УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2018.05.24/ Цахим бодлогын түр хороо байгуулах тухай Улсын Их Хрулын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, бүрэлдэхүүнийг баталлаа.
УИХ-ын дарга М.Энхболд Түр хороо байгуулагдсантай холбогдуулан цаашид анхаарч ажиллавал зохих хэд хэдэн асуудлыг хөндөж, үр дүнтэй ажиллахыг санууллаа. Тэрбээр “Цахим бодлогын түр хорооны ажлын үр дүнг хурдан хугацаанд гаргаж, ард түмний амьдрал болон улс орны эдийн засгийн хөгжилд тус нэмэр болохуйц шийдвэрүүдийг гарган ажиллах хэрэгтэй. Мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ гарц, боломжуудыг бий болгох асуудал дээр санаачлагтай ажиллахыг хүсье. Монголд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд худалдаалах, сурталчлах тал дээр Цахим бодлогын түр хороо дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй. Бид Монгол Улсад үйлдвэрлэгдсэн 7200 бүтээгдэхүүнийг Европын холбооны 28 оронд татваргүйгээр борлуулах гэрээ хийж байсан. Энэ гэрээ 2 жил тутамд сунгагддаг ч маш цөөн тооны, хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүн гадаадад худалдаалагдаж байна. Энэ асуудлыг анхааралдаа авч ажиллааарай.
Мөн төрийн үйлчилгээг цахимжуулах тухай маш олон жил ярьсан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, будлиангүй болгох тал дээр санал санааачлага гарган ажиллахыг хүсье. Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ажилд анхаарлаа хандуулан ажиллаарай” гэлээ.