Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

2018/10/25 20:01 389

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

    Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны болон УИХ дахь АН бүлгийн санал, дүгнэлтийг танилцуулж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн тайлбар авсан бөгөөд үдээс хойших хуралдаанаар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

    Тухайлбал, Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129,219.9 сая төгрөгөөр, Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төсөвлөсөн санхүүжилтийг 80.0 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төсөвлөсөн санхүүжилтийг 42.0 тэрбум төгрөгөөр, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт буюу хуулийн төслийн 2 дугаар хавсралтын YI дугаар бүлэг, Сангийн сайдын багцын YI.3-д Гаалийн ерөнхий газрын барилга, байгууламж, их засвар, тоног, төхөөрөмжийн зардалд тусгагдсан 101,274.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 77,315.2 сая төгрөгийн 2019 онд санхүүжих дүн бүхий Гаалийн шинэчлэл хийх ажилд төлөвлөсөн санхүүжилтийн 2019 онд санхүүжих дүнг 12,000.0 сая төгрөгөөр, нийт 263,219.9 сая төгрөгөөр зардал бууруулж, энэ дүнгээр бууруулсан эх үүсвэрийг 2019 онд хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх санал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.

    Түүнчлэн хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төсөвлөсөн санхүүжилтийг 5,600.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад тусгах, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая төгрөгөөр нэмэгдүүлж, Ерөнхий сайдын төсвийн багцад тусгах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээл олголтод зориулж 47,000.0 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс олгохоор тооцож Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад тусгах, “Сүүний урамшуулал” олгоход зориулж 4.0 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад тусгах саналууд дэмжигдэв.

    Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 8.0 тэрбум төгрөг, хэлмэгдэгчдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөн олговрын санхүүжилтэд зориулж 5.0 тэрбум төгрөг нэмж тусгах санал, зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэрэнд өөрчлөлт оруулах зарчмын саналууд олонхын дэмжлэг авлаа.

    Ийнхүү хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд

нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа

    Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслийн холбогдох заалтад тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.

    Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд  хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

     Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. 

    Манай улсад бэлгийн замын халдварт өвчин, түүний тархалт, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн харилцаанд шууд нөлөөлдөг хүчин зүйлийг судлах, судалгаанд үндэслэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ажил дутагдалтай байгааг тэрбээр дурдаад үргүйдлийн бүртгэл мэдээллийг сайжруулах, тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, үргүйдлийн оношилгоо, эмчилгээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг нэвтрүүлэх нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал төдийгүй энэ нь Монгол Улсын хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг онцолсон.

    Хуулийн төслийг үргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн туслах арга түүний төрөл, үүнийг ямар шаардлага хангасан эмнэлэг ямар нөхцөлд хэрэглэх, уг ажиллагааны нууцлал, тавигдах шаардлага, тээлгэгч эцэг, эх, тээгч эх гэж хэн байх тэдгээрт тавигдах шаардлага, талуудын хоорондын гэрээнд ямар асуудал тусгах, тээгч эхээс төрсөн хүүхдийг хэрхэн шилжүүлэн өгөх, хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэх зэрэг олон харилцааг хуульчлахаар боловсруулсан байна.

    Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хөтөлбөр болон төрийн бодлогод үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээний асуудал тусгагдаж, энэ чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын үүрэг хариуцлага дээшилснээр иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээнд хамрагдах байдал сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Түүнчлэн үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлийн тогтвортой байдал, хувь хүний амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудал учир энэ асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдсэнээр хувь хүний сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдал, улс орны хүн амын өсөлтийн байдал дээшилнэ гэж үзэж буй аж. Мөн гадаад оронд явж үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээ хийлгэх, үр шилжүүлэн суулгах харилцаа багасч, эх орондоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, санхүүгийн асуудлаа хэмнэх, гадагшаа чиглэсэн валютын урсгал хумигдах боломж бүрдэнэ гэж тооцжээ.

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийг боловсруулахдаа Эрүүл мэндийн яам, холбогдох эрүүл мэндийн байгууллагын саналыг тусгасан эсэх, тээгч эх тодорхой хэмжээний урамшуулал авч болохоор төсөлд тусгасан атлаа арилжааны зорилгоор хүүхэд тээхийг хориглох тухай оруулсан талаар тодруулга өгөхийг хүссэн.

    УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Гишүүд хуулийн төслийг санаачлахдаа нөхөн үржихүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон эмнэлгүүдийн холбогдох хүмүүстэй уулзаж саналыг тусгасан. Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийг оролцуулан олон тооны хэлэлцүүлгийг нийслэл болоод орон нутагт зохион байгуулсан гэлээ. Гадаад орнуудын дээрхтэй адил хуулиудыг судлан үзэхэд хүүхэд тээгч эхийн урамшууллын талаар янз бүрээр хуульчилсан байсныг тэрбээр дурдаад тээгч эх, түүнтэй холбоотой харилцааг гэрээгээр зохицуулахаар төсөлд тусгасан хэмээсэн.

    Хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 68.5 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн

анхны хэлэлцүүлгийг хийж эхэлллээ

    Мөн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

    Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, М.Оюунчимэг, С.Чинзориг нар хуулийн төслийн нэрийг “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” гэж өөрчлөх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг бүртгэлээс хасах үндэслэлийг тодорхой заах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл, зээлийн хүүгийн татаас олгоход баримтлах хязгаарлалтыг хуульчлан тогтоох, сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулахдаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах шаардлагыг хангасан эсэхийг харгалзан үзэх, уг сангийн чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан агентлаг гүйцэтгэх, Засгийн газрын бүрэн эрхэд аж үйлдвэрийн парк байгуулах, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн оролцоог нэмэгдүүлэх заалт нэмэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Эдийн засгийн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй эхний саналын томьёоллуудаар санал хураалт явуулснаар өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

    Санал хураалт маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.