Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, эдгээр төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт Засгийн газраас 2016 оны 12-р сардөргөн мэдүүлж, 2018 оны 01-р сард Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдсэнээр Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн ч төсөл санаачлагчид буцаахааршийдвэрлэсэн.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин боловсруулахдаа УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг анхаарч, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайлбал:
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуульд уг хуулийн зорилтыг хэт хумьж зохицуулсныг илүү нарийвчилж улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулахаар оруулсан байна.
-Цахим иргэний үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэх, уг мэдээллийг хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, иргэний үнэмлэхээрээ төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх, иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглох зэрэг зохицуулалтыг тусгажээ.
-Хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт, улсын байцаагчийн хэрэгжүүлэх эрх, үүрэг, байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, удирдлагын бүрэн эрхийн талаар холбогдох өөрчлөлтүүдийг оруулсан байна.
-Бүртгэлийн мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал болон мэдээллийн технологийн хэрэглээг сайжруулах чиглэлээр холбогдох өөрчлөлтүүдийг нэмж зохицуулжээ.
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас иргэн, хуулийн этгээдэд өгөх бүртгэлийн мэдээллийн нээлттэй байдал болон хувь хүний нууцын хамгаалалтын тэнцвэртэй байдлыг хангах, хуулийн этгээд болон хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийг нээлттэй болгож олон улсын жишигт нийцүүлэх, зах зээлд оролцогчдыг үнэн зөв мэдээллээр хангах, хөрөнгийн эдийн засгийн эргэлт, өсөлтийг дэмжих замаар олон нийтийн болон татварын хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзэн хуулиар хориглосноос бусад бүртгэлийн мэдээллийг нээлттэй ашиглуулах, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр өгөх мэдээллийг ангилан зааж мэдээлэл өгөх журмыг хуулиар тогтоохоор тусгасан байна.
Улсын бүртгэлийн байгууллага нь иргэний 19, эд хөрөнгийн 29, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 10, зохиогчийн эрхийн 3, аж үйлдвэрийн өмчийн эрхийн 33, архивын 28, нийт122 төрлийн үйлчилгээг үзүүлж байна.
Бүртгэлийн байгууллагаас гаргасан тоон мэдээллээр 2017 оны жилийн эцсийн байдлаар иргэн, хуулийн этгээдэд (биечлэн) нийт 271.694 лавлагаа, мэдээллийг үнэт цаасаар, архивын баримтаас 16.649 хуулбар хийн цаасан хэлбэрээр олгосон нийт 1.365.173 үйлчилгээг үзүүлсэн байна.
Дээрх тоотой харьцуулахад цахим хэлбэрээр буюу “Үндэсний дата төв”-өөр дамжуулан 4.400.000 гаруй тооны лавлагаа, мэдээллийг авсан нь цаасан хэлбэрээр өгч байгаа лавлагаа, мэдээллийн тоотой харьцуулахад 16 дахин их, “Түц” машинаар дамжуулан өгч байгаа лавлагаа, мэдээллийн тоо (668.572) нь 3 дахин их байна.
Хуулийн төслийг баталснаар:
2.Улсын байцаагчийн эрх, үүргийг тодруулж холбогдох суурь зохицуулалтыг оруулснаар улсын бүртгэлийн аливаа зөрчил, алдаа дутагдлаас сэргийлэх нөхцөл бүрдэх бөгөөд бүртгэлийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирна.
3.Хуулиар хориглосон буюу хязгаарласнаас бусад мэдээллийг нээлттэй болгож, иргэн, хуулийн этгээдийг бүртгэлийн үнэн зөв, бодитой мэдээллээр хангах, илүү ойлгомжтой бүртгэлийн үйлчилгээг иргэдэд санал болгох бөгөөд үүнийг дагаад улсын бүртгэлийн байгууллагад хандаж цахим хэлбэрээр мэдээлэл, лавлагаа авах иргэн, хуулийн этгээдийн тоо өсөх, улсын төсвийн орлогод дэмжлэг үзүүлэх,залилан, бусдын эд хөрөнгийг завших зэрэг гэмт хэргийн гаралт багасах ач холбогдолтой.
4.Бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, ойлгомжтой байдлаар зохицуулж хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж, хуульд нийцсэн байх зарчим үйлчлэх зэрэг эерэг үр дагавар бий болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Уг хуулийн төслийг боловсруулахдаа 2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг олон улсын өнөөгийн болон цаашдын чиг хандлагад нийцүүлэн хуулийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, бүртгэлийн цахим мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх, иргэн, хуулийн этгээдэд цахимаар бүртгүүлэх боломжийг бүрдүүлэх, бүртгэл хийх цаг хугацааг хэмнэх замаар бүртгэлийн байгууллага, ажилтанд учрах ажлын ачаалал, зардлыг багасгах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн холбогдох зохицуулалтуудыг хийжээ.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах асуудлуудыг тусгасан байна. Үүнд:
2.Хууль зүйн сайдын тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”, “Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам”, “Хуулийн этгээдийн нэр олгох баталгаажуулах журам”, “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журам”-аар тогтоож байгаа бүртгэлийн зарим суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой байдлаар зохицуулжээ.
Улсын бүртгэл хийх явцад иргэн, хуулийн этгээдээс хуулиар тогтоосноос гадна дүрэм, журмаар нэмэлт баримт бичиг шаардах тохиолдлууд гарсаар байгаа тул эдгээрийг бүхэлд нь хуулийн төсөлд тусгахаар тогтсон байна.
3.Хууль хэрэгжих хугацаанд практикт үүсээд буй тодорхой асуудлуудыг шийдвэрлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэл хийхэд эрх зүйн зохицуулалтгүй байдлаас үүдэн иргэд, бүртгэлийн байгууллагад үүсдэг бэрхшээлүүдийг даван туулах, улсын бүртгэлийн байгууллагын зарим чиг үүргийг нийтэд ойлгомжтой болгох зорилгоор холбогдох өөрчлөлтүүдийг хийжээ.
Хуулийн төсөлд гэрчилгээ болон тамга, тэмдэг элэгдэж хуучирсан, гэмтсэн, өнгө, загвар, хэлбэрийг өөрчлөх, дахин авах хүсэлт гаргасан, хаяж үрэгдүүлсэн, устсан, ашиглах боломжгүй болсон зэрэг тохиолдлуудад хуулийн этгээдэд гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгохоор заасан байна.
4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хамаарах бүртгэлийн хугацааг шинэчлэн тогтоох замаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлэх хугацааг багасгах, өргөдөл гаргагчийн хуулийн этгээдийн нэрээ баталгаажуулснаас хойш 10 хоногийн дотор бүртгэлийн байгууллагад өргөдлөө гаргахаар заасан хугацааг уртасгаж тогтоожээ.