Энд хүрэлцэн ирсэн үе үеийн парламентын гишүүд, эрдэмтэн судлаачид Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.
УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж байгаа хэлэлцүүлгийн урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.
Монгол Улсад парламентат ёсны нэн шинэ үеийн түүх БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай 1990 оны хуулиас эхлэлтэй гэж үздэг. Энэ цаг үеэс хойш бид 28 жилийг ардаа орхижээ.
1990 онд явагдсан ардчилсан шинэ сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ардын Их Хурлаас байгуулагдсан Улсын Бага Хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр “Бага хурлын тухай” хуулийг батлан гаргасан нь байнгын ажиллагаатай парламент, түүний үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчны үндсийг тавьж байжээ. Энэ цагаас хойш хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа, гишүүний эрх зүйн байдал, ёс зүйн харилцааг зохицуулсан 130 гаруй хууль, тогтоол, дүрэм, журам гаргасан байна.
Өнөөгийн дагаж мөрдөж байгаа УИХ-ын тухай хуулийг 2006 онд баталсан. Энэ хуульд 15 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 2007 онд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль батлагдсан. 2007 оноос өмнө УИХ-ын даргын шийдвэр, захирамжаар дэгийн асуудлыг зохицуулдаг байсан бол 2007 оноос хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа зохицуулдаг болсон юм. Уг хуульд өнөөдрийг хүртэл 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тухайн цаг үеүдэд оруулж байсан өөрчлөлтүүд нь цаг үеийнхээ онцлог, нөхцөл байдлыг тусгаж, хүндрэл бэрхшээлээс гарах, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тогтвортой, саадгүй явуулах зорилготойгоор хууль тогтоох байгууллагын гишүүд, энэ чиглэлийн судалгаа хийдэг эрдэмтэн судлаачдын санал бодолд тулгуурлаж байсан бөгөөд УИХ-ын үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход чиглэж байсан юм.
Өнөөгийн УИХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, үйл ажиллагаагаа явуулж байна. Би энд хоёр, гуравхан тоог дурдъя.
2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ эхний гурван чуулганаараа 493 хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцэн баталжээ. Энэ бол 2016 оны намрын чуулганы эцсээр гарсан статистик мэдээ. Үүнийг өмнөх парламенттай харьцуулж хэлэх нь зөв гэж бодож байна. 2012 онд байгуулагдсан УИХ эхний гурван чуулганы нийлбэр дүнгээр 269 хууль шинээр батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдэж байжээ. 2008 онд байгуулагдсан парламент эхний гурван чуулганы дүнгээр 201 хууль, хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн байна.
Өнөөгийн парламент нийгмийн амьдралын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ихээхэн чармайж ажиллаж байгаа гэдгийг энэ тоо баримт харуулж байгаа юм.
Гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг өнөөдөр бид онцолж ярих учраас энэ талаар бас хэдэн тоо хэлье. Өнгөрсөн гурван чуулганы нийлбэр дүнгээр энэ удаагийн УИХ-ын гишүүд 1012 цагийн чуулганы хуралдаанд оролцолгүй тасалсан гэсэн статистик мэдээ байгаа. Тэгвэл 2012-2016 оны парламент гурван чуулганыхаа нийлбэр дүнгээр 9882 цагийн таслалттай байжээ.
Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлт, шийдвэрүүдийг авч үзсэн байдлыг харах юм бол 2016 онд байгуулагдсан парламент Үндсэн хууль зөрчсөн тухай 7 шийдвэр гарсан байна. 2012-2016 онд Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр 26 удаа гарч байж. Харин 2008-2012 онд ийм шийдвэр 14 удаа гарсан байгаа юм.
Хэдийгээр хууль тогтоох байгууллага асуудлаа шийдвэрлээд явж байгаа ч УИХ-ын үйл ажиллагаа, УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал өнөөдөр нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Тийм учраас УИХ энэ асуудалд онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байгаа юм. Би энэ хаврын чуулганы нээлтийн үгэндээ энэ чуулган УИХ-ын үйл ажиллагаа, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гишүүдийн ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээрх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шийдвэр гаргасан чуулган байна гэж хэлсэн. Энэ дагуу өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Парламентын гишүүд ард түмнийг төлөөлөх үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадаж байна уу, үгүй юү гэдэг асуудал УИХ-ын үйл ажиллагаанд хэрхэн, яаж оролцож байна вэ гэдгээс харагдаж байгаа. Нөгөө талаар парламент бүхэлдээ хариуцлага, сахилгатай байж чадаж байгаа, эсэхтэй холбогдох учраас УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудалд ихээхэн анхаарал хандуулах ёстой гэж бид үзэж байгаа юм.
Дэлхийн улс орнуудад парламентын үйл ажиллагаагаа ёстой, дэгтэй, зарчимтай, уламжлалтай байлгах талаар ихээхэн анхаарч ажилладаг туршлагууд бий. Олон улсын болон бүс нутгийн парламентын холбоодын хуралд манай Их хурлын гишүүд очиж, бусад орнуудын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны талаар судалж, сонсдог бөгөөд аль ч парламент гишүүдийнхээ хариуцлага, ёс зүйн асуудалд ихээхэн анхаарал тавьдаг нь ажиглагддаг.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж байгаа Д.Лүндээжанцан даргатай Ажлын хэсэг парламент болон парламентын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр өнөөдрийн байдлаар 48 орны Үндсэн хуульд тодорхой хэмжээний судалгаа хийж, санал дүгнэлт гаргаж, Ажлын хэсэг дээрээ, УИХ-ын холбогдох байгууллагуудын түвшинд ярилцаж байгаа. Удирдлагын түвшинд ч онцгой анхаарал хандуулж байна.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ нараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Энэ Ажлын хэсэг л гэхэд зөвхөн дэгийн холбогдолтой асуудлаар 10 гаруй орны парламентын хууль, эрхийн актуудыг судалж үзсэн байна.
Судалгаанаас харахад гишүүдийн хариуцлага, ёс зүй, дэгтэй холбоотой зохицуулалтуудыг дөрвөн үндсэн бүлэгт хувааж үзэж болохоор байгаа юм.
Нэгдүгээрт, Гишүүдэд санхүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна. Энд цалинг нь хасах, санал хураалтад оролцоогүй, тасалсан бол мөнгөн торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ орно.
Хоёрдугаарт, Гишүүний бүрэн эрхийг түр хугацаагаар буюу хэсэгчлэн түдгэлзүүлэх, эгүүлэн татах мэтээр сахилгын шийтгэл ногдуулдаг туршлага байна.
Гуравдугаарт, Гишүүдийн ирцийн байдлыг олон нийтэд мэдээлдэг, албадан ирүүлдэг, хуралдаанд оролцох эрхийг нь хасдаг, албан ёсоор уучлал гуйлгадаг арга барил байна.
Дөрөвдүгээрт, Гишүүний давуу эрхийг нь хязгаарлах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, парламентын бүрэлдэхүүнээс хасах шийтгэл ногдуулдаг байна.
УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Хаянхярваа Дэгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хууль санаачилж, УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ нарын Ажлын хэсгээс боловсруулж гаргах төслийг Д.Хаянхярваа гишүүний өргөн барьсан төсөлтэй хамтатгаж, энэ чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах хууль эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгох болно.
Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд парламентад олон жил суусан туршлагатай, Д.Лүндээжанцан даргын хэлснээр голцуу Төрийн байгуулалтын байнгын хороонд хамаарагдаж байсан, төрийн байгуулалтын чиглэлээр мэргэшсэн парламентчид та бүхэн болон эрдэмтэн судлаачдын санал юу юунаас чухал. Тийм учраас санал бодлыг тань сонсъё хэмээн өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлгийн арга хэмжээ нээснийг мэдэгдье. Та бүхэнд амжилт хүсье.