“Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа

2018/09/28 14:32 724

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын зэрэг гишүүд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны 2-р сард нэмэлт, өөрчлөлт оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль дагаж өөрчлөгдсөн бөгөөд тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон байна.

Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа алба хаагчдад хохиролтой байгаа аж. Тухайлбал, ахлагчийн тэтгэвэр 1 сард 30704-33512 төгрөгөөр, офицерийн тэтгэвэр 48787-70081 төгрөгөөр, ахлах офицерийн тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар болсон байна. Дээрх өөрчлөлт нь эдгээр албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төсөлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.09.28