Монголын ууган улс төрийн хүчний дотоод амьдралд хөл хөдөлгөөн орсон, удахгүй ээлжит их хурлаа хуралдуулахын өмнөх халуухан үед түүнтэй ярилцах нь яах аргагүй хэвлэл мэдээллийнхний хувьд чухал сонголт. Ингээд асуултаа тавъя. Уншигч та сонирхон дагаарай.
-”Шинэчлэлийн” гэх нэртэй энэ Засгийн газар байгуулагдахаас өмнө улс орны эдийн засгийн байдал яг ямар байсан бэ гэдэг дээр би хоёр зүйл хэлье л дээ. Бид бол 17.8 хувийн эдийн засгийн өсөлттэй байна гэж тооцож байсан. Энэ Засгийн газар бол бидний тэр үеийн эдийн засгийн өсөлтийг 20 орчим хувь байсан гэж тооцож байгаа юм байна. Тэгэхээр эдийн засаг өсөлттэй байсан уу, байсан.
Үнэн худлын тухай яриа байхгүй, тийм үү. Би бол нэг Засгийн газар толгойлсон, гурван Засгийн газарт Шадар сайдаар ажилласан хүн. Улс орны аж амьдралтай сүүлийн долоо найман жилийн турш яахын аргагүй дунд нь хутгалдаж явсан байна. Сайн, муу янз бүрийн зүйлстэй учирч л байсан. Гэхдээ улс орноо хөгжүүлэх гээд бүр дордуулчих вий гэдгээс асар их болгоомжилж, няхуур хандахыг хичээж ирсэн.
Цаашдаа ч ийм бодолтой байх болно. Өнөөдөр улс орны эдийн засаг яагаад муудчихав аа. Би гурван зүйл хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засаг, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг хямралтай байдалд ороогүй байна. Тэр битгий хэл манай хөрш хоёр орны эдийн засаг өсөлттэй байх жишээтэй. Тийм учраас бид энэ хямралд хүргээд байгаа нөхцөл шалтгаануудаа дотоодоосоо хайх хэрэгтэй.
Үндсэн шалтгаанаа өөрсдөөсөө эрэх ёстой. Хоёрдугаарт, эдийн засгийн нарийн тооцоогүйгээр асар их хэмжээний мөнгийг гаргаж цацлаа. Энэ нь өнөөдрийн эдийн засгийн хямрал үүсэх гол үндэс суурь болсон. Үнэ тогтворжуулах нэрийдлээр хоёр их наяд гаруй төгрөг, үнэт цаас арилжаалж гадаадын зах зээл дээрээс бонд босгож байна гэсэн нэрээр 1.5 тэрбум ам.доллар.
Энэ бүгд цаанаа өөрийн тоолууртай. Яг тодорхой бүтээгдэхүүн, ажил юм уу, тодорхой гарт баригдах зүйлээр энэ мөнгө эдийн засгийн эргэлтэд орсон бол улс орны эдийн засагт эергээр нөлөөлөх байсан. Гуравт, аливаа улс оронд хөрөнгө оруулалтыг шингээх чадвар гэж байдаг.
Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эдийн засгийн эргэлтэд ороод, буцаад гараад ирэх том дүнтэй мөнгөний урсгалыг хэрэгжүүлж чадах санхүү болон эдийн засгийн даацтай үйлдвэрлэл болон бизнесийн салбар манайд маш цөөн. Мэдээж эргэн төлөгдөхгүй гэвэл хязгааргүй хэмжээгээр шингээж болох л байх л даа.
Гэтэл ийм их мөнгийг ийм богино хугацаанд хурдан эргэлтэд оруулаад, өгөөжөө аваад буцаагаад хүүтэй нь төлөх орчин үеийн эдийн засгийн суурь манай улсад бүрэн бүрэлдээгүй байхад АН-ын Засгийн Газар дээрх зээлийг авч улс орныг өрөнд оруулснаас гарах үр дагаврыг ард түмэн хэзээ нэгэн цагт одоогийн эрх баригчдаас нэхэж л таараа. Иймэрхүү байдлуудаас болоод эдийн засагт маань сөрөг нөхцөлүүд бий болчихлоо.
-Түрүүчийн асуултад би нэг зүйлийг нэмээд хэлчихье. Ерөнхийдөө бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа төр засгийн өнөөдрийн явуулж байгаа бодлогоос болоод хумигдах байдал руу орчихлоо. Би шүүмжлэх гэж шүүмжлээд байгаа юм биш, бодит байдлыг хэлж байна. Үүнийг ганцхан бид хэлээд байгаа юм биш. Та өөрөө ч мэдэж байгаа.
Энэ байдал нь эдийн засагт зүгээр нэг нөлөөлж байна гэж хэлэх аргагүйгээр гаж тусгалаа өгч байна. Олон улсын байгууллагууд ч ингэж үзэж байна. Та халамжийн бодлогын тухай хөндлөө. Миний бодоход төр засаг энэ ард түмний сайн сайхан амьдралын төлөө л байх ёстой биз дээ. Тэдний аж амьдралыг сайжруулахын төлөө байх ёстой юм биш үү.
М.Энхболд: Улс орны аж амьдралтай сүүлийн долоо найман жилийн турш яахын аргагүй дунд нь хутгалдаж явсан байна.
Дийлэнх иргэдийн амьдрал сайнгүй байгаа тохиолдолд халамжийн бодлого зохих хэмжээнд байх л ёстой. Иргэнээ халамжилдаггүй, ахуй амьдралд нь нэмэр хандив болдоггүй төрийг сайн төр гэж үзэх үү дээ. Би халамжийг хавтгайруулсан гэх нэртэй шүүмжлэлийг их авч байсан Ерөнхий сайд. Гэхдээ би тэр бодлогууддаа ерөөсөө харамсдаггүй.
Хүүхдийн мөнгийг бид өгсөн, тэтгэвэр тэтгэмжийг гурав дахин нэмсэн. Хоёрхон жил ажиллахдаа цалинг гурав дахин нэмсэн. Үүнийхээ төлөө халамжийн бодлого хавтгайруулсан гэж балбуулахаас би айж байгаагүй. Гэхдээ нэг зүйлийг чухалчилж байсан. Бид бүхэн энэ халамжийн бодлогыг хэрэгжүүлэх эдийн засгийн даац болон хүчин чадлаа нэмэгдүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж үзэж байсан.
Улс орноо хөгжүүлсэн шиг хөгжүүлчихээд, гаднаас тусламж энэ тэр гуйхгүй, зээл бонд авахгүйгээр зөвхөн Монгол Улсынхаа хүчин чадлаар ард түмнээ юугаар ч дутагдуулахгүй амьдрах бололцоотой болгоё гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юмсан гэж зорьж байсан. Одоо ч энэ бодол маань хэвээрээ байгаа.
Тэр үед энэ зорилгоо бүрэн хэрэгжүүлэх боломж олдоогүй, эсвэл би өөрөө шаардагдах хэмжээнд хөгжүүлж чадаагүй байсан байж болно. Гэхдээ би энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө улстөрч хүний хувьд, монгол хүний хувьд, эцэг хүний хувьд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ гэж зорьж яваа хүн.
-Оюутолгойн төсөл бол яах аргагүй Монгол орны эдийн засагт хүчирхэг нөлөөлөл үзүүлэх томоохон төсөл. Харин энэ нөлөөлөл нь эерэг, сөргийн аль нь байх вэ гэдэг дээр анхаарч бодлого боловсруулах ёстой байсан. Олон улсын жишгээр бол заавал эерэг нөлөөллийн зураглал, сөрөг нөлөөллийн зураглал гэж хоёр чухал зураглал хийдэг юм байна лээ.
Харамсалтай нь бид дэлхийн хэмжээний томоохон ордыг ашиглалтад оруулах туршлага байгаагүй, тухайн ордыг хамтран ашиглах гэрээг мэргэжлийн төвшинд хийх боловсон хүчин дутмаг байснаасаа болоод тэр үед зөв юм шиг санагдаж байсан заалтууд нь өнөөгийн өнцгөөс харахад улс орны эрх ашигт нийцэхгүй тал ч ажиглагдаж л байна.
Энэ асуудлыг бид мэргэжлийн хүмүүсээр дүгнүүлж, үнэлэлт дүн шинжилгээ хийлгэхэд “манай улсад улс орны хэмжээнд томоохон төслийг хэрэгжүүлэх бодлогын стандарт байгаагүй нь гэрээний заалтуудыг эрсдэлтэй болохоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлээгүй” гэж тайлбарлаж байсан.
Тухайн үед бид бүгдэд нь олон улсын жишгээр нь хийсэн гэрээ ийм байдаг юм гэж ойлгуулж байсан зүйл цаг хугацааны шалгуураар өөр өнцгөөс харагдаад эхлэхээр эргэцүүлж бодох юм зөндөө гардаг юм байна лээ. Энэ бол хамтарсан Засгийн газрын хийж чадсан маш том ажил гэж дүгнэгдэж байсан тухайн үеийн байр суурь хэдэн жилийн дараа, эсвэл хойч үедээ маш буруу гэж дүгнэгдэх аюултай ч болж хувирахыг үгүйсгэхгүй.
Гэхдээ энэ гэрээг тухайн тухайн үед нь засах, шинэчлэх, өөрчлөх, барьцаа ахиулах, Монголд илүү ашигтай болгох ийм алхмуудыг бид хамтын хүчээр цаг тухай бүрт хийж л явах ёстой. Гэрээ байгуулсан бол гүйцээ гээд Монголын төр хаячихгүй байх.
Монгол газар нутагтаа эзэн сууж, газрын хэвлий дэх баялгаа эзэмших эрхээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан халуунд нь халж, хүйтэнд нь даарсан, жаргал зовлонг нь мэдэрч яваа Монгол иргэн бүрийн эрх ашиг хөндөгдөх учраас төрийн хяналтаас гарах учиргүй.
-Бид сурталчилгаа энэ тэрд төдийлөн хүч хаядаггүй, хийж байгаагаа, хийх гэж байгаагаа ярьдаггүй дутагдалтай л даа. Бид чинь бага ярьж ихийг хийе л гэсэн унаган хүмүүжилтэй. Гэтэл заримд нь хийх, ярих хоёрын утгыг алдтал сарниулаад зүгээр л хүмүүсийн тархи угаагаад явчихдаг арга барил чухал байдаг бололтой.
Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн хэлсэн нэг сургамжтай үг байдаг. “Увайгүй “улстөрч” өөрийн үйл ажиллагааг дараагийн сонгуульд чиглүүлдэг. Төрийн зүтгэлтэн хүн өөрийн үйл ажиллагааг хойч үедээ чиглүүлдэг” гэж. Энэ хүн асуудлын яг голыг нь олоод хэлчихэж дээ гэж боддог.
-Яахав ээ. Хэвлэл мэдээллээр хийж байгаа ажлаа сурталчлах нь зүй ёсны хэрэг байх. Гэхдээ хэт их, бодит үнэнээс давуулж сурталчлах нь хүний тархи угаасан хэрэг болно шүү дээ. Бодитой хийсэн ажил бол хамгийн сайн сурталчилгаа, хамгийн сайн пиар. Намайг анх хотын дарга болж байхад Улаанбаатар хотод жилдээ 100 айлын орон сууц чүү ай ашиглалтад ордог байсан.
Өнөөдөр 10 гаруй жилийн дараа гэхэд 10 мянган айлын орон сууц ашиглалтад ордог боллоо. Олон олон хороолол баригдаж байна. Энэ бүгд барилгын салбарыг дэмжсэн, тэр үеийн төр засгаас явуулсан бодлогын үр дүн юм.
Түүнийг үргэлжүүлж орон нутгийн төр захиргааны байгууллагаас тэднийг дэмжиж, газрыг нь олгож, дэд бүтцийг нь шийдэж өгч чадахгүй суугаад байсан бол энэ хотын дүр төрх, орон сууцжуулах төслүүдийн амжилтыг өнөөдөр улаанбаатарчууд хараагүй л байх байсан.
-Амны билгээс ашдын билэг гэдэг. Би бол 2012 оны УИХ, орон нутаг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн ийм гурван сонгуульд манай нам дараалан өвдөг шороодлоо гэж бодож байгаа. Өвдөг шороодсон болохоос ялагдаагүй. Энэ үгийг би монгол хүний билэг ерөөл талаас нь хэлж байгаа юм. Нэг наадамд өвдөг шороодсон бөх дараагийн наадамд хичээж барилдаад түрүүлэхийг хэн байг гэхэв, тэгэх ч болно.
Монголын ард түмэн МАН-ын үүсч байгуулагдсанаас хойш өнөөдөр хүртэл энэ улс орны төлөө юу хийж бүтээснийг мэднэ, алдаа оноо, буруу зөвийг ч мэднэ.
Нөгөө талаас улс төрийн томоохон хүчин гэдэг талаасаа тодорхой дүгнэлт хийх ёстой юу гэвэл ёстой. МАН-ыг тарж бутраад үгүй болно гэвэл тийм юм байхгүй ээ. Монголын ард түмэн МАН-ын үүсч байгуулагдсанаас хойш өнөөдөр хүртэл энэ улс орны төлөө юу хийж бүтээснийг мэднэ, алдаа оноо, буруу зөвийг ч мэднэ.
Улс орны өнөөгийн хүрсэн энэ төвшинд хүргэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэдгийг нь ч мэднэ. Мэдэх үе нь бүгдээрээ дуусчихаагүй байна. Хаана, хэнд ямар боломж байна, хэн юу хийж чадах вэ гэдгийг үнэлж дүгнэх онцгой мэдрэмж монгол түмэнд байдаг юм шүү дээ.
Гэхдээ одоо өмнө нь юу хийсэн бэ гэдгээ ярих цаг биш, одоо юу хийж чадах вэ, ирээдүйд юу хийх вэ гэдэг талаас нь харах цаг. Ард түмэн итгэл хүлээлгэж байгаа үед бид хэчнээн цохилт авсан ч тэмцсээр байх болно. Гол нь ард түмнийхээ төлөө тэмцэж байгаа болохоор бидний зорилго зөв юм.Ийм л чиглэлийг баримталж байна.
-Зөндөө уулзсан ш дээ. (инээв) Бие биеийнхээ нүүрийг харалцаад л. Тэр улсын хувьд ямар байсныг мэдэхгүй юм. Тийм үйлдэл хийж үзээгүй бид бол энэ мэдрэмжийг мэдэхгүй шүү дээ. Хийж чаддаг улсуудаас нь асуух асуулт байна.
-Ард түмэн бол асар их зүйлийг хүсч хүлээж байдаг л даа. Үнэндээ бид 2008-2012 онд дэвшүүлсэн бүх зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө маш их ажилласан. Сонгуулиар дэвшүүлсэн хөтөлбөрийн хүрээнд тодорхой алхмуудыг хийсэн. Эхлэлүүдийг тавьсан, зөв ч эхлэлүүдийг тавьсан.
Гэхдээ ард түмэн илүү, улам илүү сайхан зүйлийг хүсч байсан байх. Тэгж хүсч бас шаардахын буруу байхгүй шүү дээ. Харин ганцхан жилийн дараа эдийн засаг ийм болчихно, бизнесийн орчин ингээд хумигдчихна, хөрөнгө оруулагчид дайжаад гарчихна, нөхцөл байдал ийм хүнд болчихно гэдгийг бодоогүй байж.
Хэргийн явцаар манай намын ялагдал ганц бидний ялагдал биш байж. Хэрэв заавал ялагдал гэдэг үгээр нөхцөл байдлыг тодорхойлъё гэвэл “ялагдал гэдэг чинь зорилготой хүмүүст ялахын үндэс нь болдог” гэж ярьдаг биз дээ. Бас ялагдал ялахын угтал болдог ч учир бий. Ялагдсан сургамж дээрээ тэгвэл бид сайн ажиллах ёстой.
-Манай намд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой олон нэр дэвшигч байгаа. Энийг та ч мэднэ, би ч мэднэ. Бүгд мэднэ. Миний хувьд гэвэл би зарчим л барьсан юм. МАН ажлаа нэг хоёрхон жилээр харж, шийдэж явдаг улс төрийн хүчин биш.
Манай нам 2012 оны долдугаар сард Өлзийсайханы Энхтүвшинг намын даргаараа санал нэгтэйгээр баталсан. Хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно гэдгийг манай намын Бага хурлын гишүүд, манай намын өмнөх удирдлагууд бүгд л мэдэж байсан. Би энэ зарчмыг л барьсан.
-Дүрэмд тийм заалт байхгүй. Гэхдээ би намын дарга нэр дэвших ёстой гэж бодож байсан. Энхтүвшин даргаас “Та ер нь нэр дэвшинэ гэсэн бодолтой байгаа юу” гэдгийг ч би сонгууль болохоос нэлээд хэдэн сарын өмнө асууж байсан.
-Яг халуун яриа юу болсныг би ярихгүй. Тийм бодолтой гэдгээ надад ойлгуулсан. Намын дарга ийм бодолтой байгаа үед бид дэмжиж ажиллах ёстой. Өөр янз бүрийн тоглолт байж болохгүй шүү дээ. Би ч шууд л хүлээж авсан. Ийшээ чиглэсэн ямар ч бодол надад байх ёсгүй гэсэн хувийн шийдвэрээ дотроо шууд гаргасан.
-Нууц санал хураалтын дагаврыг өнөөдөр дүгнэж ярих зохимжгүй. Би дэвшээгүй шалтгаанаа хэллээ. Намын дарга дэвшинэ гэж байгаа тохиолдолд би дэвших ёсгүй гэсэн зарчим барьсан гэдэг маань намайг хэнийг дэмжсэн бэ гэдгийн хариулт биш юм уу.
Бусдыг бол би мэдэхгүй, намын хамт олны гаргасан шийдвэрийг дүгнэж цэгнэх эрх надад байхгүй. Гаргасан шийдвэрийг үр дүн болгохын тулд бүгдээрээ л ажиллах ёстой. Харамсалтай нь, тэгж чадсангүй.
-Тогтсон жам гэж байна аа. Гэхдээ нам дотор тогтсон соёл, тогтсон дэг жаяг ард түмний хүлээлттэй дандаа давхцаж таарна гэж байхгүй. Бид нам талаасаа зөв гэж харсан зүйл ард түмний талаас зөв гэж харсан өнцөгтэй таараагүй тохиолдолд ард түмнийхээ хүсэл тэмүүллийг л дагах ёстой шүү дээ. Олон түмэн бидэнд ийм л дүн тавьсан.
-50 нас хүрээгүй эр хүнийг улс төрийн ямар үедээ явж байна гэж хүмүүс хардаг юм бол. Тэр үедээ л явж байгаа байх даа. Миний улс төрийн амьдралын өнгөрсөн он жилүүдэд ахисан дэвшсэн, унасан аль алийг нь үзсэн цаг хугацаа байлаа. Гэхдээ хийсэн бүтээсэн, бий болгосон зүйлс минь тодорхой харагдаж мэдрэгддэг учраас нэг их гутарч гуниад байдаггүй. Цаашдаа ч гэсэн би улс төрд идэвхтэй оролцоно, надад цаг хугацаа бий. Сүүлийн жилүүдэд энэ бодол минь улам бүр лавширч байгаа.
Бага залуугаас төрд зүтгэж, олон түмэнтэй ажиллаж чаддаг болохын төлөө эрмэлзсэн ажлын арга барил, удирдан манлайлах гэж зүтгэхээсээ илүү ажлыг үр дүнтэй болгохыг гол зарчмаа болгох, улс төрийн намд ажиллаж ирсэн туршлага, урваж шарваж, хагалж бутаргахын төлөө бус хүн чанараа түшиж нуруу алдахгүй яв гэж аавын маань сургаж заасан тэр замаар замнахыг хичээж байна.
Миний зүтгэл хийгээд хуримтлуулсан туршлага, мэдлэг намд хэрэгтэй, Монголын улс төрд хэрэгтэй гэсэн бусдын итгэл байгаа цагт би зүтгэж л байх болно. Энийг хүмүүс зөвөөр ойлгох байх гэж бодож байна. Өнөөдөр ч би ямар нэгэн албан тушаал, амбийц гэхээсээ илүү бодитой хийж бүтээх, амжилт ялалт гаргахыг урьтал болгох нь юу юунаас чухал гэж бодож байна.
-Аль аль нь намын шийдвэр байсан.Намын дарга, Ерөнхий сайд гэсэн энэ хоёр албан тушаалаас нэг Их хурлын шийдвэрээр 14 хоногийн дотор бууна гэдэг бол ямар ч хүний хувьд юм бодогдох л байх. Тийм ч байсан.Улстөрч хүн тооцож байх ёстой, учирвал давж гарах сэтгэлийн тамиртай байж л гарна шүү дээ.
Гэхдээ үргэлж бодоод тэр ингэсэн, энэ ингэсэн дээ гээд сэтгэлээ хэмлээд суух юм бол улстөрчийн амьдрал урагшаа явахгүй шүү дээ. Унаж байж ухаардаг, бас хат суудаг юм байна лээ. Дахиад босохын төлөө явах ёстой гэж бодож байсан маань өнөөдрийг хүртэл төрд ч, намд ч намайг зүтгүүлсээр л байна даа.
-Хүн өөрөө өөрийнхөө зиндааг тодорхойлох нь төлөвшөөгүй хүний зан чанар болов уу. Улстөрч, төрд зүтгэсэн гэдэг талаас нь бол ард түмэн тодорхойлох байх. Хувь хүн талаасаа гэвэл би өөрийнхөө зиндааг яг тийм гэж тодорхойлохоосоо илүү цаг хугацааны уртад миний үйл хэрэг хойч үедээ зөвөөр дүгнэгдэх тэр хэмжээнд байх газраа, чадах зүйлээ хийх нь чухал гэж бодож байна.
-2006 оны нэгдүгээр сарын 25-нд би Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-д Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн бодлого хэрэгтэй байна гэдэг үгийг хэлж байсан юм. Хоёр жил болоод Ерөнхий сайдын албаа өгсөн. Энэ хоёр жилийн дотор Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулж, УИХ-аар батлуулж байсан.
Гэхдээ үүнийг “би” гэсэн тодотголтой биш, “бид” гэсэн тодотголтойгоор хэлж байгаа юм шүү. Түүнээс хойших бүх Засгийн газар тэр бодлогоос тодорхой зүйлүүдийг нь авч, харж яваа байх. Бодлого боловсруулж байж, түүнийгээ хэрэгжүүлдэг. Энэ хэрэгжилтийг товчхондоо бодит ажил гэж нэрлэх болов уу. Миний тэргүүлсэн Засгийн газар ч багагүй зүйлийг хийсэн. Тэр бүх ажил боловсруулсан бодлогын дагуу хийгдэж байсан.
Ялангуяа нийгмийн шинж чанартай, нийгмийн амьдрал руу хандсан ажлууд бодлогогүй явна гэж юу байхав. Энэ бол нэгд. Хоёрдугаарт, бүтээн байгуулалтын ажил. Нэг жилийн дотор дөрвөн мянган километр эрчим хүчний шугам татсан Засгийн газар манайхаас өөр байхгүй шүү.
Баруун бүсийг эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болгоно гэж бид зорилт тавиад нэг жилийн дотор дөрвөн мянган километр эрчим хүчний шугам татаж байлаа. Энэ бол ёстой нөгөө Лениний цахилгаанжуулалт гэдэг шиг ажил байсан. 330 сумыг бүгдийг нь цахилгаантай болгох олон жилийн мөрөөдлийг бодит ажил болгохын төлөө зүтгэсэн үр дүн.
Ингээд ярих юм бол олон юмыг ярьж болох байх л даа. Санаанд хүрээгүй, дуусгаж амжаагүй зүйл бий. Гэхдээ нас залуу байна. Намаас, ард түмнээс хий гэж даалгасан ямар ч ажлыг би хийнэ. Бодлогын хүрээнд нь ч хийнэ, бодит ажил болгож, үр дүнг нь үзэх хүрээнд ч хийнэ. Болгоно гэж бодож явдаг. Болгохын төлөө ч зүтгэх л болно.
-За даа, одоо ч баярлах бас гомдохын хязгаарыг давж сурч байна шүү, Ганаа. Тэгээд ч хүн мөнх биш юм даа. Дайсагналцаж их үр дүнд хүрч байсан түүх бараг байхгүй дээ. (инээв)
-Би аливаа асуудал дээр тодорхой шийдвэр гаргахын өмнө заавал тухайн салбарын мэргэжлийн хүмүүсийн байр суурийг асуудаг. Түүн дээр нь суурилдаг. Анхнаасаа би тэгж ажилладаг байсан. Тэгээд шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ бодит ажил болгох, ямар арга техникээр, ямар төслөөр хийх вэ гэдгийг бүгдийг нь тооцож үнэлж үзэхийг хичээдэг.
Мэдээж томоохон бүтээн байгуулалт, нарийн мэргэжлийн салбарын асуудлаар багаар ажиллах зарчим маш чухал. Гэхдээ шийдвэр гаргахын өмнө зайлшгүй тал талын дэнсэн дээр тавьж үзэж, шалгаж нягталж байж шийдвэр гаргахыг хичээдэг. Энэ бол миний зарчим.
-Осолтой асуулт байна. Хувийн амьдралын шийдвэр гаргахад өөрийн толгойгоор шийдэж болдог бол олон түмний хувь заяа, амьдрал ахуйтай холбоотой асуудлаар бол ганцаарчилсан тоглолт явуулах нь аюултай.
Залуу насандаа аливаа алдаа хийх эрхтэй байдаг бол 40 наснаасаа хойш, тэр тусмаа төрийн алба хашиж байгаа тохиолдолд алдаа эндэгдэл гаргах нь маш олон урьдчилан тааварлашгүй сөрөг үр дагавар авчрах тул хүн нэг талаас маш нягт няхуур байх ёстой, нөгөө талаас зөв бодол, төлөвшилттэй хүмүүстэй мэргэжлийн төвшинд хамтран ажиллах чадамжтай байх ёстой.
Төрийн алба бол надад энэ тохирно, би үүнийг чадна гэж бардамнадаг талбар биш. Монгол төрийн алба босго өндөртэй шүү. Нөгөө талаас хаа хамаагүй, төлөвшөөгүй хүмүүсийн арга заль мэхээр хөдлөөд байх нь миний зан биш.
-Асуудлыг ямар өнцгөөс харах вэ гэдгээс хамаарна. Бид лидерийг хүчтэй, зоригтой гэдэг талаас нь хараад сурчихсан улс. Мэдээж лидер хүчтэй, зоригтой байх нь чухал. Гэхдээ юуны төлөө, ямар үед хүч зоригоо гаргах гэдэг вэ асуудлыг харах ёстой. Хоёр төрлийн л хүчтэй хүн байдаг. Нуух хаах юмгүй хүн нэг хүчтэй бас мэдээлэлтэй хүн нэг хүчтэй.
Манай ардын намын гишүүн, Ерөнхий сайд асан А.Амар гуайн хэлсэн нэг аугаа үг байдаг. “Хоосон нэр алдар төрийн гутамшиг. Чиний зүтгэл хэн нэгнийг бус түмэн олныг аврах хүч болмуй” гэж. Тэгэхээр хэрэгтэй үед нь ард түмнийхээ төлөө хүч зоригоо гаргах нь чухал юм болов уу гэж боддог. Бусдаар өөрийгөө хүчтэй зоригтой гэдгээ харуулах үүднээс гаргах хүч зориг бол хоосон, утгагүй зүйл байлгүй дээ.
Нөгөө талаас залуучууд нэлээд түрэмгий шаардлагууд тавьдаг болсон нь манай намын залуусын гал халуун зүрх сэтгэл нь намынхаа төлөө шатаж эхэлж байгаа юм болов уу. Ийм тохиолдолд зөв зүйтэй шаардлагуудыг өөрийнхөө нэр хүндийг унагаагаад ч хамаагүй дэмжиж чадах нь харин жинхэнэ зориг болох байлгүй дээ.
Ийм зориг зүрх гаргаж чадах намын лидерийг жинхэнэ лидер гэж хэлмээр байна. Гэхдээ манай намыг лидергүй боллоо гэсэн тодотголтой санал нийлмээргүй байна. Цаг хугацааны уртад аливаа юмны чанар нь танигддаг болохоор яаран дүгнэлт хийх хэрэггүй байх аа.
-Чиний шүүмжлэл гашуун ч гэсэн үнэн. Гэхдээ энэ бол цаг үеийн асуудал. Энэхүү манлайллыг бид өөрөөсөө, намын удирдах албан тушаалтнаас эхлэн хангах ёстой. Ялангуяа сөрөг хүчин болж байгаа тохиолдолд бүгдээрээ лидер болох гэвэл ямар ч эв нэгдэл, зохион байгуулалтгүй байна гэсэн үг.
Намын дарга, бүлгийн ахлагч зэрэг хүмүүс одоо лидерийн үүрэг гүйцэтгэж, энэ намын нүүр царай болж ажиллах ёстой. Ухрах эрх байхгүй. Тийм болохоор хүчтэй, зохион байгуулалттай байна гэдэг өөрөө хүчтэй лидертэй байгаагийн шинж. Харин хөл толгой нь олдохгүй олон лидер нэртэнгүүд байна гэдэг тэр нам нэг ч лидергүй байна гэсэн үг.
-Танилцалгүй яахав. Үе солигдоно гэхээр гэнэтхэн нэг үе гарч ирээд түлхээд түлхээд эзэгнэхийг хэлэхгүй ээ. Тийм механик үйл явц биш юм. Тэр бол уламжлал шинэчлэл дээр хосолсон байдлаар аажмаар явагддаг үзэгдэл. Би энэ шинэчлэлийн асуудал гаргаж тавьж байгаа залуучуудыг анх гарч ирж байхад нь уулзсан юм.
Надтай уулзъя гэж хүсэлт тавиад би уулзсан. Та нар намыг шинэчлэх гэж байгаа бол жинхэнэ утгаар нь шинэчлээрэй. Жинхэнэ шинэчлэл хийх гэж байгаа бол би та нарыг дэмжинэ. Зургаан сарын хугацаатай сайд майд гэсэн албан тушаалын шагнал аваад чимээгүй болчихдог шинэчлэл битгий хийгээрэй.
Тийм юм бол шинэчлэл гэж ярьж явахын хэрэггүй шүү гэж үгээ хэлээд гаргасан. Тодорхой хугацаа өнгөрлөө. Намын хурал ч хаяанд ирчихлээ. Яг юу хийх гээд байгаа юм. Бид өнөөдөр намын мөрийн хөтөлбөртөө ямар тодотгол хийх юм, намын дүрэмдээ ямар тодотгол хийх юм. Жижиг засварын ажлууд шиг санагдаж болох юм л даа.
Гэхдээ бүгдийг цогцоор нь авч үзэх ёстой. Өнөөдөр бид ерөөсөө улс орны хөгжлийн талаар МАН ямар байр суурь баримтлах ёстой юм, ямар хөтөлбөр чиглэл гаргах ёстой юм бэ гэдэг дээр томоохон баримт бичгүүдийг гаргаад явж байна.
Шинэчлэлийн нөхдүүд маань яг тэрэнтэй зэрэгцүүлээд “Үгүй ээ, та нарын энэ чинь зөв байна, энэ чинь буруу байна” гээд ингээд яваад байгаа зүйл ч төдийлөн харагдахгүй байна. Бодлого, үзэл баримтлал, намын өнөөгийн нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөхөөс авхуулаад зохион байгуулалт, өөрчлөлт шинэчлэл хийх арга зам, жанжин шугам гээд олон асуудлыг нарийвчлан авч үзсэн байх ёстой.
Энэ бүхэн нэг сайн харагдаж өгөхгүй байна. Цагийг хүлээж, өөрсдийгөө бэлтгэж, намынхаа төлөө зүтгэх хугацаа тэдний өмнө байна. Түүнээс биш зүгээр нэг механик төсөл барьчихаад чадна бүтнэ гэх байдлаар хандах аваас үр дүнгээ өгөхгүй.
-Би ч бас огцор гэж гарч ирсэн хүн шүү. (инээв) 1996 онд намыг шинэчлэх хөдөлгөөн гэж байгуулалцаж, Б.Даш-Ёндон даргын өрөөнд орж, “Намын Удирдах зөвлөл огцор” гэдэг мэдэгдэл өгөөд л. Хорин хэдэн залуу бас л жагсч явлаа. Үр дүнд нь 66 залуу намын Бага хуралд шууд гишүүнээр сонгогдон орж байсан. Ингэж улс төрийн амьдралын маань эхэн үе эхэлж байсан.
Гэхдээ тэр цаг үе, нөхцөл байдал өөр байсан гэдгийг хэлэх ёстой. Тэр үедээ яахав ээ бид бас нэг учир начиртай хандахаа мэдэж байсан. Өөр цаг үеийн хүүхдүүд байсан болохоор. Хүмүүжил талаасаа ч гэдэг юм уу бас л арай өөр байсан байх. Би бол их сонин үед энэ намд элсч, намын ажлыг их сонин үед эхлүүлсэн хүн л дээ.
-Үгүй, ямар ч юмыг яаж харж болно шүү дээ.Харин ч Хүрлээгийн хувьд эр зориг гэхээсээ илүү хэлсэн хийгээд хэлээгүй, үйлдэл, эс үйлдлийнхээ төлөө улс төрийн соёлын стандарт тогтоосон гэж боддог. Хариуцлагаа хүлээгээд өөрсдөө улс төрийн соёл гаргаад явсан хүнийг хардах бас буруутгах зүйл байхгүй.
Харин ч энэ намд шинэ жишиг тогтоохын төлөө явж байна гэж ойлго. Ер нь хийнэ гэсэн юмаа хийж чадаагүй, бодсон бодлоо бодит ажил болгож чадаагүй бол буугаад явж байх ёстой юм аа гэдгийн эхлэл нь Батболд, Хүрэлсүх нар болсон байх.
-Намын Их Хурал цаг нартай юм болохоор алгуурласан болж харагдаад байгаа байх л даа. Гэхдээ энэ хүмүүсийн гаргасан улс төрийн шийдвэр. Буруутгах арга байхгүй.
-Үгүй, эрт биш. Цаг нь тулсан явдал. Намын даргад нэр дэвшье гэж бодож байгаа. Тун амаргүй гурван жилийн нэлээд амаргүй ажил, ачаа бидний өмнө байна. Манай намын өмнө хүндхэн сорилтууд ирсэн байна.
Энэ эгзэгтэй хүнд хэцүү үед нь ачааны хүндийг үүрье гэж зориглохгүй юм бол хэзээ хойно нь худлаа намаа аваръя, хамгаалъя гэж дэмий орилоод утгагүй гэж боддог. Энэ үед үүсээд байгаа хүндхэн нөхцөл байдлыг даван туулах талаар бодсон санасан төлөвлөгөө байна. Хэрэгжүүлэхсэн гэж санаж байгаа учраас л нэрээ дэвшүүлээд үзье.
Намын хамт олон ч дэмжих байх гэж бодож байна. Гэхдээ намын даргад өрсөлдөх сонирхолтой хэд хэдэн хүн манай намд бий. Тэд ч бас дэвшинэ биз. Тэгээд өрсөлдөөний зарчмаар намын хамт олон шийднэ биз дээ.
-Миний хийсэн, бүтээсэн ажлын үр дүн гайгүй үнэлэгдэж байсан болохоор хүмүүс хоорондын харилцаа одоо ч үргэлжилсээр байгаа юм болов уу. Би төр улсын алба хашиж байгаа, хамтран зүтгэж байсан хэнтэй ч бай одоо хэр харилцаа сайн байдаг.
Хэрэв ямар нэгэн албан тушаалтан ажлаа хийж чадаагүй бол албаа өгсөнийх нь дараа тэр хүнийг “дарга” гээд хүндэтгээд байх нь юу л бол. Тийм болохоор хүмүүсийн энэхүү хандлага нь надад их урам өгдөг ч нөгөө талаас энэ итгэл хүндэтгэлийг цаашдаа ч дааж явна гэдэг өндөр хариуцлага шүү гэж үргэлж өөртөө сануулж явдаг.
-Хувь хүн талаас эгэл монгол эрчүүдийн нэгэн адил гэр бүлээ авч яваа эр хүн бас эцэг хүн, ажил алба талаасаа надад итгэж даалгасан ямар ч ажлыг аваад явах бэлтгэл хангагдсан, улс төр талаасаа гэвэл ард түмний итгэлийг алдвал бүхнээ алдана гэж эргэцүүлдэг болж дээ.
Монгол эр хүний 49 нас гэдэг бол тогтуун сайхан амьдралын ид үе. Миний хувьд ажлын туршлага хуримтлагдсан, мэдлэгийн хүрээ тэлсэн, сэтгэлийн тэнхээ суусан бөхөөр бол бэлтгэл ханасан, мориор бол уяа эвлэсэн тийм л нэг мэдрэмж төрөх юм.
-Харин ч ил гарч, идэвх сэргэж байгаа юм биш үү. Энэ бол муугүй үзэгдэл шүү. Нийгэм өөрөө байнга өөрчлөгдөхийн хэрээр хүний хөгжил ч нийгмээ дагахаас аргагүй байдаг. Тэр утгаараа бидний өмнө төрөл бүрийн сорилтууд байнга шинээр бий болж байдаг.
Хэрэв би төрийн алба тушаал хашиж байвал ард түмний итгэлийг алдахгүй байх талаасаа үйл ажиллагаа явуулах нь миний үүрэг, намын албан тушаал хашиж байвал намын нийт гишүүдийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй байх үүднээс өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ.
Энэ бүх сорилтуудыг хүн ганцаараа даван туулна гэдэг өнөө цагт бүтэшгүй зүйл. Тийм болохоор хуучин, шинэ үеийг аль алийг дүгнэн эргэцүүлэн олон талаас нь анхаарч нягтлан харахыг хичээдэг.
Хэт хуучинсаг уур амьсгалдаа баригдаад байвал нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхаж чадахгүй шинэ үеийн санаачилгыг мэдрэхгүй байх улмаар хөгжил дэвшлийг хойш нь татаад байх нигууртай, аливаа шинэ танихгүй зүйл болгоныг сохроор дагаад байвал наанадаж надад итгэсэн улсуудаа, цаанадаж улс орныхоо ирээдүйг эрсдэлд оруулах талтай тул долоо хэмжиж, нэг огтлох нь буруу биш болов уу.
Гэхдээ аль ч тохиолдолд өөрийн эрх ашгаасаа илүү надад итгэсэн түмэн олны тэр итгэлийн хүрээнд алдаа гаргахгүй байхыг хичээдэг. Хэрэв би төрийн алба тушаал хашиж байвал ард түмний итгэлийг алдахгүй байх талаасаа үйл ажиллагаа явуулах нь миний үүрэг, намын албан тушаал хашиж байвал намын нийт гишүүдийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй байх үүднээс өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ. Дээрх хоёр шаардлагын хүрээнд би ажиллах ёстой гэж үзвэл хуучин, шинэ гэлтгүй аливаа асуудалд туйлширч, өрөөсгөл байдлаар хандах эрх надад байхгүй.
-1990 оны зургадугаар сард элссэн.
-Тийм, их олон хүн манай намаас гарч байсан. Манай нам төрийн ордноос нүүж байсан. Ийм л үед би намд элсч байлаа. Тэгээд жил бололгүй 1991 оны эхээр Улаанбаатар хотын намын 214 дүгээр үүрийн даргаар сонгогдож байсан. Намын анхан шатны байгууллага толгойлж ажиллаж үзэж байсан. Тэр цагаас хойш энэ намд бүх шатанд ажиллалаа даа.
-Ерөнхийдөө бол аавын зүгээс нэг их манай намд л элс барь гэсэн нөлөө байгаагүй. Ээж, аав хоёр маань хоёулаа энэ намаар явсан улс. Гэвч намайг шахаж байгаагүй. Зүгээр гэр бүлийн дам нөлөө байсан байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан энэ намд амаргүй цаг үед нь, тэгэх тусам би элсэх ёстой гэж бодсон. Аав бол зөв өө зөв, чи өөрийнхөө бодсоноор л яв гэсэн дээ.
-Манай энэ шинэчлэлийн залуучууд хамгийн анх 4-5 зүйлүүдийг хийх ёстой гэсэн шаардлага оруулж ирсэн юм. Би танилцаад тэр шаардсан зүйл дотроос нам дотор фракцыг албан ёсны болгож дүрмэнд оруулж зарлах ёстой гэсэн заалтыг эсэргүүцэж байна. Бусад бүх заалтыг нь дэмжиж байна гэдгээ хэлсэн.
Миний олон жилийн үерхэл нөхөрлөлдөө үнэнч байсан, эр хүний жудаг, хайрлах энэрэх сэтгэлээр байгаагаараа байгааг минь тойрч хүрээлсэн эх орны минь төдийгүй бөмбөрцгийн хаа сайгүй суугаа сайхан нөхдийг зөвхөн хотын бүлэг гэж хараад байгааг би гайхаад байдаг юм.
Хэнбугайд ч нэг зангаараа ноён нуруутай байж чадвал нөхөд олдоно шүү дээ. Энэ бүхнийг бүлэглэлээ, фракцлалаа гээд байвал дэндүү цөөхүүлээ бидний эв эе яах болж байна аа.
-Би одоо ч тийм бодолтой байна. Нам дотор бүлэглэл, фракц болоод явах гэдэг сайн зүйл авчрахгүй. Тэгж явсан улс төрийн намууд бий шүү дээ. Тэр намуудын өнөөдрийн байдал ямар байна вэ. Нэгдмэл чанар нь ямар байна вэ.
Ингэж харвал манай нам шиг олон жил тогтуун дүрмээр явсан хүмүүсийн хувьд тэгж албан ёсоор тарж бутарч, хуваагдахын эхлэл бий болгох нь буруу. Манай намын олон жил оршин тогтнож, хүчтэй явж ирсний нэг үндэс нь нэгдэл нягтрал, бүтэц зохион байгуулалтдаа байсан гэж би боддог. Үүнийг бид цаашдаа ч хадгалах ёстой.
-Болно. Би илэн далангүй яръя гэж угаасаа бодож байна.
-Тийм үү. Муулж гэхээсээ илүү үнэлгээ юм биш үү, наадах чинь.
-Миний дотоод ертөнцтэй зөрчилдсөн сонин асуулт байна. Хүнээрээ байгаа хүнийг элит гэнэ үү, ямар ч боловсрол, соёлтой болгож болдог юм билээ. Харин гадаад хэлээ боловсрол гэж андуурсан, элдэв хэв маягаа соёл гэж ойлгосон харьжсан хүмүүсийг мэдлэг боловсролтой элит гэж бодож болохгүй юм байна лээ.
Шулуухан хэлэхэд хүнээ байсан хүмүүсээс би зайтай байдаг. Тэгээд ч ажлын төлөө хүмүүс нэг их цэмцгэр харагдаад байдаггүйтэй холбоотой юм байлгүй дээ. Миний ханилж яваа улс тийм ч болхи бойтог харагддаг гэдэгт би санал нэгдэхгүй байна шүү, Ганаа уучлаарай. Төрийн ордон руу салаавч гаргаад зогсч байгаа хүнийг элит боловсрол, соёлтой хүн гэх үү.
Үнэхээр хийх бүтээх хүсэл тэмүүлэлтэй, тэрнийхээ төлөө нугаршгүй явдаг хүмүүсийг би илүү хайрладаг. Хүн ямар ч төлөвшилтэй, хүмүүжилтэй, боловсролтой байж болно. Гэхдээ монгол хүнд зайлшгүй байх ёстой нэг чанар бол ноён нуруу. Ноён нуруу байхгүй хүнтэй гар сэтгэл нийлдэггүй юм байна лээ.
-Та надад бодлоо хэллээ. Асуултаа тавьсан. Би бас бодлоо гүйцээгээд хэлчихье. Ер нь бол монгол түмний нуруу бол хэзээнээсээ туйлбартай, гүжирмэг, сайхан ноён нуруутай эрчүүд дээр тогтож ирсэн юм ш дээ. Олон түмний дэмжлэгээр тодрон гарч ирсэн хүмүүсийг татаж түшиж авна гэдэг өөрөө төрийн хүний үүрэг байх учиртай гэж би хатуу итгэдэг хүн.
Та сая торгон дээл өмссөн, чулуун хөөрөг барьсан уяачид гээд ярьж байна л даа. Монголын 60 мянга гаруй уяач бий. Би тэднийг хэдэн жил удирдаж байгааг минь янз бүрээр харж болохыг би үгүйсгэхгүй. Тохуурхаж ч болно. Бүдүүн баргаар нь дуудаж ч болно. Монгол нутаг, ахуй соёлдоо хайртай, ажилсаг, хөдөлмөрч, хийморьтой газар газрын эрчүүд бол тэд.
-Тийм. Нутаг ус, олон түмэндээ ээлтэй, өөрсдийгөө өлхөн авч явахаас гадна бусдад тав арван мал өгөн хаяа бараандаа авч явдаг болчихсон улс. Малчин хүн мянган ухаантай гэдэг. Уяачид бол тэр мянган ухаантнуудын манлай орой нь юм ш дээ.
-Намайг хотын захирагчаар ажиллаж байх үед цаг хугацаа тэгж таарч, газрын хэрэгцээ, энэ хэрэгцээн дээр иргэд амьдрах орон сууцаа барих, аж ахуйн нэгж, байгууллага бизнесээ хөгжүүлэх зорилгоор барилга барих боломж бүрдсэн. Мэдээж хардлага, хэл амнаас айгаад суугаад байсан бол өнөөдөр надад ямар нэр ирэх байсан бол. Ганаа, чи таа даа. Аймхай, хүнд сурталтан, бул хар чулуу юу юу гэх байсан бол.
Их хотын хөгжил хийгээд нэг ч гэсэн ажлын байр бий болохоос эхлээд нэгэн халуун ам бүлийн гал голомт нэмэгдээсэй гэж бодож явснаас өөрийг бодоогүй гэдгийг амьдрал болоод цаг хугацаа харуулсаан гэж итгэж байна. Монгол хүний голч ухаанд би итгэдэг. Яг миний үед газар авч байсан хүмүүсийг өнөөдрийн өнцгөөс нэг эргээд хараарай.
Жаахан ч гэсэн эргэцүүлэн бодоод төрсөн сэтгэгдлээ хүмүүстэй хуваалцаасай. Тэр үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг хүлээж авч энэ асуудлуудыг шийдэж байгаагүй бол өнөөдөр Улаанбаатар хотын өнгө төрх ингэж өөрчлөгдөх байсан болов уу. Тухайн үед хошуурсан олонд хотын захиргаа дарагдах болсон.
Харин хүн болгоны хүслийг биелүүлэх боломж хотын захиргаанд байхгүй. Тэгээд хэн нэгнээс буруу эрж бүр уудаг иддэгээр нь дуудаад л явдаг. Ингээд зарим хүний онинд хамгийн түрүүнд өртөж эхэлсэн. Тэгээд яалтай ч билээ ёстой ардын хэлдгээр “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” хэмээх зарчим барин ногдсон албаа хашсаар өдий болж байна даа. Нэг хүн сайн, муу хэлүүлэх яахав ээ.
Өнөөдөр гаднын ямар ч хүн ирсэн Улаанбаатар хотыг “Танай хот сайхан хот байна шүү” гэж хэлж байна. Тэр битгий хэл гадаадад хэдэн жил ажиллаж амьдарч байгаад ирсэн хүн “Улаанбаатар хот танигдахааргүй болчихжээ, бараг энэ хот дотор чинь төөрөхөөр болчихжээ” гэж ярьж байна шүү дээ. Гол үр дүн энэ гэж бодож байна.
-Асуугаад байгааг чинь ойлгож байна. Ямар ч худлыг үнэн гээд хэд ч билээ хэлбэл үнэн болдог гэдэг үлгэрээр та намайг ээрээд байна. Үнэн гэдэг ямагт хүчтэйг бас санах хэрэгтэй биз дээ. Цаг хугацаа гэж илийг далдалж, нуусныг илчилдэг их увидастай гэдэг юм шүү. Газрын наймаачин гэж хэчнээн л дуудлаа. Хаана ямар газар зарчихсан юм. Би өөртөө ямар газар авчихсан юм.
Хүн юм чинь тэсвэр тэвчээрт хязгаар бий. Надад одоо газар, устай холбон хэвлэл мэдээллээр гүтгэсэн, гүжирдсэн явдлыг шалгуулж, шүүхээр нэр төрөө сэргээлгэсэн 30 гаруй шүүхийн шийдвэр, баримт байна.
Хаана хууль хяналтын ямар байгууллагаар би газар зарсан хэрэгт шалгагдаж байсан юм бэ. Тийм юм огт байхгүй. Гэхдээ би бас дуугүй суугаад байдаггүй. Хүн юм чинь тэсвэр тэвчээрт хязгаар бий. Надад одоо 30 гаруй шүүхийн шийдвэр байна. Бүгдээрээ энэ газар, устай холбон хэвлэл мэдээллээр гүтгэсэн, гүжирдсэн явдлыг шалгуулж, шүүхээр нэр төрөө сэргээлгэсэн баримт.
Хожим шүүхийн энэ олон шийдвэрийг хүссэн хүн үзээд юм ойлгох нэг нь ойлгох биз дээ. Хамгийн сүүлд гэхэд манай намын Их хурал болох гэж байгаатай холбоотойгоор хотын хэдэн даргын нэр, зургийг тавиад л эхэлж байна. Үүнийг ч шүүхэд өгсөн. Бид хийх ёстой ажлаа ноогдсон үүргийнхээ дагуу хийсэн. Үр дүнд ёстой нөгөө бүтээн байгуулалтууд явагдсан байх. Хэн нэгэн гадаадын хүн ирээд ухаад ачаад явчихаагүй.
Дээр нь барилга байшин барьсан. Та сая энэ хажуугийн 17 давхар байшингийн тухай ярилаа. Компаниуд төсөл боловсруулж уралдаанд оролцоод “MCS” ялж энэ байшинг барьсан. Маш олон байгууллага, үйлчилгээний газар, дэлгүүр дотор нь үйл ажиллагаа явуулж байна. Олон зуун хүн ажлын байраар хангагдаад явж байна. Бүгд л харж байгаа.
-Бүх юм баримттай, бодитой байх ёстой. Өнөөдөр тэр хүний нэр дээр гарсан ямар ч шийдвэр байхгүй. Таны асуусан барилгын газар жирийн нэгэн компанийн нэр дээр тэр үед шийдвэр гарч байсан. Сүүлдээ яаж хэд хувирсныг би мэдэхгүй юм. Харин энэ газар дээр Улаанбаатар хотын өнгө чимсэн нэгэн томоохон барилга боссон нь нүдэн дээр ил байгаа бодит үр дүн.
Ер нь шийдвэр гаргах хэмжээнд алба хааж байхад ухвар мөчид хүмүүс хүний нэрийг хайр найргүй ашигладаг юм билээ. Бүр сүүлд өнгөрсөн хойно л мэддэг. Энэ үед бүх юм оройтсон байдаг. Зөвхөн надад биш бүх хүнд тохиолддог зовлон юм шиг байна лээ. Энэ өнцгөөс харвал багаа таньдаг мэддэг итгэлт хүмүүсээр бүрдүүлэхийг би зөв гэж боддог. Хаширсан хүний л үг шүү.
-Бид дандаа энэ чигтээ байгаад байхгүй шүү дээ. МАН ард түмнийхээ үүх түүх, хэл, соёл, зан заншлын үнэт зүйлсийг нандигнан сахисан, монгол хүний уужим сэтгэл, голч ухаан, ёс суртахууны эрхэм чанарыг өвлөсөн, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, эв эеийг эрхэмлэсэн үндэсний хэмжээний улс төрийн тулхтай хүчин. Бүх юм тийм амар биш байгаа нь үнэн.
Уна гэснээр унаж, бос гэснээр босдог ч нам биш. Их хурал болно, шинэ зорилт дэвшүүлнэ. Шинэ хүмүүс орж ирнэ. Орж ирэх гээд байгаа хүмүүс ч бүгдээрээ пал хийтэл ороод ирж чаддаггүй. Том намын амьдрал, түүх, гал тогоо нь том л байдаг шүү дээ. Зах зух нь энэ. Дээр нь нийтийн эрх ашиг гэдгийг дээдэлж, хувийн нэр төр, хүсэл зориг хойш тавигддаг гэдгийг санах хэрэгтэй.
Энэ бол бодоход амар мэт санагдавч тийм амар зүйл биш байдаг юм шүү. Хувь асуудлаа яриад, би нэр төрөө цэвэрлэнэ гээд өдөр болгон сонин хэвлэлээр яваад байвал яваад л байх биз. Би тэгж чадахгүй юм, хийх ажил их байна шүү дээ. Тэртээ тэргүй түмэн олон нь мэдэж байгаа юмыг, улс төрийн зорилготой зориуд гаргаад ирчихсэн нэр хочийг арилгахын төлөө гээд гүйж явах араншин надад байхгүй.
Тэгээд ч намын хувь заяа шийдэгдэж байгаа өнөө үед том зорилтоо харж зүтгэх нь чухал болохоос тулга тойрсон хэрүүлийн шинж чанартай зүйл болгоныг өлгөж аваад гүйгээд байдаг нас ч биш, цаг үе ч биш. Иймэрхүү асуудлыг гаргаж байгаа нь манай намын гишүүдийн анхаарлыг тулгамдсан гол асуудлаас нь холдуулах арга саам юм болов уу даа гэж боддог.
-Чадлаараа. Төв аймагт 4267 саналаар манай намын нэр дэвшигч ялсан. Энэ хариулт мөн үү.
-Хэлэлгүй яахав. Гэхдээ улсын хэмжээнд бидний хүссэн үр дүн гараагүй юм чинь нэр дэвшигчийн хувьд мэдээж сэтгэл гонсгор л байгаа шүү дээ.
-Хувь хүний улс төрийн амьдралд ховор тохиолдох сорилт байсан. Харин таны цухалзуулаад байгаа санааг би хуваалцахгүй байна гэдгээ хэлье. Намын амьдралын дотоод ардчилал бол шийдвэр гарах хүртэл янз бүрээр ярьдаг, харин нэгдсэн шийдэлд хүрсэн бол нэг амтай болдог нь зарчим. Нэгдсэн шийдвэр гарсан. Янз бүрийн хүчин зүйлээс болж манай намын нэр дэвшигч ялагдсан.
Одоо бид учир шалтгааныг олж урагшаа явах ёстой. Алдаагаа дахин давтаж болохгүй. Таны намын бага хурлаа улс төрийн бодлоготон, стратегич нараар сэлбэ гэдэгтэй санал нэг байна. Энэ бол нам ирээдүйн зорилгоо хэрхэн зөв томъёолон гаргаж ирж чадах вэ гэдгээс ихээхэн хамааралтай.
Тухайн зорилтын дагуу бодлого тодорхойлох болон бодлого барих чадвартай хүмүүсээ намын Бага хуралдаа сонгох нь одоогийн намын Их хуралд оролцох гишүүдийн амин чухал үүрэг. Үүнийгээ л санан санан сонголтоо хийгээсэй гэж нийт намын Их хурлын төлөөлөгчдөдөө уриалмаар байна.
-Би энэ барилгын зургийн даалгавар өгөхөөс эхлээд улаан туузыг нь хайчлах хүртэл бүх ажиллагаанд оролцсон. Богино хугацаанд барьсан. Сайхан ч барилга болсон. Улсын төсвийн ч хөрөнгө орсон. Намын хамт олны дэмжлэг туслалцаа ч орсон.
Энэ бол манай намын төдийгүй хотын өнгө үзэмжийг нэмсэн барилга. Гарт баригдах бодит ажил юм гэдэгтэй хүмүүс маргахгүй болов уу. Одоо харин энэ сайхан байрнаас шинэ бодлого, зөв зорилтууд ихээр төрөн гарч байгаасай даа.
-Улсын төсвөөс тодорхой хөрөнгө гарсан нь үнэн. Гэхдээ шүүхийн шийдвэрээр хохирогчийн хувьд авсан мөнгө. Манай нам хохирсон нь үнэн биз дээ. Шууд дур зоргоороо төсвөөс авчихсан ч мөнгө биш. Гэхдээ манай энэ барилга дан ганц тэр хөрөнгөөр ч босчихоогүй юм шүү. Энэ мөнгө хөрөнгөний чинь цаана МАН-ын байрыг босгоё, сэргээе гэсэн Монголын түмэн олны сэтгэлийн дэм дэмжлэг хөрөнгө мөнгөнөөс дутахааргүй үүрэг нөлөөтэй байсныг бас дурдах хэрэгтэй.
Ард түмний дэмжлэг байгаагүй бол энэ намын төлөө зүгээр ингээд хөрөнгө гаргаад барьсан гэж ойлговол өрөөсгөл болно. Ард түмний итгэл, дэмжлэг байсан болохоор хүмүүс сайн дураараа, сэтгэл өөдрөг намын барилгыг сүндэрлэхэд хандив өргөж байсан гэж би ойлгодог.
Нөгөө талаас энэ бол МАН ард түмний зүгээс өгсөн үнэлэмж гэж бодож байгаа. Ямар ч юм хийгээгүй, үүрэг рольгүй нам байсан бол ард түмэн ингэж дэмжих байсан гэж үү? Одоо харин манай нам Монголын ард түмний төлөө хийх бодлого, үйл ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэх цаг болоод байна.
-Хоржоонтой асуулт асуух юм аа, Ганаа. ( инээв) Шинэ байранд ороод л. Сөхөж яривал бас эвгүй болдог л юм. Өнөө цагийн улс төрийн увайгүй явдлын бас нэг жишээ. Аль мууг тэр гэх вэ дээ. Цаашаа явцгаах нь л чухал.
Үндэсний Шуудан