Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.10.26/ нэгдсэн хуралдаан 10.30 цагт 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд эмгэнэл илэрхийлж үг хэлсэн. Тэрбээр, “Энэ сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авиралт хийж явсан 17 уулчин амь насаа алдсан харамсалтай явдал тохиолоо.
Осолдож амь эрсэдсэн уулчдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, танил дотно бүх хүнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ. Мөн эрхэм гишүүд суудлаасаа босож тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн юм.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай байлаа.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Эдийн засгийн өсөлт эхний хагас жилийн байдлаар 5.3 хувьд хүрэн сэргэж байна хэмээн Сангийн сайд хэллээ. Тэрбээр, нүүрсний экспорт эрчимтэй нэмэгдэж, голлох ашигт малтмалын үнэ харьцангуй өндөр түвшинд хүрсэн нь уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарт өсөлт бий болж, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт нэмэгдсэн зэрэг нь 2017 онд төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давж биелэхэд нөлөөлсөн байна.
ОУВС болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны үнэлгээг 2017 оны долдугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын хоёрны өдрийн хооронд ажлын хэсгийн түвшинд хийж зорилтот үзүүлэлтүүдийг шинэчлэн тохирсон. Хөтөлбөрийн хүрээнд тохирсны дагуу төсвийн давсан орлогын тодорхой хэсгийг дараахь үндэслэл, шаардлагын дагуу зарцуулах шаардлагатай байна гэлээ. Тухайлбал, хүүхдийн мөнгө хөтөлбөрийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд нэмж шаардагдах зардлыг төсөвт тусгах, өсөн нэмэгдэж байгаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний эрэлт, хэрэгцээнд нийцүүлж шаардагдах зардлыг тооцож төсөвт тусгах, 2018 он болон түүний дараагийн жилүүдэд төсөвт дарамт үзүүлэхгүй, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий нэг удаагийн шинжтэй зардлыг тусган хэрэгжүүлэх зэрэг зайлшгүй шаардлага үүссэн хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг Төсвийн байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэллээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр макро эдийн засгийг тогтворжуулан эдийн засгийн өсөлтийг хангаж, инфляцийг нам түвшинд барих замаар монгол төгрөгийг үнэгүйдлийг багасгах, мөн арилжааны банкуудад бага хүүтэй зээл өгч, буцаад өндөр хүүтэйгээр Засгийн газрын бонд гаргаснаас болж төсвийн алдагдал гардаг явдлыг зогсоох хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ.
Сангийн сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, Ц.Даваасүрэн, М.Билэгт, З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд, 2018-2019 оны төсвийн төсөөлөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тусгаж өгсөн үү, төсвийн орлогыг нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хэрхэн тусгасан, төсвийн алдагдлыг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх санхүүжилтийг тусгасан эсэхийг лавлаж байлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, 2018-2019 оны төсвийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Эдийн засагт байгаа нөөц боломжийг бүрэн ашиглах талаар ярилцсан. Төсөв дэх цалингийн сан 1.8 их наяд, тэтгэврийн сан 1.4 их наяд төгрөг байгаа. Гэтэл тэтгэврийн сантай тэнцэх хэмжээний мөнгийг авсан зээлийн хүүд төлж байгаа. Юуны түрүүнд өндөр хүүтэй зээлийн хүү төлж буй хамгийн үр ашиггүй зардлын асуудалд анхаарал хандуулж, Засгийн газрын хөрөнгийг зөв менежментээр зарцуулахаар төлөвлөж байгаа гэлээ.
Тэрбээр, 2017 онд төсвийн алдагдал 2.7 их наяд төгрөг байгаа гээд 2018 онд төсвийн алдагдлыг 300 тэрбумаар бууруулахаар тусгасан хэмээн онцолсон. Түүнчлэн 2018 оны төсөвт бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгох, гурван ээлжээр хичээллэж буй бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох санхүүжилтийг тусгасан гэж Сангийн сайд хэлсэн. Энэ арга хэмжээнд 380 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн хэмээн тайлбарлалаа.
Гишүүд ийнхүү асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.8 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Дараа нь Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын зарим гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдсонтой холбогдуулан зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж буй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэн. Ингээд уг тогтоолоор УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар, Цэдэнбалын Цогзолмаа нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан, Жадамбын Бат-Эрдэнэ нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Өлзийсайханы Энхтүвшинг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Батжаргалын Батзоригийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан, Долгорсүрэнгийн Сумъяабазар нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Цэрэнпилийн Даваасүрэн нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргил, Нямтайширын Номтойбаяр, Дуламсүрэнгийн Оюунхорол нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Дамдины Цогтбаатар нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Хавдисламын Баделханыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Янгугийн Содбаатар нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн юм. Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг УИХ-ын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлт болон УИХ-ын гишүүд, аж ахуйн нэгж байгууллагуудаас албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг судлан үзэж, зарчмын зөрүүтэй санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.
Тус ажлын хэсгээс гаргасан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгох 72.6 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцаас хасч, 2017 оны төсвийн орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотойгоор урсгал зардлыг 55.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт өөрчлөлт оруулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.
Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын төсөлд шинээр нэмэгдсэн 16.4 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 11 төсөл, арга хэмжээг хөрөнгө оруулалтын жагсаалтаас, аудитын дүгнэлт гараагүй 32.6 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй дөрвөн төсөл, арга хэмжээний жагсаалтаас тус тус хасаж, Үндэсний аудитын газрын дүгнэлтийн дагуу хоёр төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 1.2 сая төгрөгөөр бууруулах саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжжээ.
Ингээд Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжигдээгүй санал тус бүрээр санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.