Монгол Улсын соёлын элч Ш.Каваүчи-г хүлээн авч уулзав

2018/09/14 14:33 970

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.09.14) Монгол Улсын соёлын элч Ш.Каваүчи-г хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллаж буй ноён Ш.Каваүчитай уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд Монгол, Японы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг идэвхтэй сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байгаад нь талархал илэрхийлэв. 

    Япон Улсын иргэн Ш.Каваүчигийн хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасан. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын иргэн Каваүчи Широд Монгол, Японы ард түмний харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилж, Соёлын элчийн гэрчилгээг гардуулсан юм.  

    Ирэх онд хоёр улсын хооронд “Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо” байгуулсны 45 жилийн ой тохиох юм. Энэ хүрээнд соёл, урлаг, олон нийтийн солилцоог гүнзгийрүүлж, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг хоёр талдаа зохион байгуулна. Үүнд ноён Ш.Каваүчитай идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга илэрхийлэв. 

    Бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэрбээр тэмдэглэв. Монгол Улс гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж,  Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцоллоо.

    Монгол Улсын Соёлын элч Ш.Каваүчи УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд гүн талархал илэрхийлээд соёл, спортын зарим төрлийг хөгжүүлэхэд хоёр улсын иргэд хоорондын харилцааг дэмжих асуудлаар ярилцсан юм. 

    УИХ-ын дарга М.Энхболд “Монгол, Япон улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Хүнд хэцүү цагт бидэнд тусалж, дэмжсээр ирсэн Японы Засгийн газар, ард түмэнд Монголын ард түмэн ямагт гүн талархалтай ханддаг” гэв. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард Япон Улсад, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима 2017 оны долдугаар сард Монгол Улсад тус тус айлчилсан нь хоёр орны парламент хооронды харилцаа хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн хоёр орны нийгэм, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн эрчимжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр орны парламент идэвхтэй ажилладаг болохыг дурдав. 

    Уулзалтын төгсгөлд хоёр улсын соёл, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд ноён Ш.Каваүчи-г цаашид ч идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүслээ. 


    Каваүчи Широ нь Японы Токушима мужийн худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн бөгөөд “Кансай Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулан ажиллуулж байна. Тэрээр 2012 оноос Монголын язгуур урлагийг сурталчлан таниулах ажил үйлсэд хүчин зүтгэсэн бөгөөд Японы баруун бүс нутгийн хотуудад монголын ардын урлагийн томоохон хэмжээний тоглолтуудыг өөрийн санхүүжилтээр зохион байгуулж, сүм хийд сэргээн засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлж, түргэн тусламж, гал комманд, хогны машин зэргийг бэлэглэж, Улаанбаатар хотод бэйсболын талбай байгуулах зэргээр Монголын хүүхэд залуучуудын хөгжил, боловсролыг дэмжиж иржээ.