.Хэрэглэгчийн эрхтэй холбоотой маргааны тухайд арбитрын хэлэлцээрийг гагцхүү маргаан үүссэний дараа талууд бичгээр тусад нь байгуулах бөгөөд арбитрын ажиллагааны харьяаллыг заасан байна.

 

9 дүгээр зүйл.Арбитрын харьяаллын маргаан

 

9.1.Шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

 

10 дугаар зүйл.Арбитрын хэлэлцээр ба шүүхэд нэхэмжлэл гаргах

 

10.1.Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно.

 

10.2.Энэ хуулийн 10.1-д зааснаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд арбитр нь шүүхийн ажиллагаа явагдаж байх хугацаанд арбитрын ажиллагааг эхлүүлэх, эсхүл үргэлжлүүлэх, арбитрын үндсэн шийдвэр гаргах эрхтэй.

 

11 дүгээр зүйл.Арбитрын хэлэлцээр ба шийдвэрийн биелэлтийг

      баталгаажуулахаар шүүхээс авах арга хэмжээ

 

11.1.Арбитрын ажиллагаа эхлэхээс өмнө, эсхүл уг ажиллагааны явцад арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах энэ хуулийн 19.2-т заасан арга хэмжээ авахуулахаар шүүхэд хүсэлт гаргасан, шүүх уг хүсэлтийг хангасан шийдвэр гаргасан нь арбитрын хэлэлцээрийг зөрчсөнд тооцогдохгүй.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮН, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

 

12 дугаар зүйл.Арбитрын бүрэлдэхүүн

 

            12.1.Арбитрын бүрэлдэхүүн гэж тухайн маргааныг шийдвэрлэх нэг, эсхүл хэд хэдэн арбитрчийг ойлгоно.

 

12.2.Талууд арбитрчийн тоог харилцан тохиролцож тогтоох эрхтэй.

 

12.3.Талууд арбитрчийн тоог тохиролцоогүй бол тухайн маргаанд арбитрын ажиллагаа явуулах арбитрчийн тоо гурав байна.

 

13 дугаар зүйл.Арбитрчийг томилох журам

 

13.1.Талууд дараахь шаардлагыг хангасан этгээдийг арбитрчаар томилж болно:

 

            13.1.1.талуудын харилцан тохиролцож тогтоосон мэргэжил, ур чадварын тусгай шаардлагад нийцсэн;

 

            13.1.2.хараат бус, бие даасан байх;

            13.1.3.өөр ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглосон хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх.

 

13.2.Талууд өөрөөр тохиролцоогүй бол хэнийг ч иргэний харьяаллаас нь шалтгаалж арбитрчаар томилохоос татгалзаж болохгүй.

 

13.3.Талууд энэ хуулийн 13.5, 13.6, 13.7, 13.8-д зааснаас бусад тохиолдолд арбитрчийг томилох журмыг харилцан тохиролцож тогтоох эрхтэй.

 

13.4.Талууд арбитрчийг томилох журмыг тохиролцоогүй бол дараахь журмыг баримтална:

 

            13.4.1.арбитрын ажиллагаанд гурван арбитрч оролцох бол тал тус бүр нэг арбитрчийг томилох ба томилогдсон хоёр арбитрч гурав дахь арбитрчийг томилно. Арбитрч томилох тухай хүсэлтийг нөгөө талаас  хүлээн авсан тал тийнхүү хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор арбитрчаа томилоогүй, эсхүл хоёр арбитрч томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор гурав дахь арбитрчийг томилох талаар тохиролцоонд хүрээгүй бол аль нэг талын хүсэлтээр арбитрчийг  шүүх, эсхүл талуудын сонгосон арбитрын дүрэмд заасан, эсхүл талуудын тохиролцсон эрх бүхий этгээд /цаашид “эрх бүхий этгээд” гэх/ томилно;

 

            13.4.2.арбитрын ажиллагаанд нэг арбитрч оролцох үед талууд арбитрчийг томилох талаар тохиролцоонд хүрээгүй бол аль нэг талын хүсэлтээр  арбитрчийг шүүх, эсхүл эрх бүхий этгээд томилно.

 

13.5.Талууд арбитрчийг томилох журмыг харилцан тохиролцсон боловч дараахь нөхцөлийн аль нэг үүссэн бөгөөд арбитрчийг томилох өөр аргыг уг журамд заагаагүй бол аль нэг тал арбитрч томилуулах хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй:

 

            13.5.1.аль нэг тал арбитрчийг томилох үүргээ биелүүлээгүй;

            13.5.2.талууд, эсхүл тэдгээрийн томилсон хоёр арбитрч гурав дахь арбитрчийг томилох талаар тохиролцоонд хүрч чадаагүй;

 

            13.5.3.арбитрчийг томилох журмаар эрх олгосон байнгын арбитр, эсхүл эрх бүхий этгээд арбитрчийг томилох  үүргээ хэрэгжүүлээгүй.

 

13.6.Энэ хуулийн 13.4, 13.5-д заасан асуудлаар гаргасан шийдвэр эцсийн шийдвэр байна.

 

13.7.Шүүх арбитрчийг томилохдоо арбитрын хэлэлцээрт заасан шаардлагыг харгалзах бөгөөд арбитрчийн хараат бус, бие даасан байх шаардлага хангасан этгээдийг арбитрчаар томилно.

 

13.8.Шүүх олон улсын арбитрын маргааны хувьд маргааныг дангаар шийдвэрлэх арбитрч, эсхүл гурав дахь арбитрчийг томилохдоо боломжтой бол талуудаас өөр иргэншилтэй арбитрчийг томилно.

 

14 дүгээр зүйл.Арбитрчийг татгалзан гаргах үндэслэл

 

14.1.Арбитрчаар томилогдох этгээд өөрийн хараат бус, бие даасан байдалд эргэлзээ төрүүлэхүйц үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар мэдэгдэх үүрэгтэй. Арбитрч дээр дурдсан нөхцөл байдлын талаар талуудад өмнө нь мэдэгдээгүй бол арбитрчаар томилогдсоноос хойш арбитрын ажиллагааны явцад тэрхүү нөхцөл байдлын талаар талуудад даруй мэдэгдэнэ.

 

14.2.Арбитрчийг гагцхүү хуулиар тогтоосон болон талуудын тохиролцсон мэргэжил, ур чадварын шаардлагад нийцээгүй, эсхүл арбитрчийн хараат бус, бие даасан байдалд эргэлзээ төрүүлэхүйц үндэслэл бүхий нөхцөл байдал байгаа үндэслэлээр татгалзан гаргана.

 

14.3.Аль нэг тал өөрийн томилсон, эсхүл томилоход оролцсон арбитрчийг татгалзан гаргах үндэслэл байгааг түүнийг томилсныхоо дараа мэдсэн тохиолдолд татгалзан гаргаж болно.

 

15 дугаар зүйл.Арбитрчийг татгалзан гаргах журам

 

15.1.Энэ хуулийн 15.3-т зааснаас бусад тохиолдолд талууд арбитрчийг татгалзан гаргах журмыг тохиролцож болно.

 

15.2.Талууд арбитрчийг татгалзан гаргах журмыг тохиролцоогүй бол арбитрчийг татгалзах хүсэлтэй байгаа тал арбитрын бүрэлдэхүүний талаар, эсхүл энэ хуулийн 14.2-т заасан нөхцөл байдлын талаар мэдсэнээс хойш 14 хоногийн дотор татгалзан гаргах хүсэлтээ бичгээр үйлдэн арбитрын бүрэлдэхүүнд хүргүүлнэ. Татгалзан гаргах хүсэлтэд нэр дурдсан арбитрч өөрийн хүсэлтээр үүргээсээ чөлөөлөгдсөн, эсхүл нөгөө тал татгалзлыг хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд татгалзан гаргах хүсэлтийг бичгээр хүлээн авснаас хойш 30 хоногийн  дотор арбитрын бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.

 

15.3.Энэ хуулийн 15.2-т заасан, эсхүл талуудын тохиролцсон журмын дагуу татгалзан гаргах хүсэлтийг хангаагүй бол хүсэлт гаргасан тал шийдвэрийг хүлээн авснаас хойш олон улсын арбитрын ажиллагааны хувьд 30 хоногийн дотор, дотоодын арбитрын ажиллагааны хувьд 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Уг гомдлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна. Шүүхэд гаргасан тухайн гомдлыг шийдвэрлэж дуусах хүртэл татгалзан гаргах хүсэлтэд нэр заасан арбитрчийг оролцуулан арбитрын бүрэлдэхүүн маргаан шийдвэрлэх ажиллагаагаа үргэлжлүүлж, үндсэн шийдвэр гаргаж болно.

 

16 дугаар зүйл.Арбитрч үүргээ гүйцэтгэж чадахгүй, эсхүл                                                                                  гүйцэтгэх боломжгүй болох

 

16.1.Арбитрч бодит шалтгааны улмаас, эсхүл хууль зүйн хувьд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, эсхүл бусад шалтгаанаар үүргээ тасралтгүй гүйцэтгэж чадахгүй болсон үндэслэлээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, эсхүл талууд түүнийг үүргээс нь чөлөөлөхөөр тохиролцсон бол түүний бүрэн эрх дуусгавар болно. Эдгээр үндэслэл эргэлзээ төрүүлэхүйц байгаа бол аль нэг тал арбитрчийн бүрэн эрхийг дуусгавар болгох талаар шүүх, эсхүл эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаж болох бөгөөд хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэр эцсийн шийдвэр байна.

 

16.2.Энэ хуулийн 15.2, 16.1-д заасны дагуу арбитрч өөрөө үүргээсээ чөлөөлөгдсөн, эсхүл талууд бүрэн эрхийг нь дуусгавар болгохоор тохиролцсоныг энэ хуулийн 14.2, 16.1-д заасан үндэслэлийг нотолсон гэж тооцохгүй.

 

17 дугаар зүйл.Арбитрчийг нөхөн томилох

 

17.1.Энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан болон бусад үндэслэлээр арбитрчийн бүрэн эрх дуусгавар болсон бол шинэ арбитрчийг өмнөх арбитрчийг томилсон журмын дагуу нөхөн томилно.

 

 

18 дугаар зүйл.Маргааны харьяалал тогтоох талаархи

                                    арбитрын бүрэлдэхүүний эрх

 

18.1.Арбитрын бүрэлдэхүүн тухайн маргаан нь арбитрын харьяаллын маргаан мөн эсэх, талууд арбитрын хэлэлцээртэй эсэх, уг хэлэлцээр нь хүчин төгөлдөр эсэхийг өөрөө тогтооно.

 

18.2.Тухайн гэрээн дэх арбитрын тухай заалтыг үндсэн гэрээний бусад заалтаас тусдаа, бие даасан гэрээ гэж үзнэ. Арбитрын бүрэлдэхүүн үндсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэр гаргасан нь тэрхүү гэрээний арбитрын тухай заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

 

18.3.Талууд маргааны харьяаллын талаар гомдол гаргах бол нэхэмжлэлд тайлбар гаргахаасаа өмнө тухайн арбитрын бүрэлдэхүүнд гаргана. Арбитрчийг томилоход оролцсон нь арбитрын маргааны харьяаллын талаар гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй.

 

18.4.Талууд арбитрын ажиллагааны явцад арбитрын бүрэлдэхүүн эрх хэмжээгээ хэтрүүлж байна гэж үзвэл энэ тухай гомдлыг тухайн арбитрын бүрэлдэхүүнд даруй гаргана.

 

18.5.Энэ хуулийн 18.3, 18.4-т заасан гомдлыг хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж арбитрын бүрэлдэхүүн үзвэл гомдлыг хэдийд ч хүлээн авч болно.

 

18.6.Арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн 18.3, 18.4-т заасан гомдлын талаар тогтоол гаргах, эсхүл энэ тухай үндсэн шийдвэртээ тусгана.

 

18.7.Талууд арбитрын харьяаллын талаар гаргасан арбитрын бүрэлдэхүүний шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна.

 

18.8.Шүүхийн ажиллагаа явагдаж байх хугацаанд арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг үргэлжлүүлж, үндсэн шийдвэр гаргаж  болно.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

АРБИТРААС ГАРАХ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙГ БАТАЛГААЖУУЛАХ

АРГА ХЭМЖЭЭ, УРЬДЧИЛСАН ТОГТООЛ

 

19 дүгээр зүйл.Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаархи

                                      арбитрын бүрэлдэхүүний бүрэн эрх

 

19.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол аль нэг талын хүсэлтээр арбитрын бүрэлдэхүүн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч болно.

 

19.2.Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ /цаашид “түр арга хэмжээ” гэх/ гэдэгт маргааныг эцэслэн шийдвэрлэхээс өмнө үндсэн шийдвэрээр, эсхүл бусад хэлбэрээр аль нэг талд үүрэг болгосон дараахь хүрээнд авах түр арга хэмжээ хамаарна:

 

            19.2.1.маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл одоогийн байгаа нөхцөл байдлаа хэвээр хадгалах, эсхүл сэргээх;

 

            19.2.2.одоогийн, эсхүл учирч болох хохирлыг нэмэгдүүлэх, эсхүл арбитрын ажиллагаанд бэрхшээл учруулах үйлдэл хийхгүй байх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

 

            19.2.3.арбитрын үндсэн шийдвэрийн биелэлтийг хангахад шаардлагатай байж болох хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах;

 

            19.2.4.маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, уг маргаантай холбоотой байж болох нотлох баримтыг хамгаалах.

 

            20 дугаар зүйл.Түр арга хэмжээ авах нөхцөл

 

20.1.Энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3-т заасан түр арга хэмжээ авах тухай хүсэлт гаргасан тал дараахь нөхцөлийг нотолно:

 

            20.1.1.тухайн арга хэмжээг аваагүй тохиолдолд үндсэн шийдвэрийн дагуу төлүүлж болох хохирлыг хангалттай барагдуулах боломжгүй бөгөөд уг хохирлын хэмжээ нь тухайн арга хэмжээг авсны улмаас уг арга хэмжээнд холбогдох этгээдэд учирч болох хохирлоос үлэмж их байх;

 

            20.1.2.маргааныг хүсэлт гаргагч талд ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй  магадлал байгаа;

 

            20.1.3.энэ хуулийн 19.2-т заасан түр арга хэмжээг авахуулах хүсэлт тодорхой, ойлгомжтой, хэрэгжихүйц байх.

 

20.2.Энэ хуулийн 20.1.2-т заасан магадлалыг тогтоох нь цаашид шийдвэр гаргах арбитрын бүрэлдэхүүний дотоод итгэл үнэмшилд нөлөөлөхгүй.

 

20.3.Гагцхүү арбитрын бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзсэн бол энэ хуулийн 19.2.4-т заасан арга хэмжээ авахуулах тухай хүсэлтэд энэ хуулийн 20.1.1, 20.1.2-т заасан нөхцөл нэгэн адил хамаарна.

 

21 дүгээр зүйл.Урьдчилсан тогтоол гаргуулах тухай өргөдөл,

                                   урьдчилсан тогтоол гаргах нөхцөл

 

21.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол нэг тал нь бусад талдаа мэдэгдэхгүйгээр түр арга хэмжээ авахуулах тухай хүсэлтээ тухайн арга хэмжээний зорилгод хүрэхэд саад учруулахгүй байхыг үүрэг болгосон урьдчилсан тогтоол гаргуулах өргөдөлд хавсаргаж болно.

 

21.2.Түр арга хэмжээ авах тухай нэг талын хүсэлтийг уг хүсэлтэд холбогдох нөгөө талд урьдчилан мэдэгдэх нь уг арга хэмжээний зорилгод саад учруулах эрсдэлтэй гэж арбитрын бүрэлдэхүүн үзсэн бол урьдчилсан тогтоол гаргаж болно.

 

21.3.Энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан нөхцөл нь урьдчилсан тогтоолд нэгэн адил хамаарах бөгөөд энэ хуулийн 20.1.1-д заасны дагуу тооцох хохирол нь уг тогтоолыг гаргах эсэхээс шалтгаалах хохирол байна.

 

22 дугаар зүйл.Урьдчилсан тогтоол гаргах тусгай журам

 

22.1.Арбитрын бүрэлдэхүүн урьдчилсан тогтоол гаргуулах өргөдлийг шийдвэрлэсэн даруйдаа түр арга хэмжээ авах тухай хүсэлт, урьдчилсан тогтоол гаргуулах өргөдөл, урьдчилсан тогтоол гарсан бол уг тогтоолыг, үүнтэй холбоотойгоор арбитрын бүрэлдэхүүн аль нэг талтай амаар болон бусад хэлбэрээр харилцсан бүх мэдээллийг багтаасан мэдэгдлийг талуудад хүргүүлнэ.

 

22.2.Арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн 22.1-д заасан мэдэгдлийг өгөхийн зэрэгцээ урьдчилсан тогтоолоор үүрэг хүлээсэн талд боломжит хамгийн богино хугацаанд тайлбараа гаргах боломж олгоно.

 

22.3.Урьдчилсан тогтоолыг эс зөвшөөрсөн тайлбарыг арбитрын бүрэлдэхүүн даруй хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

22.4.Арбитрын бүрэлдэхүүний урьдчилсан тогтоол нь түүнийг гаргасан өдрөөс хойш 20 хоногийн дараа хүчингүй болно. Урьдчилсан тогтоолыг холбогдох талд мэдэгдэж, тайлбар өгөх боломж олгосны дараа арбитрын бүрэлдэхүүн урьдчилсан тогтоолыг хэвээр үлдээх, эсхүл өөрчилж түр арга хэмжээ авах тухай шийдвэр гаргаж болно.

 

22.5.Талууд урьдчилсан тогтоолыг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхгүй.

 

22.6.Урьдчилсан тогтоол нь арбитрын үндсэн шийдвэрт хамаарахгүй.

 

23 дугаар зүйл.Түр арга хэмжээ, урьдчилсан тогтоолыг өөрчлөх,

                                                түдгэлзүүлэх, дуусгавар болгох

 

23.1.Арбитрын бүрэлдэхүүн аль нэг талын өргөдлөөр, онцгой тохиолдолд талуудад мэдэгдсэний үндсэн дээр өмнө нь гаргасан шийдвэрийн биелэлт баталгаажуулах арга хэмжээ, эсхүл урьдчилсан тогтоолыг санаачилгаараа өөрчилж, түдгэлзүүлж, дуусгавар болгож болно.

 

24 дүгээр зүйл.Санхүүгийн баталгаа гаргуулах

 

24.1.Арбитрын бүрэлдэхүүн нь түр арга хэмжээ авах тухай хүсэлт гаргасан талд уг арга хэмжээтэй холбогдуулан зохих санхүүгийн баталгаа гаргахыг шаардаж болно.

 

24.2.Арбитрын бүрэлдэхүүн зохимжгүй, эсхүл шаардлагагүй гэж үзсэнээс бусад тохиолдолд урьдчилсан тогтоол гаргуулах тухай өргөдөл гаргасан талаас уг тогтоолтой холбогдуулан санхүүгийн баталгаа гаргахыг шаардана.

 

25 дугаар зүйл.Мэдээллийг ил болгох

 

25.1.Арбитрын бүрэлдэхүүн түр арга хэмжээ авах хүсэлт гаргах, уг хүсэлтийг хангах үндэслэл болсон нөхцөл байдалд бодит өөрчлөлт гарсан тохиолдолд энэ талаар даруй мэдээлэхийг аль ч талаас шаардаж болно.

 

25.2.Урьдчилсан тогтоол гаргуулах тухай өргөдөл гаргасан тал уг тогтоолыг гаргах, эсхүл түүнд өөрчлөлт оруулах тухай шийдвэрт хамааралтай байж болох аливаа нөхцөл байдлыг арбитрын бүрэлдэхүүнд мэдээлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүрэг нь нөгөө тал тайлбараа гаргах хүртэл хугацаанд хэвээр хадгалагдана.

 

26 дугаар зүйл.Зардал, хохирлыг гаргуулах

 

26.1.Тухайн нөхцөл байдалд түр арга хэмжээ авах, урьдчилсан тогтоол гаргах шаардлагагүй байсныг арбитрын бүрэлдэхүүн хожим тогтоосон бол түүний улмаас аль нэг талын гаргасан зардал, учирсан хохирлыг уг түр арга хэмжээ авах тухай хүсэлт, урьдчилсан тогтоол гаргуулах тухай өргөдөл гаргасан тал хариуцна.

 

26.2.Арбитрын бүрэлдэхүүн нь маргаан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 26.1-д заасан зардал, хохирлыг нөхөн төлүүлэх тухай шийдвэр гаргаж болно.

 

27 дугаар зүйл.Түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх

 

27.1.Арбитрын бүрэлдэхүүнээс авсан түр арга хэмжээг талууд биелүүлэх үүрэгтэй.

 

27.2.Арбитрын бүрэлдэхүүн өөрөөр тогтоогоогүй бол энэ хуулийн 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд, уг түр арга хэмжээ авах шийдвэрийг гүйцэтгүүлэхээр аль улсад гарснаас үл хамааран харьяалах шүүхэд өргөдөл гаргаж болно.

 

27.3.Түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгүүлэх өргөдөл гаргасан, эсхүл түүнд дурдсан хүсэлтээ хангуулсан тал нь тухайн арга хэмжээг өөрчилсөн, түдгэлзүүлсэн, цуцалсан тухай харьяалах шүүхэд даруй мэдэгдэх үүрэгтэй.

 

27.4.Санхүүгийн баталгаа гаргах талаар арбитрын бүрэлдэхүүн шийдвэр гаргаагүй боловч энэ нь гуравдагч этгээдийн эрхийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэж шүүх үзвэл энэ хуулийн 27.2-т заасан хүсэлт гаргасан талд санхүүгийн баталгаа гаргах үүрэг хүлээлгэж болно.

 

28 дугаар зүйл.Түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэхээс

                                                  татгалзах үндэслэл

 

28.1.Шүүх доор дурдсан аль нэг үндэслэлээр түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэхээс татгалзаж болно:

 

            28.1.1.түр арга хэмжээгээр үүрэг хүлээсэн талын хүсэлтээр дараахь  нөхцөлийн аль нэг нь байгаа гэж шүүх үзсэн:

 

                        28.1.1.а.энэ хуулийн 49.1.1.а, 49.1.1.б, 49.1.1.в, 49.1.1.г-д заасан үндэслэл байгаа;

 

                        28.1.1.б.түр арга хэмжээтэй холбогдуулан санхүүгийн баталгаа гаргах талаар арбитрын бүрэлдэхүүний шийдвэрийг биелүүлээгүй;

 

                        28.1.1.в.тухайн арбитрын бүрэлдэхүүн, эсхүл эрх олгогдсон бол арбитрын ажиллагаа харьяалагдах газрын шүүх, эсхүл түр арга хэмжээ авах шийдвэр гаргасан улсын хуулиар уг шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг түдгэлзүүлсэн, цуцалсан.

 

            28.1.2.шүүх дараахь нөхцөл байдлын аль нэгийг тогтоосон:

 

                        28.1.2.а.шүүх түр арга хэмжээний гүйцэтгэлийг хангах зорилгоор түүний үндсэн агуулгад өөрчлөлт оруулахгүйгээр өөрийн эрх хэмжээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамдаа нийцүүлэн түр арга хэмжээг өөрчлөн томьёолохоор шийдвэрлэснээс бусад тохиолдолд уг түр арга хэмжээ нь шүүхийн бүрэн эрхэд хамаарахгүй  байгаа;

 

                        28.1.2.б.энэ хуулийн 49.1.2.а, 49.1.2.б-д заасан аль нэг үндэслэл нь түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэхэд хамаарч байгаа.

 

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан аль нэг үндэслэлээр шүүхээс гаргасан шийдвэр нь гагцхүү түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэхэд хүчин төгөлдөр үйлчилнэ. Түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай өргөдөл хүлээн авсан шүүх нь шийдвэр гаргахдаа тухайн түр арга хэмжээний үндсэн агуулгыг хянахгүй.

 

29 дүгээр зүйл.Шүүхээс авах түр арга хэмжээ

 

29.1.Арбитрын ажиллагааны харьяалал нь Монгол Улс мөн эсэхээс үл хамааран арбитрын ажиллагаатай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэхдээ шүүх түр арга хэмжээ авч болно. Шүүх энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ олон улсын арбитрын ажиллагааны онцлогийг харгалзан үзнэ.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

АРБИТРЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ

 

30 дугаар зүйл.Талуудын тэгш эрхийг хангах

 

30.1.Арбитрын ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох ба талууд өөрийн байр суурийг илэрхийлэх боломжоор бүрэн хангагдана.

 

31 дүгээр зүйл.Арбитрын ажиллагааны журам тогтоох

 

31.1.Талууд арбитрын ажиллагааны журмыг энэ хуулийн хүрээнд чөлөөтэй тохиролцон тогтооно.

 

31.2.Талууд арбитрын ажиллагааны журмыг тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн хүрээнд арбитрын ажиллагааг тохиромжтой гэж үзсэн журмаар явуулж болно. Арбитрын бүрэлдэхүүний бүрэн эрхэд аливаа нотлох баримтыг нотлох чадвартай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй болохыг тодорхойлох эрх хамаарна.

 

32 дугаар зүйл.Арбитрын ажиллагааны харьяалал

 

32.1.Арбитрын ажиллагааны харьяаллыг талууд тохиролцон тогтоох эрхтэй.  Ийнхүү тохиролцон тогтоогоогүй бол арбитрын бүрэлдэхүүн талуудад чирэгдэлгүй байх зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан арбитрын ажиллагааны харьяаллыг  тодорхойлно.

 

32.2.Энэ хуулийн 32.1-д заасныг үл харгалзан, талууд өөрөөр тохиролцоогүй  бөгөөд арбитрын бүрэлдэхүүн зохистой гэж үзсэн бол арбитрын бүрэлдэхүүн уулзаж зөвлөлдөх, гэрч, шинжээч, талуудын мэдүүлгийг сонсох, бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө, баримт бичигт үзлэг хийх зэрэг ажиллагааг хаана ч явуулж болно.

 

33 дугаар зүйл.Арбитрын ажиллагаа эхлэх

 

33.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол тухайн маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн авсан өдрөөс арбитрын ажиллагаа эхэлнэ.

 

34 дүгээр зүйл.Арбитрын ажиллагаа явуулах хэл

 

34.1.Талууд арбитрын ажиллагаа явуулах нэг, эсхүл хэд хэдэн хэлийг тохиролцон тогтоох эрхтэй.  

 

34.2.Арбитрын ажиллагаа явуулах хэлийг талууд  тохиролцон тогтоогоогүй бол арбитрын бүрэлдэхүүн тодорхойлно.

 

34.3.Тохиролцох буюу тодорхойлохдоо өөрөөр заагаагүй бол талуудын тохиролцсон, эсхүл арбитраас тодорхойлсон хэл нь талуудын бичгээр үйлдсэн нэхэмжлэл, тайлбар, арбитрын хуралдаан, тогтоол, шийдвэр, үндсэн шийдвэр зэрэг арбитрын бүх ажиллагаанд хамаарна.

 

34.4.Арбитрын бүрэлдэхүүн аливаа бичмэл нотлох баримтыг талуудын тохиролцсон, эсхүл арбитрын бүрэлдэхүүнээс тодорхойлсон хэлээр орчуулан хавсаргахыг талуудаас шаардаж болно.

 

35 дугаар зүйл.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар

                                   

35.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үйл баримт, тайлбарыг, хариуцагч нь тэдгээртэй холбоотой тайлбараа зохих бүрдүүлбэрийн хамт талуудын тохиролцсон, эсхүл арбитрын бүрэлдэхүүнээс тогтоосон хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.

 

35.2.Талууд нэхэмжлэл, эсхүл тайлбартаа хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтыг хавсаргах, эсхүл цаашид нэмж гаргаж өгөх баримт бичиг, бусад нотлох баримтын талаар дурдана.

 

35.3.Талууд өөрөөр тохиролцоогүй бөгөөд хүсэлтийг хугацаа хожимдуулж гаргасны улмаас хангах боломжгүй гэж арбитрын бүрэлдэхүүн үзсэнээс бусад тохиолдолд арбитрын ажиллагааны аль ч шатанд талууд нэхэмжлэл, эсхүл тайлбараа өөрчлөх, нэмэлт оруулах эрхтэй.

 

36 дугаар зүйл.Биечлэн оролцох арбитрын хуралдаан ба нотлох

                           баримтад үндэслэн явуулах арбитрын ажиллагаа

 

36.1.Талуудын тохиролцоог зөрчихөөргүй бол арбитрын бүрэлдэхүүн нотлох баримтыг танилцуулах, мэтгэлцэхэд талуудыг биечлэн оролцуулж хуралдах, эсхүл арбитрын ажиллагааг цугларсан баримт бичиг, бусад баримт сэлтийг үндэслэн явуулах эсэхийг шийдвэрлэнэ.

 

36.2.Биечлэн оролцох хуралдаан хийхгүй байхаар талууд тохиролцсоноос бусад тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн аль нэг талын хүсэлтээр арбитрын ажиллагааны зохих шатанд биечлэн оролцох хуралдаан явуулах үүрэгтэй.

 

36.3.Бараа, бусад хөрөнгө, баримт бичгийг шинжлэн судлах зорилгоор хийх биечлэн оролцох хуралдаан, эсхүл арбитрын бүрэлдэхүүний уулзалтын талаархи мэдэгдлийг талуудад хангалттай хугацааны өмнө хүргүүлсэн байна.

 

36.4.Нэг талаас арбитрын бүрэлдэхүүнд ирүүлсэн тайлбар, баримт бичиг, бусад мэдээллийг нөгөө талд заавал хүргүүлнэ.

 

36.5.Арбитрын бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа үндэслэл болгож болох шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтыг талуудад мөн адил хүргүүлнэ.

 

37 дугаар зүйл.Талууд үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар

 

37.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бөгөөд тэдгээрийн үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж арбитрын бүрэлдэхүүн үзвэл дараахь арга хэмжээ авч болно:

 

            37.1.1.нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээ энэ хуулийн 35.1-д заасан шаардлагад нийцүүлэн дэмжээгүй бол  арбитрын ажиллагааг дуусгавар болгох;

 

            37.1.2.хариуцагч хариу тайлбараа энэ хуулийн 35.1-д заасан шаардлагад нийцүүлэн ирүүлээгүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй бөгөөд арбитрын бүрэлдэхүүн маргаан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх;

 

            37.1.3.аль нэг тал арбитрын хуралдаанд оролцоогүй, эсхүл шаардлагатай нотлох баримтыг ирүүлээгүй бол арбитрын ажиллагааг үргэлжлүүлж, цугларсан нотлох баримтад үндэслэн арбитрын шийдвэр гаргах.

 

38 дугаар зүйл.Арбитрын ажиллагаанд шинжээч оролцуулах

 

38.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн дараахь ажиллагааг явуулж болно:

 

            38.1.1.арбитрын бүрэлдэхүүний тодорхойлсон асуудлаар дүгнэлт гаргуулахаар нэг, эсхүл хэд хэдэн шинжээч томилох;

 

            38.1.2.тухайн маргаанд холбогдох мэдээллийг шинжээчид өгөх буюу бэлтгэж өгөх, холбогдох баримт бичиг, бараа бүтээгдэхүүн, бусад эд хөрөнгөд үзлэг шалгалт хийх боломжийг шинжээчид олгохыг аль нэг талаас шаардах.

 

38.2.Талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзсэн, эсхүл аль нэг талын хүсэлтээр шинжээч арбитрын хуралдаанд оролцож, гаргасан дүгнэлтийнхээ талаар тайлбар хийж, талуудын  асуултад хариулт өгөх үүрэгтэй.

 

39 дүгээр зүйл.Нотлох баримт бүрдүүлэхэд шүүх туслалцаа үзүүлэх

 

39.1.Арбитрын бүрэлдэхүүн, эсхүл түүний зөвшөөрснөөр талууд нотлох баримт гаргуулахад туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болох бөгөөд шүүх уг хүсэлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан нотлох баримт гаргуулах журмын дагуу шийдвэрлэнэ.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

АРБИТРЫН ҮНДСЭН ШИЙДВЭР ГАРГАХ, АРБИТРЫН

 АЖИЛЛАГАА ДУУСГАВАР БОЛОХ

 

40 дүгээр зүйл.Маргаан шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээ

 

40.1.Маргаан шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг талууд харилцан тохиролцох бөгөөд арбитрын бүрэлдэхүүн талуудын тохиролцсон эрх зүйн хэм хэмжээг хэрэглэн тухайн маргааныг шийдвэрлэнэ.

 

40.2.Арбитрын бүрэлдэхүүн талуудын тохиролцсон эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ уг тохиролцоонд тусгайлан заагаагүй бол түүнийг тухайн улсын материаллаг эрх зүйн хэм хэмжээ гэж ойлгож хэрэглэх бөгөөд үүнд иргэний эрх зүйн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх хэм хэмжээ хамаарахгүй.

 

40.3.Маргаан шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг талууд харилцан тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн тухайн маргааныг шийдвэрлэхэд аль тохиромжтой гэж үзсэн материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэнэ.

 

40.4.Талууд тусгайлан тохиролцож эрх олгосон бол арбитрын бүрэлдэхүүн аливаа хуулийг хэрэглэхгүйгээр шударга гэж үзсэн ёс зүйн хэм хэмжээг баримтлан, эсхүл эвлэрүүлэн зуучлах журмаар маргааныг шийдвэрлэнэ.

 

40.5.Арбитрын бүрэлдэхүүн талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлд үндэслэн тухайн асуудлаар тогтож хэвшсэн худалдааны зан заншлыг харгалзан маргааныг шийдвэрлэнэ.

 

41 дүгээр зүйл.Арбитрын зардал

 

41.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын зардлын хэмжээ, төлөх этгээд, төлбөрийн журмыг арбитрын бүрэлдэхүүн тогтооно.

 

41.2.Арбитрын зардалд дараахь зардал хамаарна:

 

            41.2.1.арбитрчийн хөлс, зардал;

                        41.2.2.байнгын арбитрын хувьд түүний дүрэмд заасан тухайн арбитрт төлөх үйлчилгээний хөлс;

 

                        41.2.3.гэрч, шинжээч оролцуулах, хууль зүйн туслалцаа авах, шинжилгээ хийлгэх зэрэг арбитрын бусад ажиллагаа явуулахад гарсан хөлс, зардал.

 

42 дугаар зүйл.Арбитрын бүрэлдэхүүн шийдвэр гаргах

 

42.1.Арбитрын бүрэлдэхүүнд нэгээс илүү арбитрч оролцож байгаа тохиолдолд талууд өөрөөр тохиролцоогүй бол шийдвэрээ олонхийн саналаар гаргана.

 

42.2.Талууд, эсхүл арбитрын бүрэлдэхүүн санал нэгтэй зөвшөөрсөн бол арбитрын ажиллагааны явцад гарах горимын шинжтэй асуудлыг арбитрын хуралдаан даргалагч дангаараа шийдвэрлэж болно.

 

43 дугаар зүйл.Талууд эвлэрэх

 

43.1.Арбитрын ажиллагааны явцад талууд эвлэрсэн бол арбитрын бүрэлдэхүүн ажиллагааг дуусгавар болгох ба талууд ийнхүү хүсэлт гаргасныг арбитрын бүрэлдэхүүн татгалзаагүй бол эвлэрлийн нөхцөлийг арбитрын үндсэн шийдвэрт тусгаж баталгаажуулна.

 

43.2.Талууд эвлэрсэн тухай арбитрын үндсэн шийдвэр энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба арбитрын үндсэн шийдвэр мөн болохыг уг шийдвэрт тусгайлан заана. Уг шийдвэр нь арбитрын үндсэн шийдвэрийн адил хүчин төгөлдөр хэрэгжинэ.

 

44 дүгээр зүйл.Арбитрын үндсэн шийдвэрийн хэлбэр, агуулга

 

44.1.Арбитрын үндсэн шийдвэрийг бичгээр үйлдэж, арбитрын бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Нэгээс илүү арбитрч оролцсон арбитрын бүрэлдэхүүний гаргасан шийдвэрт тэдгээрийн олонхи гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ба аль нэг арбитрч гарын үсэг зураагүй бол шалтгааныг нь заана.

 

44.2.Талууд үндсэн шийдвэрийн үндэслэлийг заах шаардлагагүй гэж тохиролцсон, эсхүл энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаар эвлэрснээс бусад тохиолдолд арбитрын үндсэн шийдвэрт түүнийг гаргах болсон үндэслэлийг тодорхой заана.

 

44.3.Арбитрын үндсэн шийдвэрт маргаан шийдвэрлэсэн огноо болон энэ хуулийн 32.1-д зааснаар тодорхойлсон арбитрын ажиллагааны харьяаллыг заах бөгөөд үндсэн шийдвэрийг уг харьяаллын дагуу гаргасан гэж үзнэ.

 

44.4.Арбитрын үндсэн шийдвэр гарсны дараа энэ хуулийн 44.1-д заасны дагуу гарын үсэг зурсан хуулбарыг талуудад хүргүүлнэ.

 

45 дугаар зүйл.Арбитрын  ажиллагаа дуусгавар болох

 

45.1.Арбитрын үндсэн шийдвэр, эсхүл энэ хуулийн 45.2-т заасан тогтоол гарснаар арбитрын ажиллагаа дуусгавар болно.

 

45.2.Арбитрын бүрэлдэхүүн дараахь тохиолдолд арбитрын ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол гаргана:

 

             45.2.1.нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан. Ийнхүү татгалзсаныг хариуцагч зөвшөөрөөгүй бөгөөд арбитрын бүрэлдэхүүн маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрсөн бол энэ заалт хамаарахгүй;

 

            45.2.2.талууд арбитрын ажиллагааг дуусгавар болгохоор тохиролцсон;

            45.2.3.арбитрын бүрэлдэхүүн дээр дурдсанаас бусад шалтгаанаар маргаан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй, эсхүл шаардлагагүй болсон гэж үзсэн.

 

45.3.Арбитрын ажиллагаа дуусгавар болсноор тухайн арбитрын бүрэлдэхүүний энэ хуулийн 46 дугаар зүйл, 47.4-т зааснаас бусад бүрэн эрх дуусгавар болно.

 

46 дугаар зүйл.Арбитрын үндсэн шийдвэрт засвар оруулах,

                                тайлбарлах, нэмэлт шийдвэр гаргах

 

46.1.Талууд өөр хугацаа тогтоогоогүй бол арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор нэг тал нь нөгөө талдаа мэдэгдсэнээр арбитрын үндсэн шийдвэрийн үг үсэг, тооцоо, хэвлэлийн болон тэдгээртэй адилтгах бусад алдааг засуулах тухай арбитрын бүрэлдэхүүнд хүсэлт гаргаж болно.

 

46.2.Талууд тохиролцож нэг тал нь нөгөө талдаа мэдэгдсэнээр арбитрын үндсэн шийдвэрийн тодорхой хэсэг, зүйлийг тайлбарлуулах тухай хүсэлтийг талууд өөр хугацаа тогтоогоогүй бол арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор арбитрын бүрэлдэхүүнд гаргаж болно.

 

46.3.Арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн 46.1, 46.2-т заасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор арбитрын үндсэн шийдвэрт зохих засвар оруулах, эсхүл холбогдох тайлбар хийнэ. Тайлбар нь арбитрын үндсэн шийдвэрийн бүрэлдэхүүн хэсэг байна.

 

46.4.Арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн 46.1-д заасан алдааг үндсэн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор өөрийн санаачилгаар засч болно.

 

46.5.Талууд өөрөөр тохиролцоогүй бол аль нэг тал нь нөгөө талдаа мэдэгдэж, арбитрын ажиллагааны явцад хэлэлцсэн боловч арбитрын үндсэн шийдвэрт тусгаагүй орхисон нэхэмжлэлийн шаардлагын талаар нэмэлт шийдвэр гаргахыг үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шаардаж болно. Арбитрын бүрэлдэхүүн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл 60 хоногийн дотор нэмэлт шийдвэр гаргана.

 

46.6.Арбитрын бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 46.1, 46.2, 46.5-д заасан засвар оруулах, тайлбарлах, нэмэлт шийдвэр гаргах хугацааг сунгахаар шийдвэрлэж болно.

 

46.7.Арбитрын үндсэн шийдвэрт засвар оруулах, тайлбар хийх, нэмэлт шийдвэр гаргахад энэ хуулийн 44 дүгээр зүйл нэг адил хамаарна.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

АРБИТРЫН ҮНДСЭН ШИЙДВЭРИЙН ТАЛААР

 ӨРГӨДӨЛ ГАРГАХ

 

47 дугаар зүйл.Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох

                                                тухай өргөдөл гаргах

 

47.1.Талууд арбитрын үндсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 47.2, 47.3-т заасан үндэслэл, журмын дагуу арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлөө шүүхэд гаргана.

 

47.2.Энэ хуулийн 47.5-д заасан шүүх нь арбитрын үндсэн шийдвэрийг зөвхөн дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:

 

            47.2.1.өргөдөл гаргагч тал дараахь аль нэг нөхцөл байдлыг нотолсон:

 

                        47.2.1.а.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан арбитрын хэлэлцээрийн аль нэг тал эрх зүйн чадамжгүй, эсхүл арбитрын хэлэлцээр нь талуудын тохиролцон сонгосон улсын хуульд зааснаар, эсхүл тийнхүү  тохиролцон сонгоогүй бол Монгол Улсын хуульд зааснаар хүчин төгөлдөр бус;

 

                        47.2.1.б.өргөдөл гаргагч талд арбитрч томилох, арбитрын ажиллагааны тухай зохих ёсоор мэдэгдээгүйн улмаас арбитрын ажиллагаанд зохих ёсоор оролцох боломжгүй байсан;

                       

                        47.2.1.в.арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй, хамааралгүй маргааны талаар үндсэн шийдвэр гаргасан. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй, хамааралгүй асуудлаар гаргасан арбитрын үндсэн шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагад тусгасан асуудлаар гаргасан шийдвэрээс салгах боломжтой бол холбогдох хэсгийг хүчингүй болгоно;

 

                        47.2.1.г.талуудын тохиролцоо нь энэ хуулийн заавал дагаж мөрдөх заалтыг зөрчсөнөөс бусад тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа талуудын тохиролцоонд нийцээгүй, эсхүл тийнхүү тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа нь энэ хуульд нийцээгүй.

 

            47.2.2.шүүх дараахь нөхцөл, байдлыг тогтоосон бол:

 

                        47.2.2.а.Монгол Улсын хуулиар уг маргаан арбитрын харьяаллын маргаан биш;

 

                        47.2.2.б.арбитрын үндсэн шийдвэр Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн.

 

            47.3.Талууд арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 46 дугаар зүйлийн дагуу гаргасан хүсэлтийг шийдвэрлэснээс хойш дотоодын арбитрын ажиллагааны хувьд 30 хоногийн дотор, олон улсын арбитрын  ажиллагааны хувьд 90 хоногийн дотор энэ хуулийн 47.1-д заасан өргөдлийг шүүхэд гаргана.

 

47.4.Аль нэг тал хүсэлт гаргасан бөгөөд арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдөл хүлээн авсан шүүх боломжтой гэж үзсэн бол арбитрын ажиллагааг сэргээж, арбитрын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг арилгах боломжийг арбитрын бүрэлдэхүүнд олгох зорилгоор арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаа тогтоон түдгэлзүүлж болно.

 

47.5.Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг энэ хуулийн 6.2-т заасан шүүхэд гаргах бөгөөд уг өргөдлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

АРБИТРЫН ҮНДСЭН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭН

 ЗӨВШӨӨРЧ, ГҮЙЦЭТГЭХ

 

48 дугаар зүйл.Үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх

 

48.1.Аль улсад гаргаснаас үл хамааран арбитрын үндсэн шийдвэрийг заавал биелүүлэх хүчинтэй гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд харьяалах шүүхэд бичгээр өргөдөл гаргаснаар энэ хуулийн 48, 49 дүгээр зүйл болон Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью Йоркийн конвенцид заасан журмын дагуу арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэнэ.

 

48.2.Арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр өргөдөл гаргаж байгаа тал уг шийдвэрийн эх хувь, эсхүл зохих ёсоор баталгаажуулсан хуулбарыг хавсарган өгнө. Арбитрын үндсэн шийдвэрийг монгол хэлээр гаргаагүй бол монгол хэлээр орчуулсан хувийг гаргаж өгөхийг тухайн талаас шаардаж болно.

 

49 дүгээр зүйл.Арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэхээс

                                             татгалзах үндэслэл

 

49.1.Аль улсад гаргаснаас үл хамааран арбитрын үндсэн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, гүйцэтгэхээс  доор дурдсан үндэслэлээр татгалзаж болно:

           

            49.1.1.арбитрын үндсэн шийдвэрээр үүрэг хүлээсэн тал уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай өргөдлийг хүлээн авсан шүүхэд дараахь нөхцөл байдлын аль нэгийг нотолсон:

 

                        49.1.1.а.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан арбитрын хэлэлцээрийн аль нэг тал эрх зүйн чадамжгүй, эсхүл арбитрын хэлэлцээр нь талуудын тохиролцон сонгосон улсын хуульд зааснаар, эсхүл тохиролцон сонгоогүй бол хуульд зааснаар хүчин төгөлдөр бус;

 

                        49.1.1.б.арбитрын үндсэн шийдвэрээр үүрэг хүлээсэн талд арбитрч томилох, арбитрын ажиллагааны тухай зохих ёсоор мэдэгдээгүй, эсхүл арбитрын ажиллагаанд зохих ёсоор оролцож тайлбар өгөх боломжгүй байсан;

 

                        49.1.1.в.арбитрын бүрэлдэхүүн үндсэн шийдвэрээ нэхэмжлэлд дурдаагүй, хамааралгүй асуудлаар гаргасан. Арбитрт гаргасан нэхэмжлэлд дурдаагүй, хамааралгүй асуудлаар гаргасан үндсэн шийдвэрийн заалтыг нэхэмжлэлд дурдсан асуудлаар гаргасан шийдвэрээс салгах боломжтой бол холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэж болно;

 

                        49.1.1.г.арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа талуудын хэлэлцээрт нийцээгүй, эсхүл тийм хэлэлцээр байгуулаагүй бол арбитрын ажиллагаа харьяалагдах улсын хуульд нийцээгүй;

                       

                        49.1.1.д.тухайн үндсэн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа, эсхүл шийдвэр гаргасан улсын шүүхээс, эсхүл уг шийдвэрт хэрэглэгдэх улсын хуулийн дагуу шийдвэр хүчингүй болсон, үндсэн шийдвэрийн гүйцэтгэлийг түдгэлзүүлсэн;

 

            49.1.2.шүүх дараахь байдлыг тогтоосон:

 

                        49.1.2.а.Монгол Улсын хуулиар уг маргаан арбитрын харьяаллын маргаан биш;

 

                        49.1.2.б.арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх нь Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн.

 

49.2.Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл түдгэлзүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49.1.1.д-д заасан шүүхэд гаргасан бөгөөд арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх тухай өргөдөл хүлээн авсан шүүх зохимжтой гэж үзсэн бол шүүх хуралдааныг хойшлуулж, өргөдөл гаргагч талын хүсэлтээр зохих санхүүгийн баталгаа гаргах үүргийг нөгөө талд хүлээлгэж болно.

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

 

50 дугаар зүйл.Нууцлал

 

50.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол доор дурдсанаас бусад тохиолдолд арбитрын шийдвэр, тогтоол, арбитрын ажиллагааны явцад талуудаас ирүүлсэн мэдээллийн нууцлалыг талууд, арбитрын бүрэлдэхүүн, байнгын арбитр хадгалах үүрэгтэй:

 

            50.1.1.тухайн тал нь мэдээллийг ил тод болгох үүргийг хуулиар хүлээсэн;

            50.1.2.хууль ёсны эрхээ хамгаалах, хэрэгжүүлэхэд шаардлагатай болсон;

            50.1.3.арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох, гүйцэтгүүлэхээр шүүхэд өргөдөл гаргасан.

 

51 дүгээр зүйл.Дампуурал

 

51.1.Арбитрын хэлэлцээр бүхий гэрээний аль нэг талтай холбоотой дампуурлын хэрэг үүссэн бөгөөд хэрэг гүйцэтгэгч, эрх хүлээн авагч уг гэрээнээс татгалзаагүй бол арбитрын хэлэлцээр нь тухайн этгээдийн хувьд хүчин төгөлдөр байна.

 

51.2.Дампуурлын хэргийг үүсгэсэн шүүх дараахь бүх нөхцөл бүрдсэн бөгөөд тухайн нөхцөл байдалд зохимжтой гэж үзвэл дампуурлын ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр арбитрт шилжүүлж болно:

 

            51.2.1.тухайн маргаан нь арбитрын хэлэлцээрт хамаарч байгаа;

            51.2.2.дампуурлын хэргийн хариуцагч нь дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө арбитрын хэлэлцээр байгуулсан;

 

            51.2.3.хэрэг гүйцэтгэгч, эрх хүлээн авагч нь арбитрын хэлэлцээрийг агуулсан гэрээнээс татгалзаагүй.

 

52 дугаар зүйл.Бусад

 

52.1.Энэ хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах харилцааг шууд тусгайлан зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол энэ хуулийн үндсэн зарчимд нийцүүлэн зохицуулна.

 

52.2.Энэ хуулийн 37.1.1, 45.2.1-д зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэл, түүний хариу тайлбарт холбогдох заалт нь сөрөг нэхэмжлэл, түүний хариу тайлбарт нэгэн адил хамаарна.

 

52.3.Энэ хуулийн 40 дүгээр зүйлээс бусад зүйлд талууд тодорхой асуудлыг тодорхойлох эрхтэй байхаар заасан нь арбитрыг оролцуулан гуравдагч этгээдэд уг асуудлыг тодорхойлох эрхээ шилжүүлэх талуудын эрхэд нэгэн адил хамаарна.

 

52.4.Талууд тохиролцсон, эсхүл тохиролцоо байж болох тухай үйл баримтыг, эсхүл бусад тохиролцоог энэ хуульд аливаа байдлаар дурдсан бол тохиролцоонд дурдсан арбитрын дүрмийг тухайн тохиролцоотой адилтган үзнэ. Арбитрын ажиллагаа эхлэхээс өмнө, эсхүл эхэлсний дараа талуудын тохиролцон зөвшөөрсөн, эсхүл сонгосон арбитрын дүрмийн заалт нь энэ хуулийн заавал мөрдвөл зохих заалтыг зөрчсөнөөс бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД