УИХ-ын дарга М.Энхболд Эрдэнэ сумын сургуулиудын “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд оролцлоо.

2017/09/01 16:12 1416

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Төв аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, “Эрдэнэ” мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн “Эрдмийн баяр” буюу хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

1924 онд Жанчивлангийн бага сургууль нэртэйгээр үүдээ нээж байсан, 93 жилийн түүхтэй ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд энэ хичээлийн жилд 500 гаруй сурагч суралцаж байгаагийн 50 гаруй нь “А” үсэг заалгахаар анх удаа сургуульд элсэж буй бяцхан сурагчид байв.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус сургуулийн нийт сурагчид, эрдэмтэн багш, ажилтан ажиллагсдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлээд, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Тэрбээр “Би зориуд сумын сургуулийн нээлтэд оролцохоор та нарыг зорьж ирлээ. Энд хуран цугласан багачуудын дундаас Эрдэнэ сум, Төв аймаг, эх орныхоо ирээдүйг гардан байгуулж, хөгжил дэвшлийн түүчээ нь болох олон шилдэг иргэн төрөн гарна гэдэгт би итгэлтэй байна. Хүүхэд багачууд та нар эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, цэвэр ёс суртахуунтай, бүтээлч санаачилгатай, зөв монгол хүн болохын төлөө өөртөө зорилго тавьж, хичээн шамдаарай. Энэ эрхэм зорилго сурагчид, багш нар, эцэг эхчүүд гээд бүх нийтийн хамтын хүчин зүтгэлээр биеллээ олно.

Монголын төр засаг та бүхнийхээ суралцах орчин, нөхцөлийг сайжруулах, мэдлэг эзэмших, хөгжин боловсрох, эрүүл саруул байх таатай боломжийг бүрдүүлэхийн төлөө байнга анхаарч, бодлого шийдвэрээ зөв оновчтой гаргахыг эрхэм үүргээ гэж үзсээр ирсэн, цаашид ч энэ чиглэлээр их зүйл хийх болно.

Түүнчлэн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бодлого шийдвэрээ үр дүнтэй хэрэгжүүлэх нь төрийн үүрэг гэж үзэж байна. 

Шинэ хичээлийн жилийн өмнө улсын хэмжээнд 14 цэцэрлэг, 21 сургууль шинээр үүд хаалгаа нээж байна. Эрдэнэ сумын сургууль ч гэсэн хэдхэн хоногийн дараа хичээлийн байрны шинэ өргөтгөлөө хүлээн авах гэж байгаад баяр хүргэе” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Багш нарын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэх, давтан сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар төр, засаг бодлого гарган хэрэгжүүлж байна. Багш нарын цалинг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх нь зөв юм” гэлээ.

Тэрбээр 1-р ангид орж буй бяцхан сурагчдын хичээлийн танхимаар зочилж, багш сурагчидтай яриа өрнүүлэв. 

Дараа нь “Эрдэнэ” МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн баярын нээлтэд оролцлоо. 1955 онд байгуулагдсан, нийт 12.000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасны дотроос Монгол Улсын хөдөлмөрийн баатар 20, гавьяат цолтон 8, Улсын аварга 300 гаруй төрөн гарсан бахархам түүхтэй сургууль бол “Эрдэнэ” МСҮТ ажээ. Тус сургууль 6 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг, 50 гаруй багш ажиллагсадтай, 335 хүүхэд суралцах хичээлийн болон 240 ортой дотуур байр, 8 дадлагын газар бүхий цогцолбор сургалтын байгууллага юм байна.

Энд хэлсэн үгэндээ УИХ-ын дарга М.Энхболд “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төр, засгаас тусгайлан дэмжих бодлого явуулж байна. УИХ энэ онд “Мэргэжлийн боловсролын тухай” хуульд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт нь мэргэжлийн боловсрол олгох үндэсний тогтолцоог оновчтой болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтнийг төрөлжүүлэн бэлтгэх, зөвхөн төр дангаараа мэргэжилтэй ажилтан бэлтгэх биш, хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, сургалт үйлдвэрлэлийг хослуулан явуулах, суралцагчдын сурах орчныг ая таатай болгох зэрэгт чиглэсэн юм” гэж тэмдэглэв.

Тэрбээр “Статистик мэдээллээс харахад МСҮТ-д суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь баярлууштай. Улсын хэмжээний 91 МСҮТ-ийг төгсөгчдийн 55-60 хувь нь шууд ажлын байртай болдог, 10 гаруй хувь нь их, дээд сургуульд элсдэг нь ч бас сайхан мэдээ. Энэ сургуулийн оюутан сурагч Та бүхэн сургуулийнхаа алдар гавьяаны түүхэн замналаар байнга бахархаж, хөдөлмөрийн суутнуудынхаа үйлсийг нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна”  гэлээ.

 

“Эрдэнэ” МСҮТ-ийн захирал Ш.Отгонхүү “УИХ-ын дарга Та биечлэн хөөцөлдөж, 2008 онд манай МСҮТ-ийг шинэ дотуур байртай болгож өгсөнд манай үе үеийн төгсөгчид, багш нар талархаж явдаг шүү” гээд суралцагчийнхаа урласан саран дэвсгэртэй хас тамгыг УИХ-ын дарга М.Энхболдод дурсгалаа.

Эрдэнэ сумын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, сумын Засаг дарга Н.Мөнхсайхан нар оролцлоо.

Төв аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 50 цэцэрлэгт 770 хүүхэд хүмүүжиж, 31 сургуульд 15.300 гаруй, 5 МСҮТ-д 1600 гаруй хүүхэд суралцаж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээ