Монгол Улсад ургамал хамгааллын байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 30 жилийн ойн мэндчилгээ

2018/10/06 15:09 1314

УИХ-ын даргын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ж.Мөнхжаргал Монгол Улсад ургамал хамгааллын байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 30 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцож, УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа. 

                                                                МЭНДЧИЛГЭЭ

Намрын дунд сарын энэ өдөр Монгол Улсын шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарт давхар баяр тохиож байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ургамал хамгааллын байгууллагын хөгжлийн төлөө эрдэм оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадууд, үе үеийн эрдэмтэн судлаачид, ажилтан, ажиллагсдад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Бид техник технологийн асар хурдацтай хөгжлийн эрин үед амьдарч байна. Тэр хэрээр хүрээлэн буй орчин, хүнсний аюулгүй байдлыг хангах нь улс орон бүхний тулгамдсан чухал асуудал байсаар байгаа билээ.
Малын тоо толгойн өсөлт, үйлдвэржилт суурьшлын тэлэлт, цаг агаарын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нь бэлчээр доройтох, таримал болон бэлчээрийн ургамлын өвчин, хортон шавьж, мэрэгч амьтан үржин тархах, хор хөнөөл нь ихсэх эрсдэлийг дагуулж байна. Эдгээр эрсдэлийг бууруулах, цаашид Монгол Улсын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, био аюулгүй байдлыг хангахад ургамал хамгааллын байгууллага, эрдэмтэн судлаачид чухал үүрэгтэй билээ.


Байгалийн болон таримал ургамал, ой, ногоон байгууламжийг өвчин хортон, хог ургамал, хөнөөлт мэрэгчдээс хамгаалах дэвшилт технологи бий болгох, өөрийн орны нөхцөлд тохирсон, байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд ээлтэй эм бэлдмэл гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улмаар экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэс суурийг бүрдүүлэхийн төлөө Ургамал хамгааллын салбарын эрдэмтэн судлаачид маань зорьж, зүтгэж яваа билээ.
Та бүхэн бол зөвхөн судлан шинжлэгчид биш, соён гэгээрүүлэгчид бөгөөд тариаланч ногоочид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дотнын туслагч, зөвлөгчид юм.
Та бүхэн Монгол Улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хөгжилд, газар тариалангийн үйлдвэрлэл өсөн дэвжихэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Ургамал хамгааллын асуудал төрийн бодлого, хууль эрхзүйгээр зохицуулагддаг учиртай. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 1951 онд баталсан Олон улсын ургамал хамгааллын конвенцид Монгол Улс 2008 онд нэгдсэн. Ингэснээр олон улсын түвшинд ургамал хамгааллын мэдээллийн сүлжээнд хамрагдах, мэдээлэл солилцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тус байгууллагын аливаа арга хэмжээнд хамрагдах, төлөөлөгч солилцох, ургамал хамгаалагчдыг чадавхжуулах, аргазүйн зөвлөмжөөр хангагдах боломж нээгдсэн юм.
Улсын Их Хурал эрдэм шинжилгээний байгууллага, түүний дотор ургамал хамгаалал, хорио цээрийн байгууллагын нийтлэг эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр цөөнгүй хууль, тогтоол батлан гаргасан.
Ургамал хамгааллын тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай Монгол Улсын хуулиуд, тэдгээрийг дагалдан гарсан дүрэм журмын хэрэгжилтийг хангахад ургамал хамгааллын байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо чухал билээ.


Эрдэмтдийн бүтээл, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судлаач шинэ бүтээлээ баялаг болгон хувиргах, инновацийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, ашиг орлого олох ажлыг шинэ шатанд гаргах зорилгоор Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна.
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, ололт амжилтын үндэс суурь гэж үзэж дэмжсээр ирсэн, хойшид ч бид онцгой анхаарлаа хандуулсаар байх болно.
Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид Та бүхний эх дэлхий, эх нутгаа хамгаалах, ард түмнээ эрүүл хүнсээр хангах, соён гэгээрүүлэх үйлс тань ямагт бүтэмжтэй байхын ерөөл өргөе.
                                          Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

                             МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД