Сүү үйлдвэрлэгч, мэргэжлийн холбоод хамтран ажиллах санал гардууллаа

2018/02/08 10:27 641

Сүүний үйлдвэрлэлийг дэмжих, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар монгол хүний хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор УИХ-ын дарга М.Энхболд нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалга гаргаж, тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа тэд энэ үеэр илэрхийлэв.

Улсын хэмжээнд саасан сүүнийхээ дөнгөж 10 хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэдэг, сүү бэлтгэн нийлүүлэлт улирлын хамааралтай, фермийн хөгжил сул дорой, малын тэжээлийн үйлдвэрлэл хөгжөөгүй, малын үржил, бүртгэлээ сайжруулах нөхцөл бололцоо хангалтгүй байгааг үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзалтын үеэр ярилаа.

Тэд “Хамтран ажиллах тухай” саналдаа:

  1. Сэрүүний улиралд үйлдвэрлэж буй шингэн сүүний дотоодын үйлдвэрт нийлүүлсэн литр тутамд мөнгөн урамшуулал олгох;
  2. Саалийн үнээний эрчимжсэн фермийн аж ахуйд нийлүүлсэн тэжээлийн орлого, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх;
  3. Эрчимжсэн фермийн аж ахуй эрхлэгч эзэмшиж буй газартаа тэжээлийн таримал тариалахыг дэмжих зэрэг саналыг тусгажээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Сүүний үйлдвэрлэлийг дэмжих зайлшгүй шаардлага байна гэж би үзэж байгаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мах, сүүний аян өрнүүлэх, үйлдвэрлэл, эрчимжсэн аж ахуйг дэмжих зорилтууд багтсан. Үүнийгээ бид хэрэгжүүлэх ёстой. Нэг хүнд ногдох малын тоо толгойгоороо дэлхийд дээгүүрт ордог, малаасаа арвин их сүү авдаг хэрнээ иргэд нь кальци зэрэг аминдэмийн дутагдалтай, багачууд нь бараг бүгдээрээ шүдний цооролттой байж болохгүй. Стратегийн бүтээгдэхүүнд мах, сүү, гурил ордог. Мах, гурилын хэрэгцээг хангах талаар төрөөс зохих дэмжлэг үзүүлдэг, тодорхой арга хэмжээ авдаг. Харин сүүний талаар бид арай дутуу анхаарч байгаа юм байна гэсэн бодлын үүднээс би Уриалга гаргасан юм. Та бүхэнтэй цаашид хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэв.