Монгол Улсын Засгийн газраас хууль, тогтоолын төслүүдийг өргөн барилаа

2018/04/19 16:44 707

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” болон “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслүүдийг өргөн барилаа.

2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” болон “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулиар Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн ахуйн аж арга хэмжээний ажил болон импортоор  оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд чөлөөлсөн бөгөөд энэ хугацаанд мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч ирсэн бөгөөд энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх мод, хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн гэж Засгийн газар үзэж байгааг сайд хэллээ.

Экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий дээрх хуулиудын үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” болон “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, ийнхүү өргөн мэдүүлэв.

Мөн Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц өөрчлөгдөж, Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газар тус тусын чиг үүргээр ажиллах юм. Ингэснээр Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, тогтоомжууд хэрэгжих нөхцөл бүрдэх юм.