МАН-ын дарга М.Энхболдын илтгэлээс онцлох 15 эшлэл

2017/11/20 15:10 5507
  1. Шинэчлэл бол нэг удаа хийгээд өнгөрдөг урсгал засварын төдий ажил биш, байнга үргэлжилж байх тасралтгүй үйл явц юм.

 

  1. Талцал бол эвдрэл мөн. Эвдрэл бол мөхөл юм. Тиймээс улс төрийн хүчний хувьд гамшиг гэж хэлж болох энэ үзэгдлээс сэргийлэх, илрэл бүхнийг газар авахуулалгүй нам дотроо илэн далангүй ярилцаж зөвшилцөх, журмын нөхдийн хувиар ойлголцон эвлэрэх нь улстөрчийн ёс суртахууны эрхэм чанар гэж үзэж байна.

 

  1. Шинээр байгуулагдсан Засгийн газраараа оролдох, үйл ажиллагааг нь үл дэмжих, буруутган сөргөлдөх байдал байж болохгүй гэдгийг сануулан хэлье. Ингэж хэлснээрээ буруу үйлдэл, алдаатай шийдвэр гарвал хаацайлах, ая тал засах аливаа үйлдлийг өөгшүүлж буй хэрэг биш ээ.

 

  1. Намын дэмжлэгээр томилогдсон удирдах албан тушаалтнуудын дунд хүнд сурталтан, ард түмнээсээ тасарсан, авлига авдаг түшмэдүүд болж хувирсан хүмүүс цөөнгүй, тэдний мэдлэг, чадвар, удирдах арга барил, туршлага иргэддээ гологдож, итгэлийг нь алдах байдал байсаар байна.

 

  1. Ялж л байвал ямар ч муу арга хэрэглэж болно гэсэн увайгүй хандлагаас монголчууд ядаж саахалтын зайтай явах ёстой гэж би боддог. Бид цөөхүүлээ. Талцал хуваагдал монгол үндэстнийг мөхөл рүү чиглүүлж, бусдын идэш болоход хүргэнэ гэж үздэг. Эвийг эрхэмлэх, нөхрийг хайрлах, гүтгэлэг доромжлолын өөдөөс хүлцэл тэвчээрээр хариу барих миний амьдралын зарчим үүнээс эхтэй юм аа.

 

  1. Намын хамт олон, дэмжигчдийн зүтгэл сэтгэлээр бий болсон амжилт, ялалтанд бялуурч, шударга зарчимч дүр бүтээж тодрохыг санаархах, улстөрчийн ёс зүй, төлөвшлийг эрхэмлэхээсээ илүү өөрөөсөө бусдыг буруутан болгох сэтгэлгээгээр дүрэмдэх, хүндлэл, хүн чанарын наад захын хэм хэмжээг зөрчих зэргээр намынхаа эв нэгдэлд сэв суулгах явдал нэг биш удаа гарч буйд хэн хүнгүй харамсаж байгаа.

 

  1. Монгол Ардын Нам буруудсаныг засаж, уруудсаныг өөд татна гэж Монголын ард түмэн итгэж, хүлээсээр байгааг мартаж хэрхэвч болохгүй. Өнөөдөр бид мартвал өөр нэг өдөр хатуу сануулга ирэх нь дамжиггүй.

 

  1. Тоглоом хүртэл дүрэмтэй байдаг. Дүрэм мэдэхгүй жолооч хотын хөдөлгөөнд оролцож чаддаггүйтэй адил дүрэмгүй улстөрч намын үнэт зүйл, сахилга бат, эв нэгдлийг эвддэг. Намын дүрмийг хөсөрдүүлж байгаа хүмүүст итгэл хүлээлгэхгүй байх буюу ДҮРЭМГҮЙ БАЙДЛЫГ ЗОГСООХ ДҮРЭМ мөрдөж эхэлье.

 

  1. Санамсаргүй буюу тохиолдлын чанартай томилгооноос бүрэн татгалзаж, зөвхөн журмын шалгуурыг бүрэн хангасан хүмүүсийг ил тод, шударга шалгаруулалтаар өрсөлдүүлэн томилдог болъё.Ингэж чадвал УИХ, Засгийн  газрын гишүүд төрийн байгууллагын албан тушаалтны томилгоонд хутгалдан оролцдог, “шахаа” хийдэг бэрхшээл, хүндрэл арилна.

 

  1. Дөрвөн жилийн турш зүтгэж байж бид босгодог, тэд ирээд нураадаг, дахиад бид эхнээс нь эхлэхээс өөр аргагүй болдог чөтгөрийн тойргоос гарахын тулд дор хаяж 2 бүрэн эрхийн хугацаанд ажилладаг болох хэрэгтэй байна. Тиймээс 2020 онд бид ялах ёстой.  
  1. Засаглалын бүх түвшинд хариуцлага, сахилгыг чангатгаж, шударга ёсны зарчмыг чанд сахих, авлигаас ангид байх нь нам урт хугацаанд тогтвортой оршин тогтнохын үндэс мөн.

 

  1. Бид нураах дургүй. Харин босгох дуртай. Бидний бүтээн босгож чаддаг хүч чадлын эх сурвалж нь эв нэгдэл, эрхэмлэх үнэт зүйлдээ оршдог. Намын сахилга, төрийн хариуцлагыг тойрч, түшээд гишүүд нь суудлаа ч, гүйдлээ ч олох төлөвшил бүрэлддэг гэдгийг онцолж хэлэхийг хүсэж байна.

 

  1. Буруутныг олж тогтоогоод, бусад нь цэвэр үлдэхийг хүсэх хэрэггүй. Харин буруугийн шалтгааныг олж чадвал бултаараа, бүгдээрээ буруу замаас гарч чадна.

 

  1. Намын даргын алба бол эрх мэдэл, эзэн суудал гэхээс илүү асар их хариуцлага, амарч тайвшрахын аргагүй зүтгэл чармайлт, мөр дарж сэтгэл чилээсэн хүнд ачаа байдаг юм аа. Энэ удаад би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн нам, гишүүдийнхээ даалгаврыг биелүүлж чадаагүйнхээ төлөө өөртөө хариуцлага ногдуулж байна.

 

  1. “Эрдмийг хичээж, ёсыг сахиж, эв эеэр нөхрийг засан, түвшин төвөөр алсыг зоригч хүмүүнд мянган оны баясгалангийн үүд түмэн удаа нээгдмүй” хэмээх эртний судрын эшлэл үгийг журмын нөхөд та бүхэндээ зориуд сонордуулъя.