Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны VIII их хуралд УИХ-ын дарга мэндчилгээ илгээлээ

2018/10/15 10:49 777

УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны VIII их хуралд оролцож, УИХ-ын дарга М.Энхболдын илгээлтийг уламжиллаа.

                                           Монгол Улсын Их Хурлын даргын илгээлт

                 Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны VIII их хуралд

Монгол Улсад хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм хүндэт хоршоологчид, малчид, тариаланчид та бүхний энэ өдрийн амгаланг эрж Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны VIII их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн мэндчилье.

Хоршооллын хөдөлгөөн нь иргэнийг ажилтай, орлоготой болгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүний хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой аж ахуйн хэлбэр гэдгийг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн байдаг.   

Дэлхийн орнуудын хоршооллын салбарын хөгжил, хүрсэн амжилт, эдийн засгийн хямрал, түүний үр нөлөөг хямрал багатай давсан хоршооллын салбарын туршлага, нийгэм эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, дэлхий дахинаа хоршооллын үр шимийг хүртэгсдийн тоо, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг хоршооны олон давуу талыг олж харснаар Монголын хоршооллын салбарт шинэ эргэлт гарч хоршоог дэмжсэн олон үйл ажиллагаанууд хэрэгжиж эхлээд эхний үр дүнгүүд харагдахуйц болжээ.

Хоршоологчид  хөдөлмөрөөрөө хоршиж хамтын баялгаа бүтээдэг, ашгаа шударгаар хуваарилдаг, хамтын өмчлөлтэй, зохион байгуулалтын ардчилсан сонгодог зарчмаараа бусад бизнесийн байгууллагуудаас онцлог, давуу талтай юм. Дэлхийн олон оронд Хоршооллын олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлж хоршооны талаар бодлого хэрэгжүүлж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хоршооны боломж давуу чанарыг ашиглаж байна.

Манай улс бусад улс орнуудын жишгийг даган амжилттай туршлагуудаас судлахын зэрэгцээ тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна. Үүнд УИХ-аас Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн 2016 оны 2-р сард 4 бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэлх Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг батлан гаргасан. Уг үзэл баримтлалд 2030 онд ядуурлын бүх төрлийг эцэс болгоно гэж зорьсон. Мөн НҮБ-ын индэр дээрээс хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг 14 хувиар бууруулах болно гэдгээ ч Засгийн газар илэрхийлсэн болно.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг батлан хэрэгжүүлэхийн зэрэгцээ УИХ-ын   2017 онд “Малын генетик нөөцийн тухай хууль”, “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”, 2015 онд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” зэргийг  тус тус батлан хэрэгжүүлж байна.  

ХАА-н салбарын хоршоологчид маань байгаль цаг уурын эрсдэлтэй нөхцөлд өөрсдийн сэтгэл зүтгэлээрээ ажиллаж байгаа хэдий ч малын тоо олон ч чанар муу, гарц бага, бэлчээрийн даац хэтэрсэн, түүхий эдийн боловсруулалт хангалтгүй, хүнсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж  чадахгүй хэвээр л байна.

Иймд салбарын бүтээмжийг механикжуулалт, өндөр технологи нэвтрүүлэх замаар нэгжээс авах чанар, гарцыг нэмэгдүүлэх, ХАА-н салбарыг байгаль, цаг уурын өөрчлөлтөөс хамаарах эрсдэлийг бууруулах, салбарын үйлдвэрлэлийн үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, дотоодын хүнсний хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох зэрэг асуудлуудыг төр засгийн зүгээс онцгой анхааран ажиллаж байна. Эдгээр үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд хоршоологчид онцгой үүрэгтэй тул та бүхэн өөрийн орон нутагтаа хэрэгжүүлж болохуйц ажлуудыг санаачлан манлайлан ажиллаж төр засгийн бодлогыг дэмжин хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Ингээд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны VIII их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд та бүхнийг олон шинэ санал санаачлага хэрэгжүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна. 

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                М.ЭНХБОЛД

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр