Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ

2018/05/23 17:39 665

     УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.23) хуралдаан 14 цаг 29 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

    Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц юм. Иймд нэр дэвшигчид Үндсэн хуулийг сахин хамгаалах үйл ажиллагаагаа өндөр ёс суртахуунтай, хараат бусаар, хууль дээдлэх зарчимд нийцүүлж ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц улс төр, бизнесийн нөлөөллөөр аливаа асуудалд хандаж, шийдвэр гаргадаг гэх олон нийтийн шүүмжлэл байгааг сануулж, ийм нөхцөл байдлыг өөрчлөх, үйл ажиллагааг бие даасан, хуульд нийцсэн байлгахад анхаарах ёстойг сануулсан. 

    Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэрийг, 100 хувийн саналаар нэр дэвшигч Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

    Үүний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу УИХ-аас санал болгосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар хэлэлцлээ. Уг саналыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм. 


    Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг.

    Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга тавдугаар сарын 21-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ш.Солонгын нэрийг дэвшүүлэх тухай албан тоот хүргүүлж, хэлэлцүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийг дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын даргын 107 тоот захирамж гарган Ш.Солонгыг албан ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн. Нэр дэвшигч Ш.Солонго нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамтаар ам бүл дөрвүүлээ амьдардаг. 1979 онд нийслэлийн 23 дугаар сургууль, 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ. Хуульч мэргэжилтэй, гавъяат хуульч цолтой. Орос, англи хэлтэй. Ажиллаж, хөдөлмөрлөсөн байдлыг нь танилцуулбал, 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын газарт дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж. Төрийн албанд 34 жил ажиллажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуурыг бүрэн хангасан гэдгийг УИХ-ын дарга танилцуулгынхаа төгсгөлд хэллээ. 


    Нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Олон жил төрийн ажил хийсэн туршлагатай, чадварлаг боловсон хүчин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дэвшин ажиллаж байгаад баяртай байна” гээд амжилт хүссэн юм. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Ш.Солонгыг дэмжлээ.      

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. 

    Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

    Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй болсон тул хасах, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, шинээр зохицуулалт нэмэх, журмаар зохицуулж байгаа зарим асуудлыг хуульчлах шаардлагатай болсон тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хуулийн зорилтыг шинэчлэн томьёолжээ.

    Хуулийн төсөл нь 4 бүлэг, 23 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн нэрийг “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” гэж өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь харгалзан “Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” гэснийг хуулийн төсөлд “Албадан эмчлэх эмнэлэг” гэж нэрлэсэн байна.

    Одоогийн мөрдөж байгаа хуульд албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд байдаг  бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэхээр заасан боловч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмч, мэргэжлийн удирдлага, хүний нөөцөөр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй тул мэргэжлийн удирдлагаар хангах эрүүл мэндийн байгууллагыг Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага байхаар зааж, уг байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг  хуулийн төсөлд тодорхой тусгажээ.

    Албадан эмчилгээний өнөөгийн үр дүнг бууруулахгүй байх, албадан эмчилгээнээс зайлсхийх явдлыг гаргуулахгүй байх, эмчлүүлэгчийн нийгмийн байдлыг дээшлүүлэх зорилгоор тодорхой мэргэжилгүй, ажилгүй эмчлүүлэгчдэд зориулан албадан эмчлүүлэх хугацаанд нь нөхөн сэргээх эмчилгээтэй уялдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулж болох тухай зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. 

    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд зарим зүйлийг тодруулсан. Хэлэлцэж буй төсөл Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцитэй нийцэж буй эсэхийг тодруулсны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариулт өгөв. Одоо хэрэгжиж буй хуулиар согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр эрхлүүлдэг бол Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид төслийг нийцүүлэн албадан хөдөлмөр эрхлүүлэх асуудлыг хассан байна. Согтуурах, мансуурах донтой этгээдийг гэмт хэрэгтэн, эсвэл хохирогч болохоос нь өмнө албадан эмчлэх, эмчилгээний стандарт болон холбогдох бусад асуудлыг нарийвчлан тодорхой болгосноороо одоо хэрэгжиж буй хуулиас ялгаатай гэв. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, үүнтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар тодруулсан гишүүний асуултад хариулахдаа “2017 оны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 282 үйлдэлтэй 117 эрүүгийн хэрэгт 275 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явуулсан. Энэ оны эхний улирлын байдлаар энэ төрлийн 61 гэмт хэрэгт 132 хүнийг холбогдуулан саатуулж байгаа бөгөөд насны хувьд залуужиж байгаа” гэв. 


    Мансууруулах бодис хэрэглэж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлэв. Засгийн газарт энэ чиглэлээр танилцуулга хийж, энэ үндсэн дээр Аюулгүй зөвлөлд танилцуулж, зөвлөмж гаргасан. Цагдаагийн Ерөнхий газарт хар тамхитай тэмцэх бие даасан нэгж байгуулан ажиллуулж байгаа бөгөөд тодорхой үр дүн гарч байгааг тэрбээр хэллээ. Үүний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа идвэхжиж, хэргийн илрүүлэлт нэмэгдэж байгааг хэлсэн юм. Хил гаалийн шалган нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах шаардлага байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр мөн дурдагдаж байлаа. Ийнхүү гишүүний асуултад хариулт өгсний дараа төсөлтэй холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив