Зарим төсөл хөтөлбөр орон нутагт хэрэгжихгүй байна

2014/03/06 16:12 674

МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй намын удирдлагууд төвийн бүсийн аймгуудад айлчилж байна.

Орон нутгийн иргэдтэй хийх тэдний уулзалт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас эхэллээ. УИХ-ын чуулган завсарласан энэ үеэр МАН-ын удирдлагууд үйл ажиллагаагаа танилцуулж иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилгоор орон нутгийг зорьжээ. Уулзалтын эхэнд МАН-ын дарга М.Энхболд улс эх орны нийгэм эдийн засгийн талаар мэдээллийг өгсөн байна.

 МАН-ын дарга М.Энхболд: Үнэ тогтворжуулах гурван их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр үнэхээр үр дүнгүй үйл ажиллагаа болсон. Харин эсрэгээрээ эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, валютын ханшийг өсгөх, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх, гадагшаа валют гарах нөхцөлийг бий болгоод байна.

Тэрээр Монголд орон тулгараад байгаа эдийн засгийн хямрал нь бүс нутаг, тив дэлхийтэй холбоогүй тиймээс нөөц боломжоо ашиглан эдийн засгийн хямралыг аль болох хурдан хугацаанд хохирол багатай даван туулах ёстойг хэлсэн байна.

Орон нутгийн иргэд ч үүнтэй санал нэг байна. Валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед засгийн газраас арга хэмжээ авахгүй цалин нэмэхгүй байгааг тэд шүүмжилж байсан юм. Газар тариалангийн бүс нутаг гэгддэг Сэлэнгэ аймаг 100 гаруй мянган хүн амтай ихэнх нь газар тариалан эрхэлж амьжиргаагаа залгуулдаг байна. Хаврын тариалалт эхлэх болсон энэ үед шатахууны үнэ нэмэгдсэнээр хүндрэл тулгарч байгааг иргэд хэлж байлаа.  

TV9