УИХ-ын дарга М.Энхболд: Манай орны олон мянган эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгохыг зорьж буйд талархаж байна

2018/09/17 14:48 1315

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Конгресс дэх Монголын бүлгийн гишүүн Т.Ёохо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

   Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын гишүүд манай улсад 2016 онд айлчилж байсан бөгөөд өнөөдөр дахин Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийллээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн бөгөөд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг талууд 2017 онд өргөн тэмдэглэсэн болохыг тэрбээр уулзалтын эхэнд дурдав.  Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг УИХ-ын дарга онцлоод Америкийн Нэгдсэн Улсын Конгресс нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж удаа дараа тогтоолууд баталж ирсэнд монголчууд нэн талархалтай байдгийг хэллээ. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотнын түнш орон болохыг УИХ-ын дарга М.Энхболд онцлод талууд энэхүү түншлэлээ стратегийн түвшинд хүргэх зорилттой байгаа бөгөөд энэ хүрээнд харилцааны түвшингээ ахиулж, “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэв. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх, төрөлжүүлэхэд дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлээд, хоёр улсын Засгийн газар Мянганы сорилтын корпорацийн Хоёр дахь компакт гэрээ байгуулан ажиллаж байгаад баяртай байна гэв. 

    Түүнчлэн тэрбээр “Эрхэм гишүүн Т.Ёохо Та манай орны гар үйлдвэрлэл, ноос, оёмол сүлжмэлийн салбарыг дэмжиж, олон мянган эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгохыг зорьж, холбогдох хуулийн төслийг Америкийн Нэгдсэн Улсын Конгресст өргөн барьсанд гүн талархал илэрхийлье. Монголын хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй монгол хүн бүрт чухал дэмжлэг болох дээрх хуулийн төслийг Конгресс дахь Америк-Монголын парламентын бүлгэмийн гишүүд дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ. Мөн Конгрессын зүгээс Монгол, Америкийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан өргөжүүлэхэд тууштай дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга илэрхийлсэн. 

    Ноён Т.Ёохо хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, “Монгол Улсын түүх, баялаг өв уламжлалыг манай ард түмэн бахархан хүндэтгэдэг. Хоёр агуу хөрштэй танай улс ардчиллыг засаглалын хэлбэрээ болгон сонгож, хөгжүүлж байгааг бид хүндэтгэн дэмжих болно. Хувь хүний хөгжлийн дэмжих замаар улс орон, нийт эдийн засгийг дэмжих бололцоо бүрддэг” гэв. 

    Дэлхий нийтээр хүндхэн цаг хугацааг туулан өнгөрүүлж буй энэ үед нийт парламентчдад ижил бэрхшээл тулгарч байгаа гэдгийг Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Элизабет Эсти хэлээд Монгол Улсын энэ удаагийн парламент нь хамгийн олон эмэгтэй төлөөлөлтэй байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Улс орны хөгжлийн тулгуур болсон иргэн бүрийг чадавхижуулах үйлсэд туслахад бэлэн байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Боловсрол, худалдаа, эдийн засаг тэргүүтэй бүх чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ хатагтай Элизабет Эсти хэллээ. 

   Конгрессын 10 гишүүн Монгол Улсад үйлдвэрлэсэн ноолуур болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн Нэгдсэн Улсын зах зээлд тарифгүй нэвтрүүлэх тухай “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг 2018 оны долдугаар сарын 26-нд Конгресст өргөн барьсан бөгөөд тус төслийг батлагдана гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Т.Ёохо илэрхийлсэн юм. Монголын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний экспортыг дэмжихээс гадна цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. 

Хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд тулгамдаад буй асуудлуудыг парламент, төр засгийн өндөр дээд түвшинд харилцан ярилцаж шийдвэрлэж ирсэн уламжлалтайг УИХ-ын дарга хэллээ. Бидний дипломат харилцаа тогтоосон хугацааг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнтэй уялдуулан тооцвол илүү эрчимжүүлж, олон талын үр ашиг гаргах бололцоо бий гэдгийг харж болно. Хөдөө аж ахуйн салбар бол манай улсын эдийн засгийн 20 орчим хувийг эзэлдэг. Тус салбарын хөгжлийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, тэдгээрийг экспортлох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо бий гэж гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Уул уурхайн салбар нь өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн тулгуур хэдий ч нөхөгддөггүй, сэргээгдэггүй онцлогийг нь харгалзан бодлоготойгоор, эрэмбэтэй, ойр орчмын иргэдийн амьдрал ахуйд сөрөг нөлөөгүй байдлаар цаашид хөгжүүлэх чиглэл баримталж байна. Эдийн засгийн нөхцөл байдлаас үл шалтгаалан УИХ дээрх уул уурхайн салбарын хөгжлийн чиг баримжааг бодлогын баримт бичиг, хууль тогтоолууддаа баримталж байгааг М.Энхболд дарга танилцуулав. Ийнхүү уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга А.Ундраа, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Том Гаретт болон албаны бусад хүмүүс байлцлаа.