УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Элчин сайдыг зөвшилцөх тухай асуудлыг хаалттай хэлэлцсэн. Энэ асуудлаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох тухай саналыг хэлэлцэн Элчин сайдаар томилох УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнийг зарим хэвлэлүүд Элчин сайдаар томилсон мэтээр ташаа мэдээлж байна. Энэ асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд тайлбар өглөө.
УИХ арваннэгдүгээр сарын 8-ны өдөр энэ асуудлыг хүлээж авснаас хойш таван долоо хоногийн дараа үүнийг хэлэлцсэн. Гишүүдээс гаргасан саналын дагуу энэ таван долоо хоногийн хугацаанд Нийтийн сонсгол явуулах тухай асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллав. Байнгын хорооны ажлын хэсэг “Нийтийн сонсгол явуулах хууль эрх зүйн боломжгүй” гэж хэлсэн.
Энэ асуудлыг чуулганаар хэлэлцэж байх үед Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүдийн Б.Хурцтай холбоотой асуудлаар Төрийн ордны В танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн.
УИХ-ын хоёр гишүүний хийсэн нээлттэй хэлэлцүүлэгтэй зэрэгцэж УИХ-ын чуулган хуралдсан зүйл байхгүй. Чуулган хуваарийнхаа дагуу Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудаа хэлэлцээд явсан. Бодитой байдлаар нь мэдээлэл өгөхгүй бол УИХ-ын нэгдсэн чуулган зориуд гишүүдийн хийж байгаа ажилтай давхцуулсан мэтээр тайлбарлах нь тохиромжгүй гэж бодож байна.
Чуулганы хуралдаан эхлэхэд нэр бүхий хоёр гишүүн байнгын хороон дээр ярьсан бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудал байгаа тул хаалттай хуралдах горимын санал гаргасан. Ингээд санал хураагаад гишүүдийн 69 хувийн саналаар чуулган хаалттай горимоор үргэлжилсэн.
Угаасаа энэ асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчид өргөн барихдаа энэ ямар асуудал вэ гэдгийг нухацтай авч үзэх ёстой. Өөрсдөө өргөн барьсан, үүнийг хэлэлцсэн УИХ буруутан болж байгаа юм шиг байдлаар Засгийн газрын зарим гишүүн ярьж байгааг би буруу гэж үзэж байгаа. Засгийн газар өргөн барьсан бол татаж авч болно.
Татаж авахыг хэн ч үгүйсгээгүй. Таван долоо хоногийн турш Засгийн газар ямар нэгэн асуудал хөндөж тавиагүй. Их хурал зөвшилцсөний дараа Засгийн газрын хоёр гишүүн олон түмэнд УИХ дангаараа мэдээд шийдчихсэн юм шиг ярьж байгаа. Засгийн газар шийдсэн асуудал дээрээ нэг байр суурьтай байх, кабинетын зарчмыг барьж байх талд Ерөнхий сайд цаашид анхаарч үзэх нь зүйтэй болов уу. УИХ бол Элчин сайдыг томилохыг зөвшилцсөн асуудлыг хэлэлцсэн. Түүнээс биш УИХ томилоогүй. Томилох нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал. УИХ нууж хаагаад буруу зөрүү зүйл хэлэлцсэн юм шиг олон түмэнд буруу ойлголт өгөхийг би зөв гэж үзэхгүй байна. Цаашид анхаарах нь зүйтэй болов уу гэв.