УИХ-ын дарга М.Энхболд "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын анхдугаар зөвлөгөөн"-д оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ

2018/10/22 15:32 1412

УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх Ц.Мөнхбаяр "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын анхдугаар зөвлөгөөн"-д оролцож, УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

 

            Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын анхдугаар зөвлөгөөний зочид, төлөөлөгчид өө! Эрхэм хүндэт хадагтай, ноёд оо!

            Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын анхдугаар зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

            Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал нь анх 1962 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди хэрэглэгчийн эрхийн 4 заалт бүхий илгээлтийг Конгрессын гишүүддээ илгээснээр дэлхий нийтийн хэмжээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалахад анхаарлаа хандуулж эхэлсэн түүхтэй.

            Манай улсын хувьд анх 1990 онд “Монголын хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг” нэртэйгээр төрийн бус байгууллага байгуулагдаж, Улсын Бага Хурлаар “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийг 1991 онд баталж, 1992 онд Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас сайшаан дэмжсэн “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг хүлээн зөвшөөрч, улмаар 2003 онд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн үндэс суурь тавигдсанаас хойш 27 жилийг ардаа үджээ.

            Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг өмнө нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон орон нутгийн салбар нийгэмлэгүүд хариуцан ажиллаж ирсэн бөгөөд тус байгууллага нь хэрэглэгчийн эрх хөндөгдсөн маргаан, гомдлыг холбогдох төрийн хяналтын байгууллагад уламжлан, тухай бүр нь хамтран ажиллаж мөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс хэрэглэгчдэд ээлтэй байдлыг бүрдүүлэхэд нөлөөлөх урамшууллын ажлыг зохион байгуулж ирсний үр дүнд хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж, зах зээлийг шударга өрсөлдөөнтэй байлгахад зохих дэмжлэг үзүүлж ирсэн байна.

            Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд 2008 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн хэрэгжилтийг хангах гол чиг үүргийг төрийн бус байгууллага хариуцан ажиллаж байсныг өөрчилж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага байхаар шинээр тусгаж, улмаар төрийн бус байгууллагын зарим чиг үүргийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагад буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт шилжүүлснээр зах зээлийн эдийн засгийн харилцааны хяналт, зохицуулалтыг олон улсын нийтлэг чиг хандлагад нийцүүлэн цогцоор хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Гэсэн хэдий ч манай нийгэмд иргэд, хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон чанаргүй бүтээгдэхүүн, үйлчилгээ байсаар байгаа нь энэ байгууллагын үйл ажиллагааг эрс сайжруулах шаардлага байгаагийн зэрэгцээ эрх зүйн зохицуулалтын хувьд боловсронгуй болгох, шинэчлэх, өөрчлөх хэрэгцээ, шаардлага ч байсаар байна.

            Иймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт болон 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох” үндсэн чиглэлүүдэд тус тус зааж өгсөн юм. Эдгээр шийдвэрүүдийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгаа бөгөөд Улсын Их Хуралд өргөн барьсан нөхцөлд хэлэлцэж батлах болно.

            Энэхүү зөвлөгөөнөөс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өнөөгийн тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоход чиглэсэн санал, дүгнэлт, тодорхой шийдвэр гарна гэдэгт итгэж байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын анхдугаар зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье. 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                               М.ЭНХБОЛД

 

Улаанбаатар хот                                                                                         2018.10.22