Хүний эрхийн үндэсний комиссын 2018 оны төсвийн төсөл, нэмэлт санхүүжилтийн талаарх саналаа танилцуулав

2017/10/25 12:55 1533

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.10.25) Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2018 оны төсвийн төсөл, нэмэлт санхүүжилтийн талаарх албан бичгийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж гардуулж өгөв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 22.2 дугаар зүйлд “Комиссын төсвийг түүний саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна” гэсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаагаас үүдэн комисс нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх санхүүжилт хангалтгүй, хүний нөөц хүрэлцээгүй нөхцөлд ажиллаж ирлээ.

Энэ байдлаас үүдэн комисс, түүний гишүүдийн бүрэн эрх, хуульд заасан чиг үүрэг, үйл ажиллагааны биелэлтийг Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу бүрэн хангах боломж хязгаарлагдмал байна гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга энэ үеэр УИХ-ын даргад уламжлав.

Дээрх нөхцөл байдалд үндэслэн Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор комисст хүлээлгэсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, комиссын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, орон нутагт хүрч ажиллах бололцоог хангах үүднээс 2018 оны комиссын төсвийн төслийг 1,144,626,321 төгрөг болгож нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тооцоолол хийсэн.

Иймээс дээр дурдсан үндэслэл, шалтгааныг харгалзан үзэж, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Их Хурлын даргаас хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.