М.Энхболд Хүнсний аюулгүй байдал бол Монгол хүний аюулгүй байдлын гол асуудал

2018/01/12 07:59 2940
УИХ-ын дарга М.Энхболд цагаан идээний бүтээгдэхүүний судалгаа, инноваци, дэвшилтэт техник, технологи, нэр төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг бууруулах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх төрийн бодлогод үйлдвэрлэгчдийн санал бодлыг тусгах зорилгоор сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа. Бидний эхний зогсоол улсын ууган үйлдвэрийн нэг болох “Өгөөж-Чихэр-Боов” компани байв.

Ариутгалын шат дамжлагаар дамжин үйлдвэрийн бүст ороход түүхий эд бэлтгэхээс эхлээд савлах хүртэлх төрөл бүрийн автомат тоног төхөөрөмж ажиллаж байлаа. 80 гаруй жилийн түүхтэй уг компанийн үйл ажиллагааг Ерөнхий захирал С.Түмэнгэрэл танилцуулсан юм. Герман, Япон, Швейцарь, Итал, Голланд Улсад үйлдвэрлэсэн шугам, жигнэгч пийшин, зуурагч, машинууд дээр бидний өдөр тутмын хэрэглээ болсон нарийн боов, талх, жигнэмэг, чихэр зэрэг 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна.

Зууханд жигнэхээс бусад үйлдвэрлэл, жигнэлт, савлалт хүртэл автоматжуулсан дамжлагаар дамжин эцсийн бүтээгдэхүүн болж байлаа. Саяхнаас зохистой хооллолтын шаардлага хангасан зарим бүтээгдэхүүнээ 150-300 граммаар савлан худалдаалах болжээ. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байх үеэр тус үйлдвэрт 32 дахь жилдээ ажиллаж байгаа Технологийн ажилтан Т.Жамъянмядаг УИХ-ын даргад өөрийн саналаа хэлсэн юм. Тэрбээр “Нийгмийн даатгалын шимтгэл сая нэмэгдлээ. Энэ нэмэгдэл бидэнд маш хүнд тусч байна. Өнгөрсөн сард би 200 мянган төгрөгийн татварыг Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн. Харин одоо 10 мянган төгрөг нэмж төлөхөөр боллоо. 10 мянган төгрөг хүний амьдралд ямар хэрэгтэй билээ. Энэ хуулийг эргэж харвал ямар вэ. Бид нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа ч үүнийхээ үр шимийг хүртэж чаддаггүй” гэв. УИХ-ын дарга хариуд нь “Нийгмийн даатгалын шимтгэл энэ оноос нэг хувиар нэмэгдэж байгаа. Нийгмийн даатгалын сангийн цаашдын үйл ажиллагаатай холбогдуулж хэрэгжүүлж байгаа ажил юм. Гурван жил үргэлжилнэ. Энэ жил нэг хувь, ирэх жил 0.5 хувь, дараагийн жил нэг хувиар нэмнэ. Санхүү эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрийг таслахгүй байх үүднээс ингэж шийдсэн” хэмээн тайлбарлалаа. 

ХАЯГДАЛ УЛААНБУУДАЙГ АШИГЛАН МАЛЫН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ БОЛОМЖТОЙ

Бидний дараагийн очсон газар “Үлэмж органик” компани байв. Компани 2010 онд байгуулагдсан шинэхэн компани хэдий ч хэрэглэгчдэд эрүүл, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ аль хэдийн танигдсан ажээ. Түүнчлэн өөрийн фермийн аж ахуйг эрхэлдэг байна. Фермийн аж ахуйгаасаа өдөрт хоёр тонн орчим сүү нийлүүлэх хүчин чадалтай ч сүүлийн жилүүдэд болсон гангийн улмаас хүчин чадалтай хүрэхгүй байгаа аж. Фермээс нийлүүлсэн үнээний цэвэр сүүгээр тараг, ааруул, ээдэм, хайлмаг, зөөхий, шар тос зэрэг консервант, амт үнэр сайжруулагч химийн бодис агуулаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Эдгээр бүтээгдэхүүнээ хуванцар саванд савлахаас татгалзаж, цаасан болон шилэн саванд савладаг нь бусад бүтээгдэхүүнээс онцлог гэдгийг Компанийн гүйцэтгэх захирал Р.Цогтбуян хэлж байлаа. Тэрбээр хөдөө аж, ахуйг хөгжүүлэх талаарх өөрийн саналыг мөн УИХ-ын дарга М.Энхболдод хэлэв. Түүний хувьд фермийн аж ахуйгаа хөгжүүлэхэд өвс тэжээлийн асуудал тулгамдаж байгааг дурдаад, хаягдал улаанбуудайг ашиглан шингэц сайтай тэжээл бэлтгэх боломж байгаа гэдгийг хэлж байсан юм. Энэ талаар судалж байгаа гэнэ. Тэрбээр “Манайд цөөн хэмжээний тэжээлийн үйлдвэр байгаа. Тэдний үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Мөн НӨАТ-аас чөлөөлснөөр малчид бид хямд тэжээл худалдан авах боломж нээгдэнэ. Төрөөс өмнө нь олон дэмжлэг үзүүлдэг байсан. Мөн Хүнсний тухай хуульд сүүний урамшууллыг олгоно гэж заасан. Үүнийг хэрэгжүүлбэл, эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломж байна” хэмээв. Цаашдаа хүүхэд багачуудыг цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахын тулд “Үдийн цай” хөтөлбөртэй хамтрах бодлоготой байгаа гэдгийг ч онцолж байсан юм. Харин “Үйлдвэрийн хувьд технологио бүрэн шийдэж чадаагүй учир ихэнхийг гар ажиллагаагаар үйлдвэрлэж байна. Энэ л тулгамдсан асуудлын нэг болж байна” хэмээв. 

ЦӨЦГИЙН ТОСНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ 70 ГАРУЙ ХУВИЙГ ИМПОРТООР АВЧ БАЙНА

Хамгийн сүүлд танилцсан газар бол улсын ууган үйлдвэрийн нэг “Сүү” компани байв. Хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Гурван салбар үйлдвэртэй бөгөөд эдгээртээ таван аймгийн 2500 гаруй малчдын гар дээрээс сүүгээ авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг аж. Бидний очих үеэр “Цэвэр сүү” нэрийн бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байсан юм. Учир нь малчдаас авчрах түүхий сүү хараахан ирээгүй байсан юм. Компанийн үйл ажиллагааны талаар гүйцэтгэх захирал Б.Гантулга танилцуулав. Тэрбээр импортын сүү, сүүн бүтээгдэхүүнийг дотооддоо орлуулах шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Тэрбээр “Манай үйлдвэр Улаанбаатар хотоос 340 гаруй км-т байрлах Хэнтийн Батширээт суманд цөцгийн тосны үйлдвэр байгуулж, зуны гурван сарын туршид үйлдвэрлэл явуулдаг. Гуравдугаар сар хүртэлх нийлүүлэлтээ хангадаг. Мөн манай үйлдвэрт хуурай сүүний үйлдвэр байдаг. Зуны улиралд хамгийн сайн чанартай 120 тонн сүүг хатаахад дэлхийн чанарын шаардлагад арай гэж хүрдэг. Сүүг хатааж болно. Гэхдээ дахин сэргээхэд сүү болох ёстой. Энэ бүхнээс харахад дотооддоо сүү хатаах боломж хомс байна. Гэтэл манай улс цөцгийн тосны хэрэглээний 70 гаруй хувийг импортоор оруулж ирж байгаа. Үүнийг багасгахын тулд социализмийн үед сүү нэгтгэлийн бааз байсан Хэнтий, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Дорнод аймагт цөцгийн тос, аарцны үйлдвэрийг байгуулах боломжтой” гэв. Харин тулгамдаж байгаа асуудал нь импортоор орж ирдэг хуурай сүүгээр хийсэн бүтээгдэхүүн гэнэ. Монгол Улсын сүүний хэрэглээний 50 гаруй хувийг хуурай сүү эзэлдэг ажээ. Б.Гантулга энэ талаар “Бид 2500 гаруй малчдыг орлоготой болгож, хамтарч ажилладаг. Гэтэл бусад компаниуд хуурай сүү оруулж ирж ашигласнаар бидний хөдөлмөр, үйл ажиллагааг үгүй хийж байна. Үнэхээр цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртээ анхаарлаа хандуулъя гэж байгаа бол импортын хуурай сүүний квотыг, хөдөө аж ахуйгаас ирж байгаа сүүний хэмжээтэй уялдуулж, хувьчилж олговол зүгээр байна” гэв. Манай улсын 60 сая гаруй толгой малын дөрвөн сая нь үхэр сүрэг байгаа аж. Харин үүнийг малчдад татаас өгөх замаар мах, сүүний чиглэлийн сүргийн бүтцийг сайжруулах хэрэгтэй гэдгийг хэлж байв. 

БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН 78 ОРЧИМ ХУВЬ НЬ ШҮДНИЙ ЦООРОЛТТОЙ БАЙНА

УИХ-ын дарга М.Энхболд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзсаны дараа “Хүнсний бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлтэй танилцах хэд хэдэн шалтгаан байсан. УИХ-аар Хүнсний тухай хууль болон Баяжуулсан хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэгдэж, хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Бид үүнийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хууль эрх зүйн орчныг нь сайжруулна гэсэн зорилготой байгаа. Эдгээрийг УИХ-ын гишүүд санаачилсан. Засгийн газар мөн өөрийн асуудлуудаа тавих байх. Мөн хүнсний бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн санаа бодлыг тусгах ёстой. Тиймээс ч Хүнс хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нарын хамт “Өгөөж-Чихэр-Боов”, “Үлэмж органик”, “Сүү” компанийн үйлдвэрүүдээр явж, санал бодлыг нь сонсож байна. Хүнсний аюулгүй байдал бол монгол хүний аюулгүй байдлын гол асуудал. Тиймээс ч хүнсний аюулгүй байдлыг бий болгож, иргэдийн эрүүл мэндийн асуудлыг хөндөх нь чухал. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтдийн өгч байгаа мэдээллээр бага насны хүүхдийн шүдний цооролт, өвчлөлт 78 орчим хувьтай байна гэж байна. 2012 хийсэн судалгаагаар 12 настай хүүхдийн 94 хувийнх нь шүд цоорсон байна. Энэ бол хүнсний бүтээгдэхүүн ялангуяа, чихэр, хийжүүлсэн ундаанаас шалтгаалж байна гэж эрдэмтэд үзэж байгаа. Үүнд бид төрийн бодлого хэрэгжүүлэх ёстой. Дээр нь хүүхдийн илүүдэл жингийн тухай асуудал яригдаж байгаа. Илүүдэл жинг бууруулахын тулд мөн хүнсний асуудлыг хөндөх шаардлагатай. Жишээ нь, 2012-2017 оны Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 21.3 сая ам.долларын 10.6 мянган тонн чихэр, чихрэн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирсэн байна. Эдгээр импортоор орж ирсэн бүтээгдэхүүн нь яг ямар бүтээгдэхүүн байна. Үүнийг бид дотооддоо хийж, орлуулж чадахаар байна уу гэхээр бид чадах хэмжээнд ирсэн байгаа. Энэ нь улс орны эдийн засаг, үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх, иргэдийг аюулгүй хүнсээр хангахад хамгийн чухал асуудал. Тиймээс дээрх хуулиудыг хэлэлцэхдээ иргэдийн эрүүл мэндийн талаас нь илүү анхаарах ёстой. Түүнчлэн удахгүй болох уламжлалт Цагаан сарын баяраар монголчууд бид идээ будаагаа, сүү цагаан идээгээ өргөн хэрэглэдэг. Бид асуудлыг тулсан хойно нь ярих бус болохоос нь өмнө ярих хэрэгтэй. Иймээс Улаанбаатар хотын иргэдийн энэ жилийн цагаан сарын баярын хэрэгцээ, бүтээгдэхүүнийг яаж хангах тал дээр та бүхэн юу төлөвлөж байна. Үүнд Засгийн газар, УИХ-ын зүгээс анхаарах зүйл байна уу, гэдгийг сонсъё гэж газар дээр нь явж байгаа юм. Иргэдийн аюулгүй байдал, язгуур эрх ашгийн гол асуудал бол хүнсний аюулгүй байдал. Тэр дундаа залуучууд, хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал анхаарал татаж байгаа. Тиймээс залуучууд хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цогц бодлогын хүрээнд уламжлалт цагаан идээгээ хэрэглэх хэрэглээгээ нэмэгдүүлье, цаашдаа тогтмол хэрэглэдэг болъё гэдэг уриалгыг УИХ-ын даргын хувьд гаргаж байна. Үүнд төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага, төр засгийн байгууллага ямар арга хэмжээ авч яаж ажиллах ёстой вэ. Засгийн газар үүн дээр юу хийх вэ. Бид Мах сүүний аяныг хэрэгжүүлж, үүнийг бодитой ажил болгоно. Иргэдэд үр өгөөжтэй болгоно гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгаж амлаж гарч ирсэн. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийх боломж бололцоо байгаа. Жишээ нь 10 гаруй жилийн өмнө улаанбуудайн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, Монгол улс дотооддоо улаанбуудайгаа хангадаг болсон. 130 мянган тонн гаруй улаанбуудайг авдаг байсан бол богинохон хугацаанд 400 мянга тонн гаруй болгож чадсан. Өнгөрсөн жил экспортолсон. Одоо хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр анхааръя” гэлээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин