Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын Ерөнхий аудитор, хатагтай Ху Жэзун тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд тэмдэглээд, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-г хөгжүүлэхэд аудитын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлов. Түүнчлэн хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний харилцаа тогтмолжиж буйг өнгөрсөн 4-р сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, 6-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлал харуулж байна гэлээ.
Тэрбээр хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагаа тогтмолжиж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Монгол Улсын Их Хурлын хооронд хамтын ажиллагааны байнгын механизм бий болсныг тэмдэглэлээ.
Хоёр орны Аудитын байгууллага хоорондын хамтын ажиллагаа 10 гаруй жилийн өмнөөс эхэлж, Монголын аудитын байгууллагын мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах чиглэлээр БНХАУ-ын аудитын байгууллага идэвхтэй дэмжлэг үзүүлж байгаад тэрбээр талархал илэрхийлэв.
Хатагтай Ху Жэзун Аудитын байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр орны хооронд тогтоосон “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-ны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлоод, “Бид Монгол Улсын Аудитын байгууллагатай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай өргөн хүрээнд санал бодлоо солилцож, хоёр байгууллагын хамтын ажиллагааны ойрын 3 жилийн хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Бидэнд харилцан бие биенээс суралцах, туршлага хуваалцах зүйл олон бий. Тиймээс аудитын ажилтнуудыг харилцан солилцохыг чухал гэж үзэж байна. Монголын мэргэжилтнүүдийг бакалаврын түвшинд болон урт, богино хугацааны сургалтад хамруулах чиглэлээр бид цаашид улам илүү анхаарах болно” гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд хоёр байгууллага хамтын ажиллагааны шинэ чиглэл, зорилтоо тодорхойлсонд баяртай байгаагаа илэрхийлээд, хууль тогтоох дээд байгууллагын харьяанд үйл ажиллагаа явуулдаг Аудитын байгууллагуудын хамтын ажиллагааг УИХ байнга дэмжиж ажиллах болно гэв.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.