УИХ-ын дарга М.Энхболд "Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо" үндэсний чуулганд илгээлт хүргүүллээ

2017/12/12 12:11 3783

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганд оролцогчдод илгээлт хүргүүллээ. Илтгээлтийг УИХ-ын даргын зөвлөх Ж.Мөнжаргал уншиж сонордуулсан байна. Илгээлтийг бүрэн эхээр нь хүргэе. 

Үндэсний чуулганд оролцож байгаа хүндэт зочид төлөөлөгчид, улс орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн залуус Та бүхний амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Дэлхий нийт “Тогтвортой хөгжил” гэсэн том зорилгын дор нэгдэж байна. Манай улс ч энэ санаачилгатай нэгдэж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийг 2016 онд УИХ-аас батлан хэрэгжүүлж байна.

Энэхүү баримт бичгийн суурь зарчимд тулгуурлан

Хуультай болсноор залуучуудын боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчныг дэмжих бодлого, чиглэл тодорхой болсон. УИХ, Засгийн газар, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагаас залуучуудын өмнө хүлээх үүргийг ч тодорхойлон зааж өгсөн.

Залуучуудын хөгжлийг дэмжих сантай байх зохицуулалтыг хуульд тусгаж, өөрсдийнх нь эрх ашигт нөлөөлөх шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, хамтран хэрэгжүүлэх, хяналт тавих, мөн хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох оролцоог дэмжихээр тусгасан билээ.

Шинжлэх ухаан, өндөр технологи, инноваци, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлж дэмжих, залуучуудын хөгжлийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох, залуучуудын бодлого, үйл ажиллагааг статистик мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурлан, үндэсний болон орон нутгийн түвшинд авч үзэх боломж бүрдлээ.

Малчин залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, гадаад улсад өндөр технологи, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо ажиллахыг дэмжих хөтөлбөр, залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөл бүхий залуу гэр бүлийг орон сууцжуулах зэрэг хөтөлбөрийг салбарын яамд хамтран хэрэгжүүлэх болно.

Энэхүү хуулийн хэрэгжилт Монгол залуучуудын хөгжлийн төвшнөөр хэмжигдэх учиртай. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал амаргүй байгаа ч залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны зардлыг 2018 оны улсын төсөвт тусгасан. Энэ бодлого аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн төсөвт ч тусгалаа олно.

Залуусгүй өчигдөр, өнөөдөр, маргааш гэж үгүй. Шарласан, шастирласан түүхэнд үе үеийн залуусын үлдээсэн мөр бүхэн гэгээн хүсэл, гэрэлт тэмүүллээр онцгойрон ялгарч байдаг билээ. Монгол залуу хүн бүр өөдрөг хүсэл, өсөн дэвжих мөрөөдөлтэй байх ёстой гэж би боддог. Мөрөөдлөө биелэл болгохын төлөө тэмцэж чаддаг зүтгэлтэй байх учиртай. 

Бидний өвөг дээдэс эрх чөлөө, тусгаар тогтнолыг халуун амь, бүлээн цусаараа хамгаалж ирсэн бол, залуучууд та бүхэн өнөө цагт эх орноо эрдэм боловсрол, эх оронч үзэл, эрхэм ёс суртахуунаар тэтгэн бэхжүүлэх цаг иржээ.

Тиймээс монгол залуу хүн бүр төр, засгийнхаа бодлогод түшиглэн боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, өөрийнхөө, өрх гэрийнхээ, улс орныхоо, ирээдүй хойчийнхоо төлөө гэсэн сэтгэлийн чин зоригийг эрхэмлэж, нийгмийн сайн сайхныг бүтээн бий болгох үйл хэрэгт манлайлагч байж чадна гэдэгт би итгэлтэй байна.

Та бүхэндээ их амжилт, идрийн золбоо, ирээдүйг дархлах эрч хүчийг хүсэн ерөөе.

“Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

  

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Улаанбаатар хот              

  2017.12.12