Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүч, жижиг дунд үйлдвэр болон гарааны бизнесийн байнгын хорооны дарга Жан Бен Ван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хууль тогтоох байгууллага болон Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, “Монгол Улс гадаад бодлогодоо БНСУ-ыг гуравдагч хөршөө гэж тодорхойлсон. Хоёр орны хооронд тогтоосон Иж бүрэн түншлэлийн харилцааг Сратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэх нь чухал юм” хэмээн онцоллоо.
Түүнчлэн ноён Жан Бен Ванд хандаж Таны тэргүүлдэг Байнгын хороо эдийн засгийн чухал салбаруудыг хамаардаг учраас хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээлээ. Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Монгол Улсад айлчлах урилгатай байгааг тэмдэглээд “Энэ онд айлчлал болно гэдэгт итгэж байна” гэв.
Ноён Жан Бен Ван хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, “Өнгөрсөн оны дүнгээр 160 мянга орчим иргэн харилцан зорчсон байна. Тэр хэрээр эдийн засгийн харилцаа идэвхжиж буй нь дамжиггүй юм. Өнгөрсөн 1-р сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр томилогдсоныхоо дараах анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэнд талархалтай байгаа. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хоёр орны харилцааг Стратегийн түвшнийх болгож хөгжүүлэх, манай улсаас дэвшүүлж буй “Шинэ умардын бодлого”-ын хүрээнд хамтран ажиллах асуудлыг хөндсөн билээ. Эдгээр санаачилга ажил хэрэг болж хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Тэрбээр эдийн засгийн түншлэлийн асуудлыг хариуцдагийн хувьд манай Байнгын хороо Монгол Улстай аж үйлдвэр, эрчим хүч, байгалийн баялгийн ашиглалт, зам тээвэр, уул уурхай зэрэг салбарт хоёр орны хамтын ажилагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно. Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд онцгой анхаарч байгааг бид мэднэ. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр энэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Байнгын хороо дэмжиж байна гэв. Түүнчлэн Налайхад очиж, Эко орон сууцны төсөлтэй танилцсанаа дурдаад, Налайхын 30.000 иргэнд эрчим хүчний шинэ технологи эзэмшихэд нь хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно гэж тэмдэглэв.
Ноён Жан Бен Ван “Монгол Улс байгалийн баялаг ихтэй. БНСУ экспорт, хөрөнгө оруулалтын чиглэлээр арвин туршлагатай. Тиймээс хоёр тал харилцан ашигтай хамтран ажиллах, зөвхөн хоёр орны хооронд биш, бүс нутгийн хэмжээнд амжилттай хамтрах өргөн боломж байна” хэмээн онцоллоо.
УИХ-ын дарга М.Энхболд “Хамтын ажиллагаа харилцан ашигтай, бодит үр дүнтэй байх ёстой. Байгаа боломжоо зөв ашиглах, үр дүнг хоёр орны ард түмний сайн сайхны төлөө зориулах нь чухал. Аливаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн эхлэлийг зөв тавибал, тэр нь ард тмнүүдийн эрх ашигт нийцэж байвал амжилтад хүрч, тууштай үргэлжилдэг. Энэ зарчим бидэнд нэн чухал” гэлээ.
Уулзалтын үеэр хотжилтын сөрөг нөлөөг даван туулах, Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцийг зөв ашиглах, аялал жуулчлал, IT бизнесийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-БНСУ-ын найрамдлын бүлгийн гишүүн Б.Ундармаа, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн И Чэ Иг, Жон Үн Чон, Юү Дун Сү, Сун Күм Жү нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.