(УИХ-ын дарга М.Энхболдын 2018 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгнээс хүргэж байна)
УИХ нийслэлийн утаа, орчны бохирдлыг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, төсөв, хөрөнгө оруулалтыг өнөөгийн нөхцөлд хангалттай гэж хэлж болохуйц түвшинд шийдвэрлэсэн.
Тодорхой үүрэг, чиглэл Засгийн газарт өгсөн. Одоо хийх ёстой ажлаа хойш тавилгүй эхэлмээр, явц үр дүнг тухай бүр тооцож, дүгнэж баймаар байна.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-ын шийдвэрүүд, баталж өгсөн төсөв, хөрөнгийн зарцуулалтад УИХ хяналт тавих ёстой.
Хотын иргэдийг бухимдуулж, цаг, мөнгийг үрж байгаа нэг асуудал бол авто замын түгжрэл.
Нийслэлийн авто замын урт 858 км, тээврийн хэрэгслийн тоо 586.8 мянга, авто замын ачаалал 3 дахин хэтэрсэн гэсэн мэдээ байна.
Түгжрэлийг уулзвар өргөтгөөд шийдвэрлэж чадахгүй гэдэг нь ойлгогдлоо.
Харин нүхэн гарц, давхар зам барих, замын урсгалыг зөв зохион байгуулах, нийтийн тээврийн маршрутыг оновчтой болгох байдлаар шийдвэрлэж байгаа дэлхий нийтийн жишиг байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээр хийгдэх бүтээн байгуулалтын ажил эхний улирал дуусчихаад байхад тендерээ зарлаагүй, орон нутагт эрх шилжүүлэх ажил удаашралтай, тодорхойгүй байгааг анхаарч, ажлаа шуурхайлах хэрэгтэй.
Бүтээн байгуулалтыг иргэдээ ажилтай болгох нэг хөшүүрэг болгож ашигламаар байна.
Зам гүүр, барилга угсралтын зэрэг ажилд туслан гүйцэтгэгчдийг гаднаас залж биш, дотроосоо урьж хийлгэдэг байх нь зүйд нийцнэ.