Олон улсын чуулга уулзалтад оролцохоор ирсэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй Монгол Улсын парламентын төлөөлөгчдийг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Төрийн Думын байранд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хүчин чармайлт чухал нөлөөтэй гэдгийг санал нэгтэй тэмдэглэв.
УИХ-ын дарга М.Энхболд “Найрамдал нөхөрлөлийн олон жилийн түүхтэй, найрсаг харилцаатай, хөрш орны хувьд бид ОХУ-ын Төрийн Думээс зохион байгуулж буй энэхүү томоохон арга хэмжээнд Парламентын тэргүүний хувьд оролцож буй нь нэр төрийн хэрэг юм” гэлээ.
Уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээ далайц, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг хөндөж ярилцлаа. Тухайлбал УБТЗ-ыг хөгжүүлэх, нэлээд хэдэн жил яригдсан “Эдийн засгийн коридор байгуулах” төслийг ажил хэрэг болгох талаар санал солилцов.
Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд “2019 онд тохиох Халх голын ялалтын 80 жилийн ойг өргөн хүрээнд, хамтран тэмдэглэх нь манай хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, дайны үед ч, энхийн цагт ч мөр зэрэгцэн тэмцэж явсан бахархалт түүхийг дархлах онцгой ач холбогдолтой юм” гэсэн санал дэвшүүлснийг ноён В.В.Володин дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Мөн ОХУ 2025 онд олон улсын ЭКСПО үзэсгэлэнг эх орондоо зохион байгуулахаар нэрээ дэвшүүлснийг Монгол Улс дэмжих болно гэж УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдлээ.
Хоёр талын худалдаа, эдийн засгийн болон бусад бүхий л салбарын хамтын ажиллагааг хууль тогтоох байгууллагууд бүх талаар бүрэн дэмжиж ажиллах нь хоёр орон, ард түмний нийтлэг эрх ашигт бүрнээ нийцэх болно гэдгийг санал нэгтэй тэмдэглэв.
УИХ-ын дарга М.Энхболд ноён В.В.Володинийг энэ онд Монгол Улсад айлчлахыг урьсныг талархан хүлээж авав.