Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2017/11/01 07:03 1314

лсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.31) нэгдсэн хуралдаан 11 цаг 08 минутад 64.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын нэр бүхий 12 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл –ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн. Байнгын хорооноос хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зарчмын зөрүүтэй 80 гаруй саналын томьёолол бэлтгээд байгаа юм.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар үргэлжлүүлэн санал хураалт явууллаа. Төслийн “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл” гэсэн 42 дугаар зүйлийн зарим заалтыг өөрчлөн найруулахаар тогтов. Тухайлбал, төслийн 42 дугаар зүйлийн 42.1.13 дахь заалтыг “хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой албан бус байр суурь илэрхийлэх, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх”-ийг төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хориглох санал дэмжигдлээ.

Мөн төслийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж, төслийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийг “Тор орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол заримх бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Түүнчлэн төслийн 55 дугаар зүйлийг “55.1.Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, “55.2.Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавина. Нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.

Байнгын хорооны санал дэмжигдсэнээр төрийн албан хаагч нь “ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгох”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах”-аар болж байгаа юм. Мөн төслийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн бол төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж өөрчлөн найруулахаар боллоо.

Мөн энэ хуулиар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд төрийн албан хаагчийг сургах, давтан сургах, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, шинжилгээ хийх, энэ талаар бодлого боловсруулагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн үүрэг бүхий Засгийн газрын харьяаны төрийн албаны сургалтын байгууллага ажиллах юм байна. Харин Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй байх бөгөөд тэдгээрт Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлнэ. Улсын Их Хурал зөвлөлийн гишүүдийг зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд нэг удаа улиран томилогдох эрхтэй байхаар зохицуулахаар болов.

Түүнчлэн төслийн 56 дугаар зүйлд “улирлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох” гэсэн агуулгатай 56.1.4 дэх заалт нэмэх, төслийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 89.2.2-т заасан нэмэгдэл хөлс, мөн хуулийн 89.2.4-т заасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, мөн хуулийн 92.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн уг хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо.

 

Дараа нь Байнгын хорооноос дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал төслийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг “төрийн тэргүүлэх үйлчилгээний алба” гэж өөрчлөн найруулж багш, эмч нарыг энэ ангилалд хамааруулах, харин төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “төрийн бусад үйлчилгээний алба” гэсэн агуулгатай 9.1.5 дахь заалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй таван санал гаргасан үндэслэлээ тайлбарлаж үг хэллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд энэ хуульд ийм саналын томьёолол орвол түүхий болоход хүрнэ, харин салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хүрээнд энэ саналаа гаргаж хуульд тусгуулахад анхаарах нь зүйтэй гээд том хуулийнхаа ерөнхий агуулга, үзэл баримтлалыг эвдэхгүйн үүднээс саналаа татаж авахыг Н.Учрал гишүүнд санал болгосон юм. Мөн Улсын Их Хурлын Ц.Мөнх-Оргил ч ийм саналтай байгаагаа хэллээ. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал саналаа татаж авч буйгаа хэлээд энэ асуудлыг ажлын хэсэг дээр анхаарч сайн ярилцаад дахин оруулж ирвэл сайн байна, цаашдаа Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлд энэ асуудлыг тусгуулахын төлөө ажиллах болно гэдгээ хэллээ.

Эцэст нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүд болон “Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан ч Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа учраас ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасан тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.