Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Монгол Ардын нам Тусгаар тогтнолын ордноо 750 гаруй ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээг нээж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр улс эх орныхоо өнцөг булан бүрт суугаа нийт ахмадуудад Олон Улсын Ахмадын баярын мэнд хүргэхийн зэрэгцээ хүрэлцэн ирсэн ахмадууддаа гарын бэлэг гардууллаа.
Түүнчлэн УИХ, Засгийн Газраас ахмадуудын талаар хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээнүүдийг танилцуулсан юм. Ахмадуудад тулгардаг асуудал тэр дундаа эрүүл мэнд, халамж үйлчилгээ болон нийгмийн асуудлыг шийдэхээр Монгол Ардын Нам хэд хэдэн зүйл заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Эхнээсээ ахмадын ач санах хууль, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэх мэт доривтой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байгааг ахмадууддаа дуулгалаа.
Төр засаг ахмадын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийн сангаас нэг тэрбум орчим төгрөг зарцуулжээ. Цаашид ч гэсэн энэ чиглэлд анхаарал хандуулж зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг энэ үеэр хэллээ. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар УИХ-д 2018 оны төсвийн төслийг өргөн барьсан. Үүнд ирэх оноос тэтгэврийн зөрүүг бууруулах, бага тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж 140 гаруй тэрбум төгрөгийг тусгажээ. Энэ хэмжээг УИХ аль болох бууруулахгүйгээр нэмж батлана гэдгийг тэрбээр онцоллоо.
1990 онд НҮБ Ерөнхий Асемблийн шийврээр 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын ахмадын өдөр болгон зарлан тунхагласан. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 1992 онд Монгол Улсын Засгийн газар 10 дугаар сарын 1-ний өдрийг ахмадаа хүндэлж талархал илэрийлэн, сургааль үгийг нь сонсохын зэрэгцээ төр, засгаас нэг жилийн хугацаанд ахмадуудынхаа талаар хэрэгжүүлсэн ажлаа тайлагнадаг ажил хэрэгч баярын өдөр болгон тэмдэглэсээр 25 дахь жилтэйгээ золгож байна.