Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Азийн эмч нарын холбооны тэргүүн, доктор, профессор Шигэрү Суганамиг хүлээн авч уулзлаа.
-Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа бөгөөд бид Япон Улсыг өөрийн гуравдагч хөрш, итгэлт түнш гэж үздэг. Япон Улс Монголын ардчилсан шинэтгэлийг анхнаас нь тууштай дэмжиж, хандив тусламж үзүүлж, хөрөнгө оруулсаар ирсэнд монголчууд талархалтай ханддаг. Хоёр орны харилцаанд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байна. Түүн дотроо Таны тэргүүлдэг Азийн эмч нарын холбоо Монголд 10 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдийн нүдийг хамгаалах, үзлэг оношлогоо хийх, монгол эмч нарыг дагалдуулан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх зэргээр олон талт үйл ажиллагаа явуулж байдагт талархал илэрхийлье гэж УИХ-ын дарга үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.
Түүнчлэн монгол эмч нарыг нарийн мэргэжлээр мэргэшүүлэх, орчин үеийн шилдэг техник, технологи эзэмшүүлэх, Японы анагаах ухааны салбар, эмч нарын тэргүүлэх туршлагаас суралцах боломж олгоход цаашид анхаарахыг хүслээ.
Ноён Шигэрү Суганами хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, 7 жилийн өмнө Японы зүүн бүсэд үүссэн цунамигийн гамшигт нэрвэгдсэн япончуудад Монголын төр засаг, ард түмэн өгөөмөр сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлсэнд гүнээ талархаж явдгаа хэлсэн юм.
Тэрбээр “Тэр хүнд хэцүү цаг үед хоёр орон л ард нийтээрээ хандив тусламжийн аян өрнүүлж, бидэнд тусалсан юм. Түүний нэг нь Монгол. Бид Монголын ард түмний энэ сайхан сэтгэлд ямагт талархаж явдаг бөгөөд нутаг нэгтнүүдээ төлөөлөн Тантай уулзаж талархал илэрхийлж байгаадаа баяртай байна. Миний Тантай уулзах зорилгын 90 хувь нь энэ талархалд чиглэсэн юм” гэлээ.
Ноён Шигэрү Суганами манай холбоо монгол хүүхдийн нүдний харааг үзэж шалгах, харааны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлээр 8 жил үйл ажиллагаа явуулж байна. Өргөн уудам газар нутагтай, алсын бараа сайтай Монгол оронд нүдний өвчлөл бага байгаа гэж бид бодсон ч эсрэгээрээ байсан. Нүдний өвчлөл, хараа муудалтыг аль болох эрт, бага насанд нь илрүүлбэл эмчлэн эдгэрүүлэх боломжтой. Тиймээс бид монгол хүүхдэд нүдний оношлогоо, үзлэг тогтмол хийх, эмч нарыг давтан сургахад гол ажлаа чиглүүлдэг гээд “Хүүхдүүдийг нүдний эмчийн үзлэгт байнга оруулж байх хөрөнгийг улсын төсөвтөө суулгаж өгөх талаар дэмжлэг үзүүлэхийг Танаас хүсэж байна” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд 2011 онд Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа Японы зүүн бүсэд болсон газар хөдлөлт, цунамигийн гамшигт өртөгсдөд Монголын төр засаг, ард түмнээс сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх ажлыг гардан зохион байгуулж байснаа дурсаад, эрүүл мэндийн төсөвт дээрх чиглэлээр хөрөнгө тусгах асуудалд анхаарал хандуулна гэлээ.
Ноён Шигэрү Суганами түүний энэ үгэнд баярласнаа илэрхийлж, “Миний Тантай уулзсан зорилго, цөөнгүй жил мөрөөдсөн хүсэл биеллээ” гэж уулзалтын төгсгөлд хэлэв.