УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Валдемар Хэртийг хүлээн авч уулзаж, талууд германы уул уурхайн технологийн мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцож, герман технологийг Монголд нутагшуулах талаар санал солилцов. 2018.01.29
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээний нэмэгдэл болон Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмснийг болиулж хуучин хэвээр нь үлдээхийг хүссэн 6700 гаруй иргэдийнхээ өргөдөлд нааштай хариу өглөө. 2018.01.30
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2018-2021 онд хэрэгжүүлэх "Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн талаар санал солилцов. 2018.01.30
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хууль батлагдсаны дараа хууль тогтоомжийн уялдаа холбоо сайжирч, хуулийн хийдэл, зөрчил арилах хийгээд иргэд, хууль хэрэгжүүлэгч болон түүнийг хэрэглэгчдэд нэг мөр ойлгомжтой болох эерэг нөлөөтэй. 2018.01.30
УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. 2018.01.30
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд Налайх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажиллаж, тус дүүрэгт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд болон нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэх хүрээнд тулгамдаж байгаа асуудалтай танилцав. 2018.01.30
УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Суныг хүлээн авч уулзан, 2020 онд Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиохтой холбогдуулан Байнгын хорооны хамардаг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв. 2018.01.30
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2018.01.30
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.Хуулийн төсөлд тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилж өгөхөөр тусгасан байна. 2018.01.30
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаж, нийслэлийн утааг бууруулахаар БНХАУ-ын туршлагаас хуваалцах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. 2018.01.30
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараа нь "Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээж ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. 2018.01.30
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Н.Амарзаяа гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 2018.01.31
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2018.01.31
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэлийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хүүхдийн эрх, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах харга хэмжээнүүд болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т чиглэл өгсөн Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолыг батлахыг дэмжлээ. Дараа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил хянан шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг томиллоо. 2018.01.31
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Тусгаар тогтнолын талбайд сүү, цагаан идээний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж буй Архангай аймгийн малчид дээр очиж, үзэсгэлэн, худалдааг үзэж сонирхохын зэрэгцээ малчидтай ярилцаж, санал бодлоо солилцлоо. 2018.01.31
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар спортын салбарын төлөөллийг хүлээн авч уулзан, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, Байнгын хорооны зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран салбарын бодлого, шийдвэрийн талаарх оролцогчдын санал, бодлыг сонсов. 2018.01.31
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Жавхлан өөрийн хүсэлтээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдөж, УИХ-ын гишүүн А.Ундрааг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны гишүүнээр сонгохыг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 2018.01.31
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Монголбанк Байнгын хорооны тогтоолын төсөл дээр дахин санал өгөхөөр болсон тул тогтоолын төслийг батлахыг хойшлууллаа. 2018.01.31
Ардчилсан Намаас 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 010 тоот албан бичгээр татвар, агаарын бохирдлыг бууруулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн 3 асуудлыг хөндсөн шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод ирүүлсэн билээ. Уг шаардлагын хариуг УИХ-аас 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр тус намд хүргүүлсэн байна. 2018.02.01
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтритай уулзаж, талууд геологи, уул уурхайн салбарт хэрэгжүүлэх хэд хэдэн үйл ажиллагаанд хамтран ажиллах талаар санал солилцов. 2018.02.01
УИХ-ын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхлэв. 2018.02.01
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн А.Ундраа нар Швейцарийн Хамтын ажиллагааны газрын захирал Габриела Спирлиг хүлээн авч уулзлаа. Талууд Улсын Их Хурал, Швейцарийн Хамтын ажиллагааны газар хооронды хамтын ажиллагааны хүрээнд гурван сэдвийн дор санал солилцов. 2018.02.01
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж, төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тогтоол батлагдав. Дараа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Хуралдааны төгсгөлд "Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол УлсынЗасгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав. 2018.02.01
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. 2018.02.02
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Уг хуулийн төсөл батлагдсанаар цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээ нэг шатлалтай, 10 хувь болж байгаа юм. Дараа нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн тул Улсын Их Хурлын гишүүн С.Жавхланг дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн А.Ундрааг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар боллоо. 2018.02.02
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганболд нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв. 2012 онд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж, уг өөрчлөлтөөр сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдгээртэй үр дүнгийн гэрээ байгуулахаар болсон. 2018.02.02
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хэлэлцээрийн үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, автотээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд оршиж байгаа аж. 2018.02.02
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай", "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Засгийн газраас энэ сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив. 2018.02.02
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар эхлээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, батлахыг дэмжив. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай таван жилийг нэмэгдүүлж, долоо болгосон нь даатгуулагчийн эрх ашиг, тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг ахлахаар боллоо. 2018.02.02
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзаж, салбарын хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 2018.02.02
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар” мэдээлэл сонсч, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав. Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. 2018.02.02