УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Тогтоолын төслийн танилцуулгад “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай цахим бодлогын асуудлыг шалган судалж, шийдлийн санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын тогтоолоор байгуулан цахим шилжилтийн асуудлуудад төвлөрөн ажиллуулах шаардлагатай байна.
Дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлэн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох арга зам, дүгнэлт, санал боловсруулах зорилго бүхий “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж мэргэжлийн байгууллага, судлаачид, тогтоолын төсөл санаачлагч бид үзэж байна.
Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахим орчин дахь улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх, тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах “Цахим бодлогын түр хороо”-г байгуулснаар дээрх асуудлууд эергээр шийдэгдэнэ гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан болно” гэсэн байна.