Цахим бодлогын түр хороо байгуулахыг дэмжиж, саналууд хэллээ

2018/05/01 13:39 637

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр /2018.05.01/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож, Цахим бодлогын түр хороо байгуулахыг дэмжиж, тодорхой саналуудыг хэллээ. Тэрбээр хэлэхдээ "Түр хороог байгуулахдаа хугацаа зааж биш тодорхой зорилтуудыг дэвшүүлэх ёстой. Зорилт нь тодорхой бол дараагийн парламентаар ч ажиллах боломжтой юм. Хугацаанд хэт хавчигдаж нэр төдий түр хороо байгуулж болохгүй. Төрийн үйлчилгээг цахимжуулж, шуурхай болгох ажлын хүрээнд нэгдсэн сүлжээг бий болгож, программ хангамжийг нэгтгэх нь тус хорооны гол зорилтуудын нэг байх ёстой. Цахим мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг боловсронгуй болгож, хууль, эрх зүйн орчныг бий болгох төслийг боловсруулах шаардлагатай байна. Цахим банк, цахим төлбөр тооцоо, гүйлгээний аюулгүй байдлыг хангах бодлого шаардлагатай байна.  Уг ажлуудыг гүйцэтгэх мэргэшсэн хүмүүсийг бэлтгэх, давтан сургах зэрэг асуудлыг түр хороо нэгдсэн байдлаар авч үзэх хэрэгтэй" гэлээ.