Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2018/05/29 14:36 567

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2018.05.29/ хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн боловсруулсан бөгөөд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгохоор тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамын харгалзах оноог шинэчилж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрах хүрээг тогтоох, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөн, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах, цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттай нэмэгдүүлэх, цаашид хүүхэд бүрт олгох асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Хуулийн төслүүдэд нийслэлийн дагуул хот, дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн дагуул хот, дэд төвүүдэд шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас тодорхой хугацаагаа чөлөөлөх, жуулчны худалдан авсан бараанд ногдох НӨАТ-ыг буцаан олгох, дүүргийн төсвийг батлахдаа хүн амын тоо, нягтрал, эдийн засаг, нийгмийн цогцолборын онцлогийг харгалзан үзэх асуудлуудыг тусган боловсруулсан байна.

Түүнчлэн НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагын бүс нутаг хариуцсан салбар, төлөөлөгчийн газар, олон улсын бусад байгууллагын байрлаж байгаа байрыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгажээ.

Ингэснээр нийслэлийн хэт төвлөрлийг сааруулж, олон төвт, суурьшлын оновчтой тогтолцоонд суурилсан хот байгуулах, дэд төв, дагуул хотуудыг хөгжүүлнэ хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэнгадаадын жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг тодорхой тохиолдолд буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлснээр Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёлын төв болгох арга хэмжээг хэрэгжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна.

Нийслэлийн дагуул хотоор Багануур, Налайх дүүргийг зарлаж, нийслэлд Сэлбэ, Баянхошуу, Дамба, Яармаг гэх мэт найман дэд төвийг байгуулах юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хотын төвлөрлийг сааруулж, үйлдвэрүүдийг хотоос гаргахыг дэмжиж байгаа ч дагуул хот, дэд төвүүд рүү нүүн үйл ажиллагаа явуулах болсон аж ахуйн нэгжүүдийг 10-20 жилээр татвараас чөлөөлснөөс улсын төсвийн орлогод нөлөөлөх сөрөг зүйл гарч болзошгүй хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, нийслэлдээ арьс шир боловсруулж, барилгын материалаа үйлдвэрлээд байж байгаа улс Монголоос өөр байхгүй. Тиймээс боловсруулах үйлдвэрүүдээ хотын төвөөс гаргах, нийслэл хотынхоо хэт төвлөрлийг сааруулахын тулд татварын бодлогоор зохицуулахаас аргагүй. Ингэж байж дагуул хот, дэд төв, хөдөө орон нутагт ажлын байр бий болж, хөгжих учиртай хэмээсэн.

Анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд татварын хөнгөлөлттэй холбоотой хуулиудын дагаж мөрдөх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоох тухай саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Мөн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хороны 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот тогтоолоор дээрх хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулан байгуулсан юм.

Тус ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.

Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар дараахь зарчмын саналуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд тусгагдсан “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэнэ” гэж өөрчлөх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ.

Түүнчлэн хуулийн 24.1 дэх хэсгийг “Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөхтөлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ” гэж өөрчлөх саналыг ажлын хэсэг дэмжсэн байна.

Тогтоолын төсөлд Монгол Улсын хэмжээнд батлагдсан бүх салбарын зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх болон 2019 оны төсвийн тухай хуулийг боловсруулахдаа Төсвийн тухай хуульд нийцүүлэн батлагдсан зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгахгүй байх зэрэг асуудлыг тусгасан байна.

Хуульд оруулах нэмэлтийг 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ хэрэгжүүлж амжих эсэхийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн лавласан бөгөөд Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд хэрэгжүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хариулсан юм.

Ингээд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.