Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжлээ

2018/02/08 08:30 628

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.02.07) хуралдаан 14 цаг 41 минутад 52.9 хувийн ирцтэй эхэллээ.

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан юм.

    Энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат “Манай намын бүлгийн гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзаж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцож, зарчмын байр сууриа илэрхийлсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгийн гишүүдээс зарчмын зөрүүтэй олон саналын томьёолол гаргаж байгаа, нухацтай харж шийдэх зайлшгүй асуудлууд ч байна. Иймээс цаг хугацаанд шахагдахгүйгээр асуудалд ул суурьтай хандаж, олон талаас нь ярилцаж зөв шийдэлтэй, сайн хууль гаргах шаардлагатай байна” гээд Ажлын хэсгийн дараагийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хийж, зарчмын зөрүүтэй саналуудаа ярилцаж нэгдсэн ойлголт, нэгдмэл байр суурьт хүрэх хэрэгтэй байна гэсэн үндэслэлээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан юм.

 

   Гишүүний горимын саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс нийслэлийн удирдлагууд, иргэдийн Хурлын Төлөөлөгчид, холбогдох бусад байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан уулзалт, ярилцлагыг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Мөн намын бүлгүүд, гишүүдээс саналыг нь авч судалж нэгтгэн төсөлд тусгахад анхаарч ажиллалаа. Тухайлбал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс төсөлтэй холбогдсон 8 санал ирүүлснийг төсөлд тусгаад байгаа. Түүнчлэн нийслэлээс сонгогдсон гишүүдийн саналыг авч тусгах ажлыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хариуцан ажиллаж байна. Ажлын хэсэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарчмын гол асуудлууд дээр үндсэндээ тохиролцсон. Гэхдээ хуулийн төсөлд нухацтай хандах шаардлага байгаа. Иймээс чуулганы завсарлагааны хугацаанд хуулийн төсөл дээр үргэлжлүүлэн ажиллаж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дахин сайн ярилцаад хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганы эхэнд хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж буйгаа хэллээ.

  Иймээс гишүүдээс гаргасан саналын дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулахаар тогтов. Харин уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нарыг Байнгын хорооны Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмж оруулахаар болж, энэ талаарх тогтоолын төслийг баталлаа.

    Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцсэн юм.

 

    Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тогтоолын төслийн талаар хийсэн танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд оруулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдаас урьдчилсан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 3, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Байнгын хороодоос 57, Засгийн газраас 44, нийтдээ 104 хууль тогтоомжийн санал ирүүлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа тухайлсан нэг санал ирүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нараас санал ирээгүй.

   Тогтоолын төслийг боловсруулахдаа хэлэлцэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан хууль тогтоомжуудыг эхэлж хэлэлцэхээр оруулах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байхаар тогтоох зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрөхөөр төсөлд тусгасан гэдгийг хэллээ.

    Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд:

      1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

     2/”Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,

      3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,

      4/”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

      5/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

      6/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

      7/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

       8/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

       9/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

      10/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

      11/Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

       12/Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

       13/Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

       14/Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

     15/”Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

       16/Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,

       17/Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

       18/Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

       19/Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

       20/Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,

       21/Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,

       22/Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл,

       23/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

       24/Бусад.    

   Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Н.Цэрэнбат, Ж.Банзандан нарын асуултад Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар хариулт өгөв.  Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Г.Занданшатар нар тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

    Дараа нь тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан зарчмын зөрүүтэй саналын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тогтоолын төслөөс хасах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.

   Ингээд Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжт чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.